Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Аврагдсан Тай хөвгүүд сахил хүртэж, сүмд ес хоног мөргөнө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Тайландын хойд нутгийн агуйгаас аврагдсан 11 хүү болон тэдний дасгалжуулагч багш Лхагва гарагаас эхлэн сүмд сууж, сахил хүртэн ес хоног мөргөл үйлдэхээр болжээ.

Тэд өөрсдийг нь аварсан хүмүүсийн төлөө, аврах гэж яваад амиа алдсан шумбагчийн төлөө залбирал үйлдэж, сахил хүртсэн бурхны шавийн ёсоор сүмд ес хоног амьдрах юм.

Буддын шашныг Тайландын иргэдийн 90 гаруй хувь шүтдэг. Харин хөвгүүдийн нэг 14 настай Адул Самон нь загалмайн шашинтай тул сахил хүртээх арга хэмжээнд оролцохгүй гэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн дундуур эмнэлгээс гарсан хөвгүүд одоо гэртээ амарч байгаа. Тэдний эцэг эхчүүд ийм арга хэмжээ зохион байгуулж, бусдад талархлаа илэрхийлж, гэмээ наминчлахаар болсон юм.

Өнөөдөр буюу Мягмар гарагт бэлтгэл хийж, хөвгүүдийн болон дасгалжуулагчийн үсийг нь хусах гэнэ. Ингээд маргаашнаас эхлэн ес хоногийн турш тэд сахил хүртсэн ламын амьдралаар амьдрах ажээ.

Тайландад нас биед хүрч яваа эрчүүдэд лам болох эсэхээс үл хамааран Буддын шашны сахил хүртээж, адисладаг уламжлал байдаг.

Зургаадугаар сарын 23-ны өдөр Чиан Рай мужийн Там Луан агуйд ороод үерийн усанд хашигдсан хөвгүүдийг долдугаар сарын 10-ны өдөр аварч дууссан юм. Аврах ажиллагаанд Тайландын тэнгисийн хүчнийхнээс гадна олон улсын мэргэжилтнүүд оролцжээ.

 

Эх сурвалж: Reuters