Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

"ӨМӨЗО-нд морин хуурыг иргэддээ бэлэглэж, тоглож сурсан хүмүүст цалин олгодог"

Б.Сувд, iKon.mn
2018 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 30-нд эхлэх морин хуурын олон улсын VI наадамд АНУ, Бельги, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Японы нийт 30 гаруй, Монгол Улсын 100 гаруй уран бүтээлч, эрдэмтэн судлаач, соёлын өв тээгчид оролцохоор болжээ.

Соёлын Төв Өргөөнд болох наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолтод морин хуурын сор болсон бүтээлийг Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин Хуурын Чуулга, Үндэсний Их Театрын их найрал зэрэг чуулга, хамтлагууд толилуулж, мэргэжлийн шилдэг морин хуурчид оролцоно. 

Гэрэл зургийг mpa.mn

Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн дарга Ж.Баатарцогт "Монгол Улсад Морин хуур европ баримжаагаар хөгжсөн 40, 50 жилийн хугацаанд мэргэжлийн түвшинд хүрч чадсан. Манай хөгжимчдийн ур чадвар дэлхийн хэмжээнд нийцдэг. Тийм учраас Морин хуурын наадмыг цаашид ч зохион байгуулах шаардлага байх ёстой. Үүнд төрийн дэмжлэг их хэрэгтэй. ӨМӨЗО-ны жишээн дээрээс л харахад улсаас нь төсөв хуваарилдаг гэсэн мэдээ бидэнд ирсэн. Монголын төр засагт манай хөгжмийн зүтгэлтнүүдийн санаачилсан энэхүү ажиллагааг дэмжиж байгаасай гэсэн хүсэлтийг хүргүүллээ" гэв.

Гэрэл зургийг mpa.mn

Улсын Филармонийн албаны дарга З.Хосбаяр "Энэ удаагийн уралдааны онцлох зүйл нь морин хуур орчин үед ямар түвшинд хөгжиж байна, төр засгаас ардын уламжлалт соёлыг дэлгэрүүлэх, сурталчлах, хөгжүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна гэх зэрэг асуудлуудыг уралдааны үеэр хэлэлцүүлэг хийх болно. Үүнээс тодорхой шийдвэр гаргаад энэ нь засаг төрийн сонорт хүрэх, үүний дагуу боломжтой шийдэл гаргуулах талаар ажиллаж байна. Өнгөрсөн 6 удаагийн арга хэмжээний хэлэлцүүлэг бүрт асуудлууд яригдаж байдаг. 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн морин хуураа дээдлэх зарлиг гарч байсан ч үүнтэй холбогдож явагдсан албан ямар нэгэн арга хэмжээ байдаггүй."

Морин хуур хөгжим дэлхийн есөн улсад эгшиглэж байгаа

Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн "Өмнөх наадмууд заал, танхим зэрэг газруудад зохион байгуулагдаж байсан бол энэ жилийн онцлог нь нээлтийн арга хэмжээ Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдана. 

Ерөнхийлөгчийн морин хуураа дээдлэх зарлиг гарсантай холбогдуулаад бид морин хуурыг зөвхөн гэртээ өлгөх мэтээр л хандаж байсан. Бид нийтээрээ морин хуур хөгжмөө хуурддаг, татдаг болох, суралцах шаардлага байна. 

Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн морин хуурын холбооны гүйцэтгэх захирал Ж.Уугантуяа "Энэ удаагийн наадамд таван улс орноос морин хуурчид оролцож байгаа боловч бид есөн орны далбааг тавина. Учир нь морин хуур хөгжим маань дэлхийн есөн улсад эгшиглэж байгаа. 

ӨМӨЗО-нд морин хуурыг ард иргэддээ бэлэглэж, тоглож сурсан хүмүүст цалин олгодог. Иймээс морин хуурчид маш олноороо төрөн гарч байна. Мөн тэнд морин хуурын их сургууль байна.

Буриадад морин хуурын мэргэжлийн хичээл ордог, Японд сургалт явуулдаг гэхчлэн арга хэмжээнүүдийг өөр улсуудад хэрэгжүүлж байна.

Харин Монголд мэргэжлийн морин хуурчид цалингаа цуглуулсаар зэмсгээ худалдаж авдаг. Бид Монголд цөөхөн байгаа мэргэжлийн морин хуурчдаа алдах вий гэдэгт санаа зовниж байна. 

Манай наадмын санаачлагчдын хамгийн гол зорилго нь “морин хуурын уралдаанд улс дамнаж очих биш зөвхөн Улаанбаатар хотдоо зохион байгуулж байх юмсан гэж хүсдэг”-т оршиж байна. Монгол морин хуур байгальтайгаа, ахуйтайгаа зохицон дуугарч байж жинхэнэ мөн чанар нь гарах ёстой" хэмээн ярилаа.

Наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд 6 дугаар сарын 30 нд, сонирхон суралцагчдын уралдаан 7 дугаар сарын 3,4 нд Улсын Филармонид, уулзалт-хэлэлцүүлэг Монголын уран зургийн галерейд болно. Мөн олон улсын сонирхогч морин хуурчид, Үндэсний Дуу Бүжгийн Чуулгын мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнууд хамтарсан хаалтын тоглолтыг 7 дугаар сарын 5 нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж.