Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 104-р зарлиг гаргаж, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “…Монголын залуу хойч үеийг сурган хүмүүжүүлэх, зөв иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг уншиж, сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан гадас одонг “Найрамдал” цогцолборын туганд хүндэтгэлтэйгээр зүүж өглөө. Мөн Төрийн тэргүүн олон улсын “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үеэрээ үг хэлсэн юм.

 

Тэрбээр "Хүүхэд, багачууд аа

Багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтнууд аа

Хүндэт төлөөлөгч, зочид оо.

Та бүхэнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойн халуун мэндийг хүргэе.

Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдснаасаа хойших дөчин жилийн туршид “Найрамдал” олон улсын хүүхдийн цогцолборт монгол хүүхдүүдийн жаргал баясалтай, цовоо цолгин дуу хадсаар ирсэн билээ. Энд монгол хүүхдүүд гадаадын анд нөхөдтэйгөө танилцаж, нөхөрлөн, нэгнээсээ суралцсаар өнөөдрийг хүрсэн юм.

Хүүхдүүд нь жаргалтай өсөж байж улсын хөгжил урагшилдаг. 1960-1980 оны хооронд Монголын төрөөс хүн амаа өсгөх, хүүхдүүдээ тэтгэх алсын хараатай бодлогууд явуулсны үр дүнд 1920-иод онд 600 мянга гэгдэж байсан монголын хүн ам 3 сая гаруй болж 5 дахин өсөх үндсийг тавьсан юм. Тэр цаг үед хүүхдийн гэх тодотголтой олон байгууламж бий болж, хөгжиж цэцэглэж байснаас үлдсэн цөөхөн байгууллагын нэг нь “Найрамдал” цогцолбор болоод байна.

Монгол Улс орлого багатай, боломж хомс байхдаа ч хүүхдүүдээ анхаарлын гадна орхиж байгаагүй юм. “Хүүхэд нэгдүгээрт” гэх бодлогыг бид ямар ч тохиолдолд, хэзээ ч орхиж, гээж болохгүй. Олон хүүхэдтэй гэр бүлд “хүүхдийн мөнгө” олгодог болсноор 1960-1980 онуудад төрөлтийн тэсрэлт явагдаж, монголын “baby boom” гэх нэр томъёо бий болсон. Монголын төр залгамж чанартай байх ёстой. Бид төр засгийнхаа өмнөх сайн туршлагуудыг үг дуугүй үргэлжлүүлэх учиртай. Тийм ч учраас миний зүгээс ямар нэг ялгаварлан гадуурхалгүйгээр хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачилсан юм. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Цөөн тоотой хүн амаа өсгөх уламжлалт бодлого, баялгийг тэгш хуваарилах арга хэрэгсэл гэдгийг би энд дахин хэлмээр байна. Бидний цөөхөн монголчууд хүүхдүүдээ, ирээдүйгээ хайрлах учиртай. Үүнийг ХХ зууны эхэнд сод найрагч Дашдоржийн Нацагдорж “Монголын үрс маш олон болтугай” хэмээн товч тодорхой илэрхийлсэн байдаг.

Бидний ирээдүй болсон хүүхдийн төлөөх Төрийн бодлого нь хүүхдийн мөнгөөр хязгаарлагдах ёсгүй. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн төлөөх шинэ бүтээн байгуулалт, шинэ мэдлэг, технологийг нэвтрүүлэхэд Төр хөрөнгө оруулах үүрэгтэй. Хүүхдийг дээдэлж, хүүхдэд бүхнээ зориулж ирсэн ард түмэн бид, уламжлалаа хадгалж, цаг үргэлж ахиулж байх ёстой юм. Тийм учраас хуучны “Хүүхдийн төлөө фонд” шиг Хүүхэд, залуучуудад зориулагдсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх тусгай сан байгуулах, уг сангийн хөрөнгийг төсвөөс болон гадаад, дотоодын хандив, бусад эх үүсвэрээс бүрдүүлэх боломжтой байхаар бодлого боловсруулах шаардлага тулгарч байгааг Засгийн газар, УИХ соргогоор мэдэрч бодлого гаргаасай, санаачилгатай ажиллаасай гэж хүсэж байна.

Монголчуудаас өнгөрсөн зуунд хүүхдийн төлөө хийсэн хамгийн том, хамгийн хүртээмжтэй бүтээн байгуулалтын нэг болох “Найрамдал” зуслангийн 40 жилийн ойн мэндийг ахин дэвшүүлээд, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улс орныхоо ирээдүй болсон та нар минь ихийг сурч, зөвийг дадуулж, эх орондоо ихийг бүтээх иргэн болж төлөвшөөрэй. Энэ үйлст зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ баярлалаа.

Хүүхдийн дуу цовоо цолгин, хүмүүжүүлэгч багш нарын сэтгэл тэнүүн байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголын хүүхэд багачууд цэнгэл баясал дүүрэн байх болтугай” гээд олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн хамт олон, амрагч хүүхдүүдэд амжилт хүсч, баяр хүргэлээ.

 
 

 

Эх сурвалж: President.mn