Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Хуулийн орчин бүрдсэн ч хэрэгжилт асуудалтай байдаг нь Монгол Улсын тулгамдсан асуудал

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Транспэрэнси Интернэшл байгууллагаас "Бизнесийн Шударга байдлын хөтөлбөр" судалгааны тайланг өчигдөр танилцууллаа.

Тайлангийн хүрээнд бизнесийн салбар дахь шударга байдлыг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр үнэлжээ. Тухайлбал, төрийн байгууллагуудыг есөн үндсэн индикатор ба 15 дэд индикатораар, хувийн салбарыг  таван үндсэн индикатор, 17 дэд индикатораар, иргэний нийгмийг нэг үндсэн ба гурван дэд индикатораар үнэлжээ.
 
Гэрэл зургийг mpa.mn

Судалгааны үр дүнгийн талаар Транспэрэнси Интернэшл  ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Батбаяр “ Шударга бизнес- Монгол Улс гэсэн хөтөлбөрийг эхлүүлж  хөтөлбөрийн хүрээнд үнэлгээг хийж байна. Үүнийг Иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, төрийн байгууллагуудын хэмжээнд  гэсэн гурван хүрээнд хийсэн.

Төр өөрөө бизнесийн шударга орчиндоо нөлөөлөх нэг том хүчин зүйл. Тиймээс төрийн авлигын эсрэг хууль, төрийн мөнгө угаах асуудал зохицуулсан хууль, шударга өрсөлдөөнөөс  зохицуулсан хууль, бизнесийн маргааныг шийдэж байгаа шүүх засаглалын шударга байдал, улс төрийн намуудын санхүүжилт, шүгэл үлээгч ба бизнесийн орчин  гэх мэтчилэн есөн индикатораар төрийг үнэлж байгаа.

Үүнээс хамгийн бага оноо авсан нь шүгэл үлээгч. Шүгэл үлээгчийн хууль манайд байхгүй учраас оноо нь бага гарлаа. Мөн ашиг хүртэгч эздийн асуудлыг мэдээлдэггүй нь сөргөөр нөлөөлж байна.

Шүүх засаглал маань өөрөө хараат бус шударга байдлыг эрхэмлэж чаддаггүй учраас үүнд сөргөөр нөлөөлжээ.

Хувийн компани бизнесийн ёс зүйт байдлын  менежмент нь маш сайн байх хэрэгтэй байна. Эсвэл компани болгон өөрөө авлигаас сэргийлдэг дүрэм журам, бодлоготой түүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Гэвч энэ нь манайд сул байгаа. Мөн компаниудын ТУЗ өөрсдөө авлигаас сэргийлэх үйл ажиллагаа явуулж чаддаггүй.

Харин иргэний нийгэм дээр хэвлэл мэдээллүүдийн дийлэнх нь хараат учраас сөрөг байна. Мөн худалдан авалтад хяналт тавьж байгаа төрийн бус байгууллагууд  өөрсдөө хангалттай ажиллахгүй байгаа учраас энэ гурван хүрээний аль алинд нь манай улс  сул байгаа харагдаж байна.

Энэ  гурван салбартаа бизнесийг сайжруулах чиглэл дээр томоохон ажлууд хийх шаардлагатай. Төр хувийн компани, хэвлэл мэдээлэл иргэний нийгэм нь ч өөрөө бизнесийн шударга байдлыг сайжруулан ажиллах ёстой гэдгийг харууллаа.

Бизнесийн шударга байдал сайжирна гэдэг нь манай улсын өрсөлдөх чадвар сайжирч, ирээдүй баталгаажна гэсэн үг. Энэ үнэлгээ маань өөрөө бизнесийн шударга байдлыг сайжруулахад том шинэлэг алхам болж байна” гэв.

"Анх удаа бизнесийн салбарын орчны авлигын асуудал яригдлаа"
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа “Анх удаа бизнесийн салбарын орчны авлигын асуудал яригдлаа. Аль аль чиглэл дээрээ  илүү хоцрогдож, олон бэрхшээл тулгарч байгаа юм байна гэдгийг гаргаж ирснээрээ энэ судалгаа их онцлогтой болсон байна.

Төрийн байгууллагуудын хувьд авлигал аль чиглэл дээр хоцрогдож байна гэвэл шүгэл үлээгч буюу мэдээлэгчийн хамгаалах асуудал бол хамгийн бага үзүүлэлттэй гарчээ. Авлигын индексийн хувьд  манай улс зарим жилүүдэд ахиц гаргадаг бол зарим үед ухралт хийдэг. Түүнд энэ хууль зүйн орчин авлигатай тэмцэх процесс дотор нь ямар нэгэн саад бэрхшээл алдаа гарч байна уу гэдгээс хамаардаг.

Мөн бизнестэй харилцах  харилцааны хувьд  жишээ нь  иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс төрийн нийгмийн байгууллагуудтай хийж байгаа худалдан авалт тендер шаардлага тавьдаг мөртөө бизнесийг ерөөсөө хянадаггүй юм байна. Тиймд хууль эрх зүйн талаасаа ямар хууль журмаар зохицуулагдах юм бэ. Зөрчил илэрлээ гэхэд түүний үр дагаврыг нь хэнд мэдээлж хэн арга хэмжээ авах ёстой юм гэсэн алхмууд хараахан тодорхой харагдахгүй байгаа. Эндээс илүү тодорхой