Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Тавантолгой Монгол Улсын хамгийн том төсөл болон хэрэгжинэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж байна. 

“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д оруулж ирээд байгаа юм.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/864601693725400/

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Гадны хөрөнгийн зах зээлээс босгосон хөрөнгөөр эхний ээлжинд зайлшгүй санхүүжүүлэх хэд хэдэн төсөл байгаа. Үүнд зүүн төмөр зам, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын тодорхой хэсэг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирнэ. Хамгийн гол нь баяжуулах үйлдвэрээ үе шаттай ашиглалтад оруулах ТЭЗҮ-г боловсруулаад явж байгаа. 

Ер нь ТТ-н нүүрсийг ямар хугацаанд ямар үнэ цэнээр борлуулж гаргах вэ гэдэг гол концевц нь Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ юм. Бид 30 сая тонн хүртэлх баяжуулсан нүүрсийг олон улсын зах зээл дээр зарж борлуулах нь чухал. Босгосон санхүүжилтээрээ нэн түрүүнд баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахыг зорьж байна. 

Хувьцаа болон бүртгэлтэй холбоотой мэдээлэл хүргэе.

Тавантолгойн хувьцааны 85.20 хувь төрийн мэдэлд, 486 ААН дээр 0.05 хувь, Монгол Улсын иргэдэд 14.75 хувийн хувьцаа бүртгэлтэй байна. 

Засгийн газрын зүгээс нийт хувьцааны 29.95 хувийг гадаадын хөрөнгийн биржид гаргах боломжтой гэж үзэж байгаа. Гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ нийт хувьцааны 25 хувийг арилжаалах шаардлага тавигддаг. Энэ шаардлагыг хангаж байгаа. 

Их хурлаас тогтоол шийдвэр гараад ирвэл бидний ажиллах эрхзүй нээгдэнэ. 

Гэрэл зургийг mpa.mn

Хувьцааг эргэлтэд оруулах асуудлаар хэд хэдэн саналыг боловсруулсан. Компанийн урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Ер нь бол компанийн засаглалыг сайжруулах, хөрөнгө оруулалтын хэрэглээг нарийн тооцох, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтарч ажиллах тал дээр анхаарч ажиллана. Гаргасан хувьцаанд төрийн эзлэх хувь хэмжээ 50-иас дээш хувьтай байна гэдгийг хуульчилж өгөх ёстой гэж үзэж байгаа. 

Тавантолгой төсөл хэрэгжсэнээр бид жилд 2.8 тэрбум долларын экспортын орлого орж ирнэ. 5,400 орчим ажлын байр бий болно гэх эхний ээлжийн тооцоо судалгаа гараад байна. Ер нь Тавантолгой төсөл Монгол Улсын хамгийн том төсөл болон хэрэгжинэ. 

Бид гадны хөрөнгийн биржүүдийг судлаад хамгийн таатай нөхцөл өгсөн бирж дээр гарахаар төлөвлөж байна. Хонг Конгийн хөрөнгийн биржээс гадна Шанхайн хөрөнгийн биржийн нөхцлийг манай мэргэжлийн хүмүүс судалж байгаа" гэв.

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өнөөдрийн байдлаар ЭТТ компанийн санхүүгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

- Тавдугаар сарын байдлаар ЭТТ компани 2018 оны гүйцэтгээлээр 530 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Одоогийн байдлаас төсөөлбөл борлуулалтын орлогоо биелүүлэх, давуулан биелүүлэх боломжтой гэж харж байгаа. 

Өнөөдөр ЭТТ компани 2018 оны есдүгээр сарын 1-н гэхэд таван том ажил амжуулахаар ажиллаж байна. 

- Нэг тонн нүүрсээ уурхайн аман дээрээс ямар өртөгөөр гаргаж байгаа вэ?

- Зүүн Цанхийн нүүрсийг Чалько компанитай хийсэн гэрээний хүрээнд улирал бүр 4 индексээр үнэлэн үнээ тогтоодог. Хоёрдугаар сараас 5 индексээр тогтоож эхэлсэн бөгөөд зургаадугаар сард хийсэн хэлцэлээр 61 ам.доллараар тогтоож өгсөн байгаа. 

Зүүнээ үндэслээд Барууныхаа үнийг тогтоодог. Ингэхдээ хамгийн өндөр үнэ санал болгосон компанийг сонгодог. Хамгийн сүүлийн байдлаар Баруун Цанхийн нүүрний үнэ 70.1 дээр тогтоод байна. 

- IPO хийх бэлтгэл ажил хэдэн хувьтай хангадсан бэ?

- ЭТТ компани Хонг Конгийн хөрөнгийн биржийн шалгуурыг бүрэн хангана. Үүнийг мэргэжлийн хүмүүстэй ярилцсан үүн дээр үндэслээд өнөөдөр та бүхэнд мэдээлэл өгч байна.

- Ямар ямар дагалдах төслийг санхүүжүүлэх вэ?

- Дагалдах төслүүд бэлэн байгаа. ТТ төслийг эрчимжүүлэхээр дагалдах төслүүд хамт яригдана. Төмөр зам, эрчим хүч, усны төслүүд зэрэгцээд хэрэгжээд явна. Хөрөнгө санхүүгээ босгоод ороод ирвэл төслүүд бэлэн байгаа.