Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

"10 жуулчин авчраад хоёрт нь наадмын нээлт үзүүлж, наймыг нь цэнгэлдэхийн гадна үлдээх болж байна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын аялал жуулчлалын холбооноос Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны тасалбарын хуваарилалтын талаар мэдээлэл хийж байна. 

Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг үзэхээр 11,000 жуулчин ирж байхад 1,500 билет олгогдож байгаа аж.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/866487503536819/

Монгол орныг зорин ирж буй жуулчдын тоо сүүлийн 10 жилд 400,000 мянга гаруй гэсэн тоон үзүүлэлттэй үргэлжилсээр байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг үзэхээр энэ жил НАЖГ-ын эх сурвалжаар 107 компанийн шугамаар 11,000 гаруй жуулчин үзэх хүсэлтээ ирүүлжээ.

Жуулчдад олгогддог наадмын билет буюу Төв цэнгэлдэхэд 1,500 суудал /нэмэлтээр +1000 цагаан сандал/ оногддог байна. Энэ билетийн тоог үзэх жуулчдынхаа тоотой харьцуулбал ердөө 20 хувьд нь л олгогдож байгаа юм.

2017 оны байдлаар Монгол Улс 471,094 жуулчин хүлээн авсан статистик мэдээлэл бий. Үүний 0.5% буюу 1 ч хувь хүрэхгүй жуулчинд л наадмын нээлтийн билет олдож байна.

Энэ асуудал олон жил давтагдсаар байгаа талаар Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээлэл хийж байгаа юм.

Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр "Аялалын компаниуд гадны олон үзэсгэлэнд оролцож, хөрөнгө мөнгө зарж, сурталчилгаа хийгээд хэдэн жуулчин авчирдаг. Гэтэл 10 жуулчин авчраад хоёрт нь наадмын нээлт үзүүлээд найман жуулчингаа гадна үлдээх болдог. Цэнгэлдэх хүрээлэн 15,000 гаруй суудалтай гэдэг ч гадны жуулчдад 1,500-г нь хуваарилдаг. Маш олон дарга нар, албан тушаалтнууд наадмын нээлт үздэг. Тасалбарын хуваарилалт яаж явдаг талаар тодорхой мэдээлэл алга байна. 

Бидний зүгээс бидэнд нэмж тасалбар өгөөч ээ гэж хүсэлт тавьж байна. Гуйж байна. Наадамчин олон минь бас ойлгож, дэмжээч ээ гэж хүсмээр байна.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ асуудал яригдаж байгаа ч жил бүр асуудал гарсаар байна.

Тиймээс төр засгийнхан энэ асуудлыг шийдэхгүй байгаа учир ард түмнээсээ суудлаа өгөөч ээ гэж хүсч байна. Жуулчид мөнгө оруулж ирнэ. Ажлын байр нэмэгдэнэ. Та бүхний үр хүүхэд жолооч, хэлмэрч, хөтөч хийнэ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд биднийг дэмжээч ээ гэж хүсье" хэмээн ярилаа.

Аялал жуулчлалын компаниудын зүгээс "Аргаа барахдаа цагаан суудлыг бид өөрсдөө тохижуулъя гэсэн. Гэтэл наадам зохион байгуулах комиссоос 360 сая төгрөг өгчих гэлээ. Харин бидний туршлагаар бол 50 сая төгрөгт багтаан цагаан суудлуудыг тохижуулах бүрэн боломжтой. 

Энэ асуудлаар уулзая, ярилцъя гэхээр Наадмын комиссын зүгээс "Уулзахгүй ээ. Угаасаа суудлын тоог нэмэгдүүлэх боломжгүй. Монгол наадмыг монголын ард түмэн үзэх ёстой гээд байгаа". Ер нь бол Монголчууд наадмаа үзэж, баярлах нь зөв. Гэхдээ бид гадуур гүйж гүйж авчирсан хэдхэн жуулчдаа яах юм бэ. Наадмын комисс энэ асуудлыг хүлээж авахгүй байгаа тохиолдолд бид ард түмнээсээ тусламж хүсч байна. Ард түмэн минь аялал жуулчлалыг дэмжиж, улс орноо сурталчлахад туслаач ээ гэж хүсмээр байна" гэлээ.