Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Куба улс энэ онд багтаан мобайл интернэттэй болно

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын цорын ганц коммунист улс болох Куба энэ онд багтааж иргэддээ мобайл интернэт хэрэглүүлэхээр болжээ.

Тус улсын үндэсний харилцаа холбооны компани ETECSA 2018 оны сүүлээр орон даяар дата сүлжээгээ ажиллуулж эхлэхээр болсон байна.

11.5 сая хүн амтай Кубын иргэдийн 5 сая нь гар утас хэрэглэдэг ба эдгээр иргэдэд интернэт хүрдэг болно гэсэн үг юм.

Өнөөдрийн байдлаар тус улсын иргэдийн ердөө 5 хувь нь ямар нэг хаалт, хязгаарлалтгүй интернэт сүлжээ хэрэглэдэг гэнэ. Харин бусад иргэд нь “El Paquete Semanal” (Долоо хоног тутмын багц) гэдэг нэртэй хязгаарлагдмал агуулгатай дата сүлжээ хэрэглэдэг юм.

2013 оныг хүртэл Кубад интернэт хаалттай, хэдхэн зочид буудлуудад зөвхөн гадаадын иргэд хэрэглэх боломжтой байсан гэдэг. Уг үйлчилгээний үнэ нь цагийн $2 орчим байсныг албаны эх сурвалжууд мэдээлж байв.

Одоогийн байдлаар Кубад нийт 400 орчим Wi-Fi сүлжээтэй цэгүүд бий болоод байна. Үүрэн холбооны оператор нь 3G сүлжээтэй боловч гадаадын компаниуд, элчингүүдэд сард 4GB датаг $45 орчим үнээр өгдөг гэнэ. Гэтэл Кубын төрийн албан хаагчийн сарын цалин $30 орчим байдаг.

Тиймээс мобайл интернэт нь жирийн Куба хүн төлж дийлэх үнэ тарифтай байх эсэх нь эргэлзээтэй байна.

Одоогийн байдлаар Энэтхэгийн Jio оператор 4G сүлжээнийхээ нэг GB дата багцыг $0.44 үнээр өгдөг нь дэлхийн хамгийн хямд мобайл интернэтэд тооцогдож байгаа гэнэ.

 

Эх сурвалж: TheNextWeb