Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойг хөдөлгөх тогтоолын төслийг "шуурхай" батлав

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөх тогтоолын төслийг гишүүдийн 83.1 хувийн саналаар баталлаа.

Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр ЭТТ компанийн 84 хувийг эзэмшигч Эрдэнэс Монгол компанийн 49 хувийг иргэдийн эзэмшилд шилжүүлэх зарчмын зөрүүтэй саналыг Ардчилсан намын бүлгээс гаргасан нь гишүүдийн дунд талцал маргаан үүсгэсэн юм. 

"УИХ-ын тогтоолын төсөл дотор чинь Эрдэнэс Монгол компанийг байхгүй болгох заалт ороод ирсэн байна"

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Эрдэнэс Монгол компанийн 49 хувийг иргэдийн эзэмшилд шилжүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргаж оруулж ирсэн ч УИХ дээр унасан учраас 34 хувийг нь иргэдэд эзэмшүүлэх асуудлыг судалж, оруулж ирээч ээ гэж санал гаргаж байна. Хэрвээ Эрдэнэс Монгол компанийн 34 хувийг иргэд эзэмшиж байвал хяналт тавих боломж бүрдэнэ" хэмээн хэлэв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй байна. Засгийн газрын санаачилж оруулж ирээгүй зүйлийг цөөнх улстөрийн зөвшилцөл нэрээр оруулж ирж байна. Гуя дагаж хүзүү гэдэг байсан бол сөрөг хүчин хүзүү дагуулж гуя оруулж ирж байна. Энэ саналыг нь дэмжвэл дараа нь ард түмний өмнө буруудна шүү гишүүдээ" гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл дотор чинь Эрдэнэс Монгол компанийг байхгүй болгох заалт ороод ирсэн байна. Тогтоолыг нь сайжруулъя гээд санал гаргахаар хадуураад явчих юм. 10 жилийн өмнө хачин сүртэй байгуулсан компани чинь өнөөдөр зам арчлалтын компани болчихоод байна. Гуя дагаж хүзүү гэж та нар намайг шоолоод байна. Харин та нар хүзүү дагуулж гуяа алга болгох гэж байна шүү" гэлээ. 

Ингээд зарчмын зөрүүтэй саналаар/Эрдэнэс Монгол компанийн 34 хувийг иргэдийн эзэмшилд шилжүүлэх тухай/ санал хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн 30.9 нь дэмжиж, санал дэмжигдсэнгүй.

 
Гэрэл зургийг mpa.mn

Зарчмын зөрүүтэй санал дэмжигдээгүйтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авах хүсэлт гаргалаа. Тэрбээр "Уул уурхайн баялгийг жинхэнэ эздэд өгөхөөр эрх баригчидтай зөвшилцөх гэсэн ч бүтсэнгүй. Энэ асуудалд манай намын бүлэг маш хүлээцтэй хандсан. Намын бүлгээс хоногийн завсарлага авъя" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хариуд нь УИХ-ын дарга М.Энхболд "Дэгийн тухай хуулийн дагуу энэ асуудлаар завсарлага авах боломжгүй. Мөн хаврын чуулган хуулийн дагуу долоодугаар сарын 1-нд завсарлах ёстой" гээд Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хурааж баталсан юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх үеэр гишүүдийн зүгээс "Тавантолгойг эрчимжүүлэх тал дээр дэмжсэн байр суурьтай байгаа хэдий ч Засгийн газар энэ асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ тооцоо судалгаа бага хийсэн байна" гэх шүүмжлэлийг илэрхийлж байлаа.