Австралийн какаду тотьны Европын бичиг дурсгалд үлдсэн хамгийн эртний зургийг эрдэмтэд саяхан Ватиканы номын сангаас олжээ.
Тодруулбал 1241-1248 оны үед Ариун Ромын эзэнт гүрний хаан II Федерикийн бичсэн гар бичмэлд уг шувууг тод дүрсэлсэн байна.
Какаду тот нь Австралийн хойд хэсэг, Папуа Шинэ Гвиней, Индонезын зарим аралд амьдардаг. Федерик II хаанд уг шувууг Египетэд төвлөрч байсан Аюубидын хаант улсын султан бэлэглэсэн ажээ. Тиймээс какаду тотийг Австралиас Египет, дараа нь Ватикан хүрсэн гэж үзэж байна.
Федерик II хаан нь элдэв ховор сонин амьтны том цуглуулгатай байсан ба түүний ордонд арслан, барс хүртэл байсан гэдэг.
Уг гар бичмэл нь “Шувуугаар ан хийх урлаг” гэсэн гарчигтай, 900 гаруй шувууны зурагтай түүхийн ховор дурсгал ажээ. Мелбурны их сургуулийн доктор Хидер Дальтон, Финландын эрдэмтэд хамтран энэхүү дурсгалыг латин хэлнээс орчуулсан юм.
Нээлтийн үр дүнд 13 дугаар зууны үеийн худалдааны зам өмнө төсөөлж байснаас илүү өргөн байсныг харж болохоор байна. 17 дугаар зууны эхээр Голландын далайчид Европчуудаас анх Австралийн эрэгт бууж, нутгийн уугуул иргэдтэй уулзаж байсан гэдэг. Тэгвэл Ойрх Дорнод, Арабын худалдаачид үүнээс олон зууны өмнө Австралид хүрч байсныг дээрх дурсгал харуулж байна.
Үүнээс өмнө 1496 оны Италийн зураач Андреа Мантегнагийн зурагт какаду тотийг дүрсэлснийг Европын хамгийн эртний баримтад тооцдог байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!