Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Үхлийн сүүдэрт "Нуугдсан" тоглох эрхгүй хүүхэд нас

М.Мөнхтунгалаг, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 27
Үндэсний шуудан
Зураг зураг

..”Өтөл насанд минь ирсэн бяцхан үрээ алдчихлаа. Үрийг минь битгий буруутгаарай. Түүнд минь ямар ч буруу байхгүй. Тоглоод гүйж явсан юм” хэмээн асгартлаа уйлж зогсох ээжийг хараад сэтгэл зүрх урагдав. “Дүүдээ маргааш дугуй авч өгье гэж бодож байсан юм. Амжсангүй" хэмээн багтартлаа нулимсаа залгих ахын нүд рүү эгцэлж чадсангүй. “Хүүгээ алдчихлаа. Хэнийг ч буруутгаж чадахгүй байна. Өөдөсхөн хүүгээ явуулчихлаа" хэмээн адгах аавын харцыг яаж аргадах вэ. Үнэндээ арга мухардав.

Бага насны дэггүй, сониучхан үрс минь тоглоод эрх дураараа гүйлдэх тоглоомын талбайгүй орон сууцнууд, гэр хорооллын дунд ийм нэг халаглам хагацал үзэв. Ижийгээ дэлгүүр ороод ирэхийн төдий л хормойдоод дагаад гүйдэг эвий бяцхан үрс минь. Аав, ээж, хайрт ахаа үүрд орхих үхэл тоссон тоглоом тоглож байгаагаа яаж мэдэх билээ, тэд.

Сэтгэл зүрх сэмлэсэн энэ гунигт явдал Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэр” төвийн төмөр хашаанаас “буусан” цахилгааны ил утаснаас болчихлоо. Гайтай тэр цахилгааны утсыг хэн гээч нь төмөр хашаа дамнуулан буулгаж хүүхдийн амь авч одох аюулыг бий болгочхов оо. Ядаж л “Анхаар аюултай”, “Өндөр хүчдэл” “Хашаанд хүрэхийг хориглоно” зэргээр анхааруулах тэмдэг тавьж болоогүй юм уу.

“Хүүхэд эндлээ” гэх харамсалтай үгийг сонсдоггүй, энд тэндээс олж уншдаггүй болох тийм өдрүүд хэзээ вэ, бидэнд. Дайнгүй, хүйтэн зэвсэг хэрэглээд байдаггүй, амар тайван Монгол Улсад бяцхан үрс амиа алдах үзэгдэл хэрээс хэтэрлээ. Осол аваарт өртөх, өвчин эмгэгт дийлдэх, гэр бүлийн таагүй нөхцөлд нас барах, томчуудын хараа хяналт дутсан орчинд зуурдаар эцэг эхээсээ хагацах үзэгдэл байсаар. Эцэстээ хүүхдийн хамгийн их цаг өнгөрүүлдэг тоглоомын талбайд хүүхдээ амар тайван тоглож наадаж байгаад нь санаа амрах боломжгүй болов. Найз нөхөдтэйгөө шуугилдан гүйлддэг тоглоомын талбайдаа бяцхан үрсийн минь зүрх зогсдог болох нь ээ. Бодохоор л гол зураад, нүд харанхуйлах.

Энэ сарын 18-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү аав, ээж, ах дүүстээ хагацлын гашуун нулимс залгиулан энэ хорвоогоос одсон гунигт мэдээг бид нийтээрээ хүлээн авч эмгэнэн гашуудав. Хүүтэй хүн бүрийн бодол тогтохгүй, хүүхэдтэй аав ээж бүхний зүрхэнд айдас дүүрсэн өдрүүд өнгөрөв. Олон нийтийн сүлжээнд ч, мэдээллийн бүх суваг ч дуу хоолойгоо хүргэв. Арга ч үгүй юм.

18-ны өдрөөс тоолбол яг тав хоногийн өмнө буюу 2018 оны зургаадугаар сарын 13-нд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн “сансрын хөлөг” эвдэрч дөрвөн хүүхэд толгой болон биеийн бусад хэсэгтээ хүнд, хөнгөн бэртсэн нь аав ээжүүдийг мөн л айдаст автуулсан билээ. Энэ мэт хүүхдийн аминд халтай мэдээллийг жагсаавал дуусахгүй.

Хүүхэд эндэж бэртэж байгаа тохиолдлууд хөдөө орон нутагт ч гарсаар байгаа нь эцэх эхийн хараа хяналт хэтэрхий сул, монгол ээж аавын хэнэггүй араншинтай холбоотой болов уу. Энэ сарын 24-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багт 23 настай эмэгтэй, бага насны хоёр хүүгийнхээ хамт алга болсон хэрэг гарсан. Одоогоор ээжийнх нь цогцсыг олсон бөгөөд хоёр хүүхдийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа юм. Эдгээр мэдээлэл бол зөвхөн энэ сард болж буй хүүхэд эндэж, гэмтсэн харамсалтай мэдээллийн тойм. Энэ юу гэсэн үг вэ.

