Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС-ийг Алтан гадас одонгоор шагналаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашганы нэрэмжит Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн удирдлага, багш, албан хаагч, сурагчдын хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж тус сургуулийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн дээд шагнал Алтан гадас одонг гардуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ховд аймагт ажиллаж байгаа юм.

Тэрбээр өчигдөр Алтан гадас одонг гардуулахдаа тус сургуулийнханд баяр хүргэж "Ховд аймгийн Мөнххайрхан сумын ард иргэд ээ,

Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашганы нэрэмжит Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн удирдлага, багш, албан хаагч, сурагчид аа,

Эрдмийн уурхай, амьдрал үйлс, алдар хүндэтгэлийн өлгий болсон түүхт сургуулийнхаа 70 жилийн ойг тэмдэглэж байгаа Та бүхэнд ойн баярын мэнд хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ховд аймгийн Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийг “Алтан гадас” одонгоор шагнасныг, сургуулийн амжилт бүтээл, эрдэм оюуны илэрхийлэл болсон хүндэтгэлийн туганд зүүж өглөө.

Аливаа сургуулийн чанар нь сурагчдынхаа тоонд биш, төгсөгчдийнхөө алдар хүндэд байдаг. Тус сургуулийн төгсөгчдөөс Монгол Улсын гавьяат багш Г.Дашган, Гавьяат эмч О.Батсүх, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Хайсандаа, Гавьяат эдийн засагч А.Бааст, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Энэбиш, Гавьяат тээвэрчин Ж.Намсрай, Гавьяат жүжигчин Д.Болормаа, Монгол Улсын алдарт уяач, Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, Уулын спортын мастер Б.Эрхэмбаяр, Монгол Улсын аварга малчин М.Баттулга, Б.Амгаланбаяр, Ч.Оюун, Монгол Улсын урианхай сурын мэргэн Ц.Батзориг, Улсын аварга харваач Ч.Жаргалсайхан зэрэг олон арван алдартнууд төрөн гарсан байна.

Улс эх орон, аймаг бүс, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй тус сургуулийн бүх төгсөгчдөд сургуулийнхаа нүүр царай, алдар хүндийн илэрхийлэл болж явахыг хүсэн ерөөе. Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургууль нь төр засгаас боловсролын талаар явуулсан бодлого, үйл ажиллагааг орон нутагт чанар хүртээмжтэй хэрэгжүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр сүүлийн 12 жил дараалан “Шилдэг үнэлгээтэй сургууль”-аар шалгарчээ.

Ийнхүү тус сургуулийн үе үеийн удирдлага, багш, албан хаагч, сурагчдын хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одонгоор шагнаж байна.

Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийнхны эрдэм мэдлэг ямагт ундран, алдар гавьяа эгнэгт бадарч байхыг ерөөе. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай” хэмээн хэллээ.

 

Эх сурвалж: President.mn