Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
https://www.facebook.com/MNCFederation/, архив зураг

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8,611 м/ ууланд амжилттай авиралт хийжээ.

Тэрбээр оргилд нь өнөөдөр 11:00 цагт гарсан байна.

 

Б.Гангаамаа нь К2 уулын оргилоос Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогдож хэлэхдээ "К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өнөөдөр 11:00 цагт амжилттай гарлаа. Энд маш хүчтэй салхи шуурч байна. Удаан байж болохгүй учраас яаралтай буух гэж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” гэв.

Энэ үеэр Нургу Шерпа утсаар "Монголын уулчин Гангаамаа К2 уулын оргилд дөнгөж сая амжилттай гарлаа. Та бүхэнд баяр хүргэе. Одоо Гангаамаа бид хоёр К2 оргил дээр зогсож байна” гэв.

К2 оргилд амжилттай гарсан Гангаамаад О.Батсайхан нь нийт Монголын уулчид, дэмжигчдийн өмнөөс халуун баяр хүргэж, болгоомжтой буулт хийж, удахгуй учран золгохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэв. Тэрбээр мөн Б.Гангаамаад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж буй Нургу Шерпад гүн талархал илэрхийлжээ.

Ийнхүү Б.Гангаамаа нь дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилт бүтээлээ гэж Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан, А.Батсүх нар мэдээлжээ.

Одоо  Б.Гангаамаа мастерийг уулнаас амжилттай бууж ирэхийг хүлээх үлджээ.

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын газар