Монголд хүүхэд тоглож наадах аюулгүй орчин, тоглоомын талбайн стандарт, аюулгүй ажиллагааг нь хянадаг, түүнд анхаарал шаардлага тавих үүрэгтэй албан тушаалтнууд байна уу. Байгаа бол, cap бүр цалингаа авч стандарт журам баталж суугаа бол асуудлыг ширээний араас бүү хараач. Компьютерийн дэлгэцийнхээ араас битгий зааварчилгаа өгч мөрдөгддөггүй журам үйлдвэрлээч. Хүүхэд хаана тоглож байна, тэр газар дээр ажиллаач. Хаана хүүхэд бужигнасан орчин байна вэ, тэнд хүүхэд хамгааллаа сайжруулаач.

ТАЛБАЙГ ТОХИЖУУЛСАН КОМПАНИАС ХАРИУЦЛАГА НЭХЬЕ

Тоглож явсан хүүхдийн толгой дээр төмөр унасан явдлыг албан тушаалтнууд буюу салбарын сайд нь сургуулийн захирлын буруу хэмээн хариуцлага тооцож 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ гээчийг ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү үйл явцыг бүхэлд нь харвал тухайн орчныг хариуцан ажиллаж байгаа захиралтай хариуцлага тооцох нь зөв мэт харагдавч учрыг ухан тунгаавал нумыг нь татсан сум байндаа очсонгүй гэж харагдаад байгаа юм.

Ер нь хаана ч, өөрөөр хэлбэл, Монголоос бусад газар тухайн хүүхэд тоглох хэсгийг тохижуулсан компани, хувь хүн, аюулгүй ажиллагааг хянах үүрэг бүхий хороо, дүүргийн албан тушаалтнууд ажлаа хийх ёстой болдог юм билээ.Тодруулбал, 2012 онд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн гаднах тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн “Баянзүрх тохижилт” ХХК хариуцлага хүлээнэ гэсэн үг юм.

Тэд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 96,340,301 төгрөг бүхий төсөвт өртгөөр тус сургуулийн гаднах талбайг тохижуулан тухайн оны арваннэгдүгээр сард, улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Үүнээс хойш сургуулийн өмчид бүртгүүлжээ. Мэдээж аюул осол гэдэг хэзээ, юунаас болох тухай заавартайгаа бидэнд мэдэгдэж бий болдоггүй ч “Хүүхэд тоглоход аюулгүй, хүлээж авна уу” хэмээн тоглоомыг нь угсарч бэлэн болгосон компани бүхнийг хуурчээ. Тэд өөрсдийн гараар “үйлдвэрлэсэн” тоглоомуудынхаа аюулгүй байдалд хяналт тавих нь бүү хэл үүрэг хариуцлагаа ухамсарлаж тоглоомын аюулгүй байдал, эвдрэл гэмтлийг эргэж тойрч хянаагүйгээс уг осол боллоо.

“Тоглоом босгож өгөөд мөнгөө авсан л бол бидний асуудал дууслаа” гэсэн хүнийрхүү хүйтэн сэтгэлийн харгайгаар хүүхэд эндэв. Ийм нийгмийн хариуцлагагүй, зөвхөн тендер авч л байвал боллоо гэх явуургүй компанийн балаг дахиад хаана, хэзээ чих халууцуулж сэтгэл сэрдхийлгэх вэ. Дахиад хэдэн хүүхдийн халуун амиар тоглох вэ. Хариуцлага нэхсэн халаа сэлгээний сум байндаа тусч “Баянзүрх тохижилт" компанийн дахин энэ мэт хүүхдийн тоглоомоор “тоглодог” байдлыг зогсоогоосой. Болсон, болоогүй талбай тохижуулаад арилдаг энэ мэт халаасны компаниудыг “тендерийн хар жагсаалт”-д багтаадаг баймаар.

“ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙГ ҮҮРЭГЖҮҮЛЬЕ

Хэн хэзээ анх санаачлан 10-аад тооны эцэг эхчүүдэд “Эцэг эхийн зөвлөл” нэртэй албан бус ажлын байр гаргаж өгснийг мэдэхгүй юм. Хийх ажил нь нэн тодорхой хэсэг бүлэг аав ээжүүд Ерөнхий боловсролын сургуулийн анги болгонд ийм нэг алба хашдаг. Эдгээр эцэг эх тухайн жилдээ болдог элдэв тэмдэглэлт баяруудыг багшид нэлээд “ээлтэй” байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхэд ач холбогдол өгөхөөс гадна тэр бүр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд анхаараад байдаггүй ажил гэрийнхээ дунд гүйдэлтэй аав ээжүүдийн сэтгэлийг баяр зохион байгуулахад урвуулан нийтийн үйл хэрэгт гар бие оролцоход нь ятгах үүрэг хүлээдэг.

