Нэг тонн дугуй шатаахад агаарт 3700 кг CO2 буюу хүний генийг гэмтээж, хорт хавдар үүсгэдэг өндөр идэвхтэй хатуу талст бодис нүүрс хүчлийн хий дэгддэг байна.
“Зууны мэдээ” сониноос нэгэн бодууштай санаа дэвшүүлж олон нийтэд мэдээлэл түгээгээд буй. Энэ бол “Хуучин дугуйны импортыг хориглоё” сэдвийг хөндсөн хэрэг. Монголчууд хаан заяатай улс хэмээн сайрхан ярих дуртай. Гэвч бодит байдал дээр нийгмийн олонх нь өнөөдөр хаана үнэгүй юм тарааж байна, хаана хямд бараа зарж байна, тэр бүхэн рүү хошууран амьдарч байна.
Үүний тод жишээ нь Солонгос, Японд эдэлгээ нь дуусаад хэрэглэхийг хориглочихсон хуучин дугуй манай жолооч нарын үндсэн хэрэглээ болчихсон. Шинэ дугуйнаас илүү их хэмжээгээр импортоор орж ирдэг хуучин дугуй нь үнийн хувьд арай хямд байдаг нь үүний гол шалтгаан.
Гэвч мөнгөө хэмнэн авч байгаа хуучин дугуй нь эцсийн дүндээ харин ч илүү зардалтай гэдгийг тэр бүр ойлгодоггүй. Хамгийн гол нь байгаль орчинг бохирдуулж, бидний эрүүл мэндийг заналхийлж байгааг ухаарах хэрэгтэй байна.
Авто дугуйг полимерээр хийдэг аж. Энэ нь олон тооны атомуудаас тогтдог маш том хэмжээний молекулаас бүрддэг юм. Олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан, өндөр молекултай органик бодис болох дугуй нь газрын хөрсөнд задралгүй 100 гаруй жил болдог байна.
Түүнээс гадна газрын өнгөн хөрсний хамгийн шим тэжээл бүхий ургамлын үндэс, бичил амьд биетүүдийн амьсгалах, нарны гэрлийг хүлээн авах замд хортой нөлөө үзүүлж, тэр хэсэгтээ үхжилт үүсгэдэг гэнэ. Хуучин дугуй шатаасан газарт 10 жил юу ч ургадаггүй, хортон шавж амьдрах таатай орчин болдгийг ч эрдэмтэд тогтоосон байдаг.
Өвлийн улиралд айлууд түлээ, нүүрсээ бэлтгэхтэй зэрэгцэн жолооч нар дугуйгаа шинэчилдэг.
Нийслэлд байгаа 300 орчим мянган ма¬шины өвлийн дугуйг хангах ашигтай бизнесийн цаг нь ч энэ үетэй давхацдаг. Тэгв¬эл хэрэглээнээс мянга мянгаараа гарч байгаа хаягдал дугуйнууд эргээд бидний уушгинд орж, аюулт өвчний эх үүсвэр болж байгааг анзаарахгүй байгаа нь хамгийн харамсалтай. Нэг тонн дугуй шатаахад агаарт 3700 кг CO2 буюу хүний генийг гэмтээж, хорт хавдар үүсгэдэг өндөр идэвхтэй хатуу талст бодис нүүрс хүчлийн хий дэгддэг байна. Нийслэлд жилд хэдэн тонн дугуй шатаадаг, агаарын бохирдлын хэдэн хувийг дугуйны утаа хорт хий эзэлж байгаа зэрэг судалгааг ч хийж амжаагүй байгаа болохоор иргэд энэ талаар сайн ойлголтгүй байх нь ч аргагүй.
Манайд улсын авто машины тоо жилд 60-70 мянгаар нэмэгддэг гэсэн тоо бий. Үүнийг дагаад хаягдал дугуйны тоо ч нэмэгдэнэ. Улмаар хаягдал дугуйгаар гэрээ дулаацуулах айл өрхийн тоо ч нэмэгдсээр байгаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй дугуй засварын газрууд хаягдал дугуйгаар 50-500 төгрөгөөр зардаг.
Хоногийн хоолны мөнгөө арай ядан олж буй айл өрхөд автомашины дугуй өртөг багатай аятайхан түлш болох ч агаарт дэгдэж буй хорт хий нь Монголын ирээдүйд заналхийлж байгааг иргэн ч, төр нь ч ухаарах цаг хэдийнэ болжээ.
АНУ, Франц, Япон зэрэг улсууд атомын цахилгаан станцаас гарсан цөмийн хог хаягдлаа Монголд булшлах нь гэсэн мэдээлэл нийгэмд айдас төрүүлээд байгаа. Бүгд нэгэн дуугаар эсэргүүцлээ илэрхийлж чадахгүй байгаа ч битүүхэн зовнил тээсээр л яваа нь маргашгүй үнэн. Энэ мэт дэлхийн долоон тэрбум хүний хэрэглээнээс гарсан аюултай хог хаягдлын тоо хэмжээг дурьдахын аргагүй.
Тэдгээрийн нэг нь авто машины хаягдал дугуй. Авто машин үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудад хэрэглээнээс гарсан авто дугуйгаа хэрхэн устгах вэ гэдэг асуудал толгойны өвчин нь болоод байгаа.
Азийн бар орнууд болох Япон, Солонгос, БНХАУ-ын хувьд хэрэглээнээс гарсан хуучин дугуйгаа хөгжиж буй манайх шиг улсад хэр таарсан үнээр нь экспортлохыг зорьж байгаа. Учир нь нэг хаягдал дугуйг байгаль орчинд хор хөнөөлгүй устгахын тулд шинэ дугуйтай тэнцэх хэмжээний зардал гаргадаг байна.
Монголчууд идсэн хоолныхоо хаягдал, аар саархан зүйлээр нохойгоо тэжээдэг. Яг ийм байдлаар гадны хог хаягдлыг хор хөнөөлтэйг нь мэдэлгүй, мэдсэн ч ирээдүйгээ харалгүй худалдан авч хэрэглэсээр байх уу!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!