Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам Их Британи улсын What3words буюу гурван үгт хаягжилтын системтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд Монгол Улсын аялал жуулчлалыг дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс шат дараалсан арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөжээ.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат “Монгол Улсын аялал жуулчлалын салбар эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, хувь хүмүүсийн тогтвортой орлогыг нэмэгдүүлэхийн тулд бид нийт нэг сая жуулчин Монгол Улсад татах зорилтыг тавин ажиллаж байна.
Энэхүү зорилтынхоо хүрээнд хамгийн түрүүнд олон улсын болон дотоодын жуулчид, мөн энэ салбарт гол тулгардаг хүндрэлтэй асуудал болох хаягжилтын асуудлыг what3words буюу гурван үгт хаягжилтын системийн ашиглан шийдвэрлэхээр хамтран ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарт тулгарч буй хаягжилтын асуудлаа сүүлийн үеийн шинэлэг технологи болох гурван үгт хаягжилтын системийг амжилттай хэрэгжүүлэн хамтран ажиллах дэлхийн хамгийн анхны улс болж байгааг мөн дуулгахад таатай байна” гэлээ.
40 жилийн хугацаанд нийт 145 сая аяллын хөтөч номыг дэлхийн зах зээлд гаргасан what3words компаниас Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлан таниулахаар Lonely Planet Mongolia номыг худалдаанд гаргажээ.
"Lonely Planet Mongolia номонд 900 гаруй аялал жуулчлалын байгууллага, үзвэр, үйлчилгээний газар гурван үгт хаягтайгаар багтаж, дэлхийн хэмжээнд худалдаанд гарсан байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хамтын ажиллагаа маань Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд томоохон тоглогч болоход тун их түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн What3words компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга хэлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!