Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Долоодугаар сарын 14, 15-ны баярын амралтыг ажлын өдөрт шилжүүлэх эсэх нь тодорхойгүй байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бид Үндэсний их баяр наадмаар буюу долоодугаар сарын 11-15-ныг дуустал амрах эрхтэй.

Хуульд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ хэмээн хуулинд заасан байдаг. 

Энэ жилийн хувьд долоодугаар сарын 11-н Лхагва гарагт таарч байгаа учир бид баярын хүрээнд гурав хоног амраад үргэжлүүлэн амралтын өдөр таарч байна. Үүнтэй холбоотойгоор баярын амралтыг шилжүүлэх эсэх асуудал яригдаад эхэлжээ. 

Нийтээр амрах амралтын өдөр долоо хоногийн Бямба, Ням гарагт таарч байгаа бол дараагийн ажлын долоо хоногийн эхний ажлын өдөрт шилжүүлэн тооцож байя гэсэн хувилбар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж байсан ч амжиж батлагдаагүй юм.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны зүгээс "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдаагүй. Хуулийн төсөлд нийтээр амрах баярын өдөр  Бямба, Ням гарагт таарвал ажлын өдөрт шилжүүлэх тухай заалт орсон. Хууль батлагдаагүй учир Засгийн газар энэ асуудлаар шийдвэр гаргаж магадгүй" гэсэн юм.

Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай бөгөөд энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байна.

"Манай улсын хувьд дунджаар бүх нийтийн амралтын гурван өдөр л долоо хоногийн Бямба, Ням гарагтай давхацдаг гэсэн тооцоолол гарсан. Бусад улс орнуудад баярын амралт Бямба, Ням гарагт таарвал ажлын өдөрт шилжүүлдэг жишиг байдаг" хэмээн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байх үеэр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд С.Чинзориг хэлж байв.