Газар тариалан сэргэж нэг үеэ бодвол бид хэрэгцээнийхээ улаан буудай, хүнсний ногоог тариалчихдаг болсон.
Энэ бол “Атрын III аян”-ы үр шим. Тариаланчдын хөдөлмөрийг үнэлж төр сайн дэмжсэний хүчинд сүүлийн хоёр жил гадаадаас улаан буудай аваагүй гэж холбогдох мэргэжилтнүүд нь ам бардам хэлж суусан. Хүнсний ногооны импорт ч буурсан үзүүлэлт гарчээ.
Манай улс жилийн хэрэгцээт буудайн 80, төмс 100, хүнсний ногооны 60 хувийг өөрсдөө хангадаг болоод байгаа. Сүүлийн хоёр жил гадаадаас улаан буудай царайчилсангүй. Харин ирэх онд дахиад л улаан буудайн эрэлд мордох хэрэг гарч мэдэхээр байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн хэллээ.
Уг нь өнгөрсөн хавар 2014 оны дотоодын хэрэгцээг хангачих хэмжээний буудай тариалсан ч хэлж ирдэггүй байгалийн гамшгийн улмаас бага биш тариагаа цасанд даруулж орхисон.
Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Дархан-Уул аймагт цас орж цочир хүйтэрснээс тариалангийн 170 257.5 га талбай цасанд дарагдсан. Нэгэнт цасанд даруулж налсан буудайг малын тэжээл болгохоос өөр аргагүй аж. Энэ мэт байгалийн хүчин зүйлээс шалтгаалж бид хэрэглэх буудайгаа малдаа өгөх болчихоод байна.
Гэтэл Тариалан эрхлэлтийг дэмжих сан нөөц буудайгүй болсон талаар холбогдох албаныхан хэлсэн юм. Уг нь стратегийн нөөц гэдэг утгаараа савныхаа ёроолыг гаргачгшүй нөөцтэй байлгах учиртай аж.
Гэвч нөөцөлсөн буудай бараг байхгүй гэсэн үг цухуйлгасан. Хаанаас хэрхэн буудай авч нөөцийн савандаа хийх талаар ярилцаж байгаа аж. Гурилын үнийг тогтвортой барихад улаан буудайн нөөц чухал үүрэгтэй.
Тиймээс ирэx онд дотоодын хэрэгцээний улаан буудайнаас 50 мянган тонн дутах тооцоо гарчээ. Дутсан 50 мянган тонн улаан буудайг гадаадаас авах нь тодорхой. Харин ямар үнээр гэдэг нь бүрхэг байна.
Гадаадаас импортоор буудай авах сургаар тариаланчид буудайн үнэ хэтэрхий бага байна гэж гомдоллох болсон гэнэ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан тариаланчдаас тонн улаан буудайг газар дээрээс нь 320 мянган төгрөгөөр авч тээврийн зардлыг нь гаргаж байгаа.
Бас ч гэж үнэ нь өнгөрсөн жилийнхээс өсчээ. Өнгөрсөн жил тус сан тонн улаан буудайг 280 мянган төгрөгөөр худалдаж авсан байна. Тэгэхээр энэ жил 40 мянган төгрөгөөр өсгөсөн гэсэн үг. Харин гурил үйлдвэрлэгчид тариаланчдад тонн улаан буудайг 350-400 мянгаар авах санал тавьсан юм байна.
Гэтэл энэ жил улаан буудайн тариалалт буурсан үзүүлэлт гарчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ жил 384.3 мянган тонн үр тариа, 193.7 мянган тонн төмс, 100.1 мянган тонн хүнсний ногоо хураасан байна.
Мөн 1055 мянган тонн хадлан авч, 31.5 мянган тонн гар тэжээл, 2949.6 мянган тонн дарш бэлтгэсэн гэж мэдллсэн. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хүнсний ногоо 2.3 мянган тонноор, дарш 1974.3 тонноор нэмэгдсэн байна. Харин үр тариа 86.6 мянган тонн буюу 18.3 хувиар, хадлан 85 мянган тонн буюу
7.5 хувь, гар тэжээл 2.3 мянган тонноор буурчээ. Төмсний тариалалт ч 51.9 мииган тонноор багасчээ. Үр тарианы тариалалт буурсан үзүүлэлт гаднаас импортын буудай авахад нөлөөлсөн байж болзошгуй юм.
Ер нь манайханд их зовлон бий. Хүнсний ногоо, улаан буудайгаа хэт их тарьчихаар хадгалах сав олддоггүй. Иймэрхүү бэрхшээлээс болоод тариаланчид тарих буудайнхаа хэмжээг бууруулсан байж ч мэдэх юм.
Тэдэнд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр арга байхгүй. Хэмжээгүй их сааль бэлтгэж савнаас нь сагуулж байснаас хэрэндээ тааруулах нь тариаланчдын зөв. Дотоодынхоо улаан буудайн хэрэгцээг хангаад зогсохгүй гадаад руу экспортлох тухай ярьж байсан.
Гэтэл эсрэгээрээ гаднаас бадар барихаас аргагүй болчихоод байна. Эдийн засаг тогтворгүй валютын ханш савлагаатай байгаа үед өндөр үнээр улаан буудай худалдаж авах асуудал тулгарчихлаа.
Уг нь гадаадаас буудай худалдаж авах мөнгөө тариаланчдадаа өгчихсөн бол аштай юу. Өөрсдөө чаддаг зүйлээ гаднаас авах гэж зүтгэх хэрэггүй л юмсан. Овоо сэргэж ирсэн газар тариалангийн салбар дахиад элгээрээ хэвтэх вий.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!