Ингэж аав ээжүүдийг нэгдэн нэгтгэснийхээ хариуд хүүхдэдээ тодорхой хэмжээний давуу байдлыг үүсгэж байгаа юм. Ямар сайндаа л “эцэг эхийн зөвлөлийн дарга” гэх нэгэн ээж шалгалтын үеэр багшийн эргэн тойронд хоол цай барьж, элдэв чихэр шоколад халаасалж бүчсээр хүүхдээ гайгүй дүнтэй гаргасан жишээ ч байдаг. Ер нь энэ төрлийн “албан тушаал”-ын цаад учир нь иймэрхүү байх нь олонтоо анзаарагддаг. Тэгвэл ийм аав ээжүүдийг үүрэгжүүлье.

Нэгэнтээ хүүхдийнхээ сурлага хүмүүжилд анхаарах нь ажлынх нь нэг хэсэг юм бол тоглох орчны аюулгүй байдалд ч мөн хяналт тавьдаг байя. Мянган мутартай бурхан ч олон хүслийг нэгэн дор биелүүлж чаддаггүй гэх сүсэг бишрэлийн дуун байдаг шиг ганц захирлаас олон ажлын үр дүнг нэхэж хэтийдсэн үүрэг хариуцлагын алдаа оноог үүрүүлэх нь шударга ёсны зарчим мөн үү.

ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ МОНГОЛ

“Хүүхдэд хайртай Монгол” гэх гоё нэртэй хэлэлцүүлэг өчигдөрхөн болов. Өдөр бүр хүүхдийн амь эрсэдсэн аймшигт мэдээлэл цуварсаар байхад монгол төр, манай нийгэм хүүхдэд ээлтэй байна уу, эрлэг лугаа байна уу гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл энэ онд Засгийн газраас хүүхэд хамгааллын ажилд 6.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ мөнгийг хэрхэн, ямар ажилд зарцуулахаа УИХ дахь ээжүүд хянадаг, тайлангаа олон нийтэд тавьдаг байгаасай. Хүүхдэд ээлгүй монгол хэмээн бухимдаж байгаагийн учир шалтгаан нь баримт юм.

Тухайлбал, өнгөрсөн жил 1,692 гэмт хэрэгт 1,757 хүүхэд өртөж хохирч, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан, бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсон, үүнээс 12 нь эрэгтэй хүүхэд гэсэн тоо байна. Тэгвэл энэ жил хүүхэд хохирсон гэмт хэрэг 34 хувиар өссөн гэх харамсалтай үзүүлэлт гарчээ. Үүн дээр хүүхдийн эндэгдлийн тоог нэмбэл ямар аймшигт нийгэмд үрс минь амьдрах гэж тэнтэр тунтар алхаж байгаа нь тун ч тодорхой харагдана. Эвий бяцхан үрсээ үхэл, зовлонгоос хол байлгах сан.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ХААНА Ч АЛГА

Монгол Улсад хүүхдийн тоглоомын талбайн стандартаас гадна аж ахуйн нэгж, компаниудад нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага ер алга. Гай зовлон гээч юунаас ч бий болдгийг батлах энэхүү үйл явдал эцэх эхийг өөрсдийн хараа хяналтаа сайжруулах, хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох эрсдэлт бүсэд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгж, хувь хүнд шаардлага тавьж чаддаг байхыг сургамжлав. Угтаа бол тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буй норм стандарт, аюулгүй байдлыг хангасан эсэх асуудлыг хянадаг, шалгадаг, шаардлага тавьдаг газар манайд доод шатнаасаа эхлээд МХЕГ хүртлээ тэлсэн бүтэцтэй том баг бий.

Энэ байгууллагаас цахилгааных нь утас ил гарсан, үйл ажиллагаа явуулах стандарт хангаагүй, техникийн болоод аюулгүй ажиллагааны эд хэрэгсэл дутуу, хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиромжтой зам, гэрэлтүүлэг, аюулгүй талбай, шат, хаалга хийгээгүй бол хянаж зөрчил, дутагдал, алдааг нь засах үүрэг чиглэл өгдөг салбар амьтай байна уу. Ингэж асуухаас өөр арга алга.

Учир нь орон сууцны хороолол дунд хаалгаа нээсэн “Дэлгэр” төв гэхэд л хүүхдийн тоглох орчинд үйл ажиллагаа явуулдаг байж аюулгүй орчинг бүрдүүлж чадсангүй ээ. Хүүхэд бүү хэл том хүн ч санамсаргүй байдлаар аюулд өртөж болохоор эрсдэл бий болгочхоод ажил явуулаад л байжээ. Яг ийм дүр зураг бүхий аж ахуйн нэгж ганц үүгээр зогсохгүй байгаа гэвэл  худлаа гэхгүй биз. Тэгэхээр МХЕГ ажлаа хийвэл яасан юм бэ. Хэдий найр наадам, амралт зугаалгын цаг эхэлсэн ч удахгүй хичээлийн шинэ жил гээд бужигнана.

Тиймээс хүүхдээ хамгаалж гаднаа тоглоомын талбайтай сургууль цэцэрлэгүүдийн тохижилтыг шалгаач ээ. Цахилгааны утас, галын хэрэгслээ аюулгүй болгох зааварчилгаа өгч, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулъя. Тэгэхгүй бол бяцхан үрс минь аюулд ойрхон амьдарсаар байна. Ийм айдаст хэдий болтол дасах вэ.

Зураг