Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоган Туркийн ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болж өнгөрсөн сонгуулийн үр дүнд Рэжэп Тайип Эрдоган Турк улсын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдлоо.

Саналын хуудасны 99 хувийг тоолсны дараа Эрдоган 53 хувь, түүний хамгийн ойрын өрсөлдөгч Мухаррем Инже 31 хувийн санал авсан байна.

Сонгуулийн албан ёсны үр дүнг ирэх Баасан гарагт зарлах юм. Мөн өчигдөр Туркийн ард түмэн анх удаагаа ерөнхийлөгчийн сонгуулийг парламентын сонгуультай хамт өгсөн байна.

Парламентын сонгуульд Эрдоганы AK нам 42 хувийн санал авч олонх болсон нь тодорхой болжээ. Гол сөрөг хүчин CHP нам 23 хувийн саналтай удаалсан байна.

Уг нь ерөнхийлөгчийн сонгууль хуваарь ёсоор 2019 оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдах байсан юм.  Гэвч өнгөрсөн онд ард түмний санал асуулгаар үндсэн хуулиндаа өөрчлөлт хийсэн Эрдоган хугацаанаас нь өмнө сонгууль явуулж, өөртөө улам их эрх мэдэл төвлөрүүлэхээр болж байна.

Исламист угшилтай AP намын лидер Эрдоган 11 жил Туркийн ерөнхий сайдын албыг хашсаны дараа 2014 онд ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

2016 онд төрийн эргэлт хийх оролдлого гарсны дараа Эрдоган үндсэн хуулийг өөрчилж, ерөнхийлөгчид үлэмж хэмжээний эрх мэдэл олгохоор болсон юм.

Төрийн эргэлтийн оролдлогын дараа Турк улсад онц байдал зарлаж, армийн болон төрийн албан хаагч 107,000 хүн ажлаасаа халагдан 50,000 гаруй хүн баривчлагдаад байна.

Ялалтаа зарлах үедээ Эрдоган “Турк улс ардчилсан сонгууль хэрхэн зохион байгуулах хичээлийг дэлхий дахинд заалаа” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: BBC