Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Харааны бэрхшээлтэй иргэдийн ажилладаг Монголын анхны кофе шоп нээгдлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хамгийн анхны хараагүй иргэд ажилладаг кофе шоп нээгдсэн сонирхолтой мэдээллийг хүргэе.

Тодруулбал, БНСУ-ын "Шилоам" харааны бэрхшээлтэй иргэдийн халамжийн нийгэмлэг нь KOICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд (МХҮХ) харааны бэрхшээлтэй Бариста нарт мэргэжлээрээ тогтвортой ажиллах боломжоор хангах үүднээс Хөдөлмөр,Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)  дотор  "Cafe more" кофе шопыг байгуулсан нь энэ юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ тухай МХҮХ -ны УЗ-ийн гишүүн, МСҮТ-ийн захирал Б.Ганзориг "Харааны бэрхшээлтэй хүмүүс кофе бэлтгэдэг туршлага дэлхийд анх удаа БНСУ-д бий болсон. Энэ төслийг Солонгос Улсад хэрэгжүүлсэн байгууллагатай бид холбогдож энэ үйл ажиллагааг Монголд хэрэгжүүлэх хүсэлт гаргасан юм. Үүний дагуу тухайн байгууллага Солонгосын засгийн газрын дэмжлэгээр Монголд анхны харааны бэрхшээлтэй хүмүүс ажилладаг кофе шопыг яамны дэргэд нээж байна.

Хараагүй хүмүүст зориулсан ажлын байр маш бага.  Хараагүй хүмүүсийн ажилладаг гол салбар нь зөвхөн бариа засал. Одоо энэ бариста мэргэжлээр сургаад, энэ кофе шопыг нээж байгаа нь хараагүй хүмүүст шинэ ажлын байр болж байна" гэж нээлтийн үеэр хэлж байв.

Тус кофе шопт ажиллах иргэдийг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас эхлэн бэлтгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн ажилтан, нэг зохион байгуулагчтай ажиллах  боломжтой болжээ.

Энэхүү кофе шоп KOICA-гийн дэмжлэгт төслийн хүрээнд бүх санхүүжилт нь хийгдсэн, цаашдаа өөрсдийн олсон ашгаар үйл ажиллагаагаа явуулах талаар холбогдох хүмүүс мэдээлж байлаа. 

"Бид өнгөрсөн онд KOICA-гийн тусламжийг авч төслөө хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд одоогоор Монголд 16 хүнийг энэ чиглэлээр төгсгөөд байна.  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хийж чадахгүй гэсэн нийгмийн буруу ойлголтыг арилгахын тулд энэхүү кофег нээж байгаа юм. Цаашдаа ч бид харааны бэрхшээлтэй иргэдийг өөр шинэ салбарт ажиллах боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно" хэмээн  Шилаом харааны бэрхшээлтэй иргэдийн халамжийн төвийн хэлтсийн дарга Жан Инь Гён хэлэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад нийт 16,610 харааны бэршээлтэй иргэд байдаг ба тэднээс 8,000 орчим нь хөдөлмөрийн насны иргэд ба тэдгээр хүмүүсийн 4.5 хувь нь л ажил эрхэлж, 96 хувь нь ажилгүй байна.

МХҮХ-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл сэтгэгдэлээ хуваалцахдаа "Өнөөдөр энэ кофе шопын сургалтыг явуулахад төр засгийн орролцоо дэмжлэг маш их байсан. Бид өнөөдөр анхныхаа кофе шопыг яам дотор байгуулж байгаа бөгөөд зах зээлийн түрээс төлөхгүй. Энэ хүмүүсээ цалинжуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээс эхлээд тухайн өдрийн орлогын тодорхой хувийг өгөхөөр гэрээ байгуулсан.

Удахгүй бид дараа дараагийн кофе шопуудыг байгуулах болно. Төр засгийнхан болон нийгэмд үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллагууд маань зай талбай дээр манай кофе шопыг байгуулж харааны бэрхшээлтэй иргэдийн маань бэлтгэсэн амттай сайхан кофегоор үйлчлүүлэх боломжийг гаргах юм бол биднийг дэмжиж байгаа маш том үйл ажиллагаа болох болно гэдгийг хэлмээр байна" гэлээ.

Харин энэ талаар "Cafe More"-ийн ажилтан Ц.Машзаяа бидэнтэй талархсан сэтгэгдлээ хуваалцсан нь "Би 50 хувийн харааны бэрхшээлтэй. Өөрөөр хэлбэл нэг нүд маань огт юм хардаггүй. Анх энэ боломжийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн над руу ярьж хэлэхэд би маш баяртай хүлээж авсан. Одоо Бариста гэдэг мэргэжил эзэмшээд цаашдаа энэ мэргэжлээрээ ажиллах болсондоо маш их баяртай байна.  Над шиг хүн энэ мэргэжлээр суралцаад ажиллахад бүрэн боломжтой юм байна. Энэ боломжийг олгосон БНСУ-ын Шилоам, KOICA байгууллагууд болон МХҮХ-ны бүх удирдлагууддаа баярлалаа. Өөрийн гэсэн мэргэжилтэй болсондоо маш их баяртай байна" гэж байв.

"Cafe More" кофе шоп нь өнөөдөр нээлтээ хийж байгаа боловч сарын өмнөөс ажиллаж эхэлж ХНХЯамны ажилчдын хувьд аль хэдийнээ танил болжээ. Яамны ажилчид тэдний кофег амттай, бас эдгээр иргэдэд шинэ боломж нээгдэж байгаад их баяртай байгаагаа илэрхийлж байв.