Авлигатай Тэмцэх газраас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, зургаадугаар сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгч байна. Хэвлэлийн хуралд АТГ-ын хэлтсийн дарга нар оролцож байгаа юм.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэлийн бага хурлын эхэнд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү "АТГ-аас мөрдөн шалгах чиглэлээр хийсэн ажлуудыг товч танилцуулья.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 53 гомдол, мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгасан. 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан байна. Одоо 27 гомдол мэдээллийг шалгаж байна.
АТГ энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. 34 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүллээ. Одоо 332 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байна.
Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл өгвөл,
Шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн товч мэдээлэл:
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтнууд болох Л.Амарбат, П.Болдбаатар, Д.Баярсайхан нар нь төрийн өмчит хувьцаат компанид тодорхой удирдах болон эрх бүхий албан тушаал эрхэлж байхдаа танил, найз нөхөддөө тус болсныхоо хариуд хуульд заасан цалин хөлс, урамшууллаас гадуур бэлэг авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзээд тэдний хууль бусаар олсон 10 сая төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлогод оруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 576 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан" гэв.
Мэдээллийн дараа комиссарууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Хуульзүйн сайдыг шалгуулах хүсэлт ирлээ. Уг хэргийг шалгах уу?
- Саяхан 10 минутын өмнө Хуульзүйн сайдтай холбоотой гомдол ирлээ. Хэрэгтэй танилцана. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Хуулийнд заасан эрхийнхээ хүрээнд хэргийг шалгана.
- АСЕМ-ын зохион байгуулалттай холбоотойгоор шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг шалгах боломжтой юу, Эрдэнэт, МИАТ-ын асуудалтай холбоотой хэрэг гээд яриад байна. Шалгагдаж байгаа хүмүүсийн нэр бас тодорхойгүй байгаад байна?
- Шинэ хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүсийг 100 хувь гэм буруутэй эсэхийг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа тохиолдолд нэрийг нь зарлах боломжгүй.
- Нийслэлийн Архивын газрын даргыг яагаад шалгахгүй байгаа юм бэ?
- Нийслэлийн Архивын газрын даргаар ажиллаж байгаа хүнтэй холбогдох санал гомдлыг шалгасан. Шалгах явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь илрээгүй учраас хаахаар холбогдох албанд шилжүүлсэн.
- Хэргийг шалгаж, шийдвэрлэх хугацааг хуулинд тодорхой заасан байдаг уу? 10 сая төгрөг хахуульд авсан хүн 576 мянган төгрөгөөр торгуулсан гэж байна. Ямар хууль дүрмээр ингэж шийтгүүлж байгаа юм бэ?
- Шүүхийн шийдвэрийг бид танилцуулж байна. Бидний зүгээс шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Манайхаас авлигын хэргээр шүүхэд шилжүүлсэн ч шүүх үүнийг бэлэг байна гэж үзээд хууль бусаад авсан бэлэг буюу 10 сая төгрөгийг улсын орлого болгож, 576 мянган төгрөгөөр торгосон.
- 60 тэрбумын хэргийг хаасан асуудлаар?
- 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан.
Хэрэгтэй холбоотой хэд хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг байна гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй учраас прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон.
- УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгаж байгаа юу?
- БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролд эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй.
- Дархан аварга Х.Баянмөнхийн гомдлын дагуу Допингийн эсрэг үндэсний төвийг шалгах боломжтой юу?
- Гомдол мэдээллийг шалгаж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!