Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ сарын үлдсэн хоногуудад ихэнх нутгаар хур бороо элбэгтэй байна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар ЦУОШГ-ын Ерөнхий технологич инженер Ч.Сарантуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Долоодугаар сар гарсаар Монгол орны нийт нутгаар хур бороо нэлээд их хэмжээтэй орж байна. Богино хугацаанд их хэмжээний усархаг бороо орж байгаагаас үүдэн үер болох эрсдэл үүсч байна. 

Мөн голын усны түвшин огцом нэмэгдэж байгааг анхааруулж хэлмээр байна. Өнөөдрийн мэдээгээр харахад Хөвсгөлийн уулс, Хэнтийн нуруунаас эх авсан голуудын усны түвшин 10-65 см хүртэл нэмэгдээд байна. Ялангуяа Бэлтэс, Ховд, Буянт, Онон, Сөгнөгөр, Хэрлэн голын усны үерийн түвшин 40 см давж үерлэсэн байдалтай байгаа.

Долоодугаар сарын үлдсэн хоногуудад ч Монгол орны ихэнх нутгаар хур бороо элбэгтэй байна. 

Өнөөдрөөс 20-ныг дуустал нутгийн баруун болон хойд хэсгээр, 20-21нд шилжих шөнө төвийн бүсийн ихэнх нутгаар бороо зүсэрсэн байдалтай орно. Бусад нутгаар түр зуурын усархаг аадар бороо орох төлөвтэй байна. 

Цаашдаа 21-23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд зүүн аймгуудаар бороо орох бол 27-ноос эргээд баруун болон төвийн аймгуудаар бороотой.

Усархаг бороо ихтэй байгаа энэ өдрүүдэд түр зуурын хүчтэй салхи, мөндөр буух эрсдэл бас байгаа. Тэгэхээр иргэд маань цаг агаарын гамшигт үзэгдэл гэнэтийн байдлаар тохиолдож болзошгүйг анхаарч цаг агаарын мэдээг өдөр бүр, болж өгвөл өдөрт хэд хэдэн удаа авч байх хэрэгтэй байна. 

Цаг агаарын мэдээ өөрчлөгдөх магадлалтай, хоног хугацаа өнгөрөх тусам нарийвчлагдаж байдгийг анхаараарай. 

Цаг уурын байгууллагаас зургаан цагаас долоо хоногийн өмнөх мэдээг тогтмол урьдчилан тодорхойлж, вэб сайтаараа дамжуулан мэдээлдэг" хэмээн мэдээлэл өглөө.