Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар гишүүдийн БАЙР СУУРЬ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тогтоолын төсөлтэй холбоотой Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. 

Тэрбээр “Байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийн 1 дэх заалтын 1, 4, 5 дахь дэд заалтуудыг өөрчлөн найруулах, бүтээн байгуулалтын ажилд улс ашиглах тухай дэд заалт нэмэх тухай зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн. 

Танилцуулгатай холбогдуулан гишүүд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьчлах хэсгийн үнэ цэнэд хүргэх, үүнээс олсон хөрөнгөөр бүтээн байгуулалт хийхийн зэрэгцээ улсын өрийг барагдуулах санхүүжилт болгох, IPO-гийн бэлтгэлийг 180 хоногт хангах бөгөөд үүнийгээ бэлэн болохоор УИХ-д танилцуулах, үнэлгээтэй холбоотой тодруулга, эрсдэл гарсан тохиолдолд хувьчлалын зардлын зарцуулалтыг эрэмбэлсэн эсэх, “Эрдэнэс MGL” компанийн нөхцөл байдлын талаар тодруулж, ажлын хэсгийн ахлагч болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, дэд ажлын хэсгээс хариулт авсан. 

Цөөн тооны хүн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшихээс сэргийлж, иргэдэд олгох 1,072 хувьцааны бүртгэлжүүлэлтийг эрчимжүүлэх, дээр нь “Эрдэнэс MGL” компанийн 49 доошгүй хувийг нийт иргэдэд эзэмшүүлэх хэлбэрээр өөрчлөн зохион байгуулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт өгөхтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хэлэлцэн, шийдвэрлэсэн" гэв.

ЭЗБХ-ны саналтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд "Тавантолгойг эрчимжүүлэх санал гаргаж байгаа нь зөв. Гэхдээ ҮХ-ийн дагуу байгалийн баялаг ард түмний өмч. Байгалийн баялагийг ард түмнээрээ өмчилж, асуудлыг шийдэхгүй бол хэзээ ч зөв гарч арга гарч ирэхгүй. Уг нь стратегийн хувьд хамгийн үр өгөөжтэй байж болох орд нь ТТ. 

Төр авлигач гэдгийг ард түмэн, олон улс тэр чигээрээ мэднэ. Тийм үнэлэмжтэй болчихсон. Өнөөдрийг хүртэл тэр олон Засгийн газар яагаад ТТ эрчимжүүлээгүй юм бэ. Хүний өмчийг хулгайлж хийж байгаа энэ тогтоолын төсөлд өөрийгөө хүндэлдэг ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй" гэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Бид ямар ч тооцоо судалгаагүй “Эрдэнэс MGL” компанийн хувьчлалыг ярьж байна. ТТ 30 хувийг хувьчлах гэж байгаа. Харин “Эрдэнэс MGL” ТТ 84 хувийг эзэмшдэг. Ингээд дагаад гарах олон асуудал гарч ирнэ. Үүн дээр маш их тооцоо судалгаа хийх хэрэгтэй. Засгийн газраас “Эрдэнэс MGL” компанийн хувьчилснаар орд бүр дээр ямар нөлөө гарахыг тооцож танилцуулах хэрэгтэй" гэв.

УУХҮ-ийн Сайд Д.Сумъяабазар "Стратегийн ордууд дээр нарийвчилсан тооцоо судалгаа хийж оруулж ирэх нь дараагийн алхам байх. Энэ асуудалд нам харгалзахгүй байр сууриа илэрхийлж, нухацтай хандах шаардлагатай" гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "ЭТТ компанийн толгой компани болох “Эрдэнэс MGL” компанийг анх байгуулсан зорилго нь ард иргэдэд баялагийн хүртээмжийг нэмэгдүүлэх байсан. “Эрдэнэс MGL” сайн ажиллаагүй учраас компаниуд чинь тус тусдаа менежментээ хийгээд явж байна. Үүн дээр ямар ч улс төр байхгүй. Монгол Улсын хөгжлийн төлөө л ажиллая.

Бид иргэддээ 49 хувийг, төрдөө 51 хувийг эзэмшүүлж төр нь манлайлаад иргэд нь дэмжээд явья гэж байгаа" хэмээн хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "IPO хийх үнэлгээтэй санал нийлэхгүй байна. 30 хувийг бирж дээр арилжаад 1-6 тэрбум ам.доллар босгоно гэдэг чинь байж боломгүй тооцоолол. Ямар аргаар тооцоолол хийсэн аргачлалаа өгчих гэхээр өгөхгүй юм. Тооцоо хийх, хэдэн хувь нь гадаадын, хэдэн хувь нь дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах талаар механик ажлын төлөв алга. Тэгэхээр Засгийн газарт IPO хийхэд бэлтгэх зөвшөөрлийг өгөөд, үнэхээр зөв бол УИХ-аар хэлэлцээд дэмжье.

Тогтоолын төсөлд арилжих зөвшөөрлийг өгөхөөр заасан байна. Бүх бэлтгэл ажлаа хангаад оруулаад ирвэл УИХ хэлэлцээд батлаад өгье л гэж байгаа юм" гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Бид ТТ төслийг удаан ярьж байгаа. Ярьж ярьж байгаад хамгийн муу хувилбараар хийчихдэг жишээ бий. Тэр нь Оюутолгой. Миний хувьд 30 хувиа хэтэрхий бага үнээр үнэлж байна гэж үзэж байгаа. Үнээ өсгөхийн тулд сурталчилгаа маш сайн хийх хэрэгтэй. 

Хувьцааг гадны хөрөнгийн бирж дээр арилжих нь зүйтэй. Манай хөрөнгийн бирж дээр луйвар л болно. Манай хөрөнгийн бирж одоохондоо иймэрхүү арилжаа хийх болоогүй гэж үзэж байна. Т.Аюурсайхан гишүүний зөв. Бэлтгэл ажлаа сайн хангаад эргэж Их хурлаар оруулах саналыг дэмжиж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн, тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Б.Баттөмөр "Х.Болорчулуун гишүүнтэй санал нэг байна. УИХ дээр танилцуулна гэдгээ давтан хэлье. Бид тооцоо судалгааг маш сайн хийнэ. Үнэхээр ашиггүй байх юм бол IPO хийх шаардлагагүй. Маш их олон ажил хийх шаардлагатай" гэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хамгийн гол нь аль бирж дээр ямар нөхцөлөөр гаргах вэ гэдэг нь чухал. ЭТТ компанийн хувьцааг эзэмшиж байгаа 2.5 сая иргэн бий. Гэхдээ энэ иргэд бодит утгаараа хувьцаагаа эзэмшиж чаддаггүй. Хувьцаагаа гадаадын зах зээлд гаргахаар хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчид 2.5 сая хувьцаа эзэмшигчид чинь яг бодит утгаараа хувьцаа эзэмшигч мөн үү л гэж асууна. 

Гадаадын зах зээл дээр гарах яах вэ. ЭТТ компани чинь компанийн засаглалын хувьд IPO хийх чадамжтай юм уу. Үнэхээр үнэ хүрэхгүй бол бирж дээр гаргах шаардлагагүй нь үнэн. Тиймээс одооноос төмөр замаа тавьж, угаах үйлдвэрээ барихгүй юм уу. Ийм бололцоо энэ компанид байна гэж харж байгаа" хэмээн ярилаа.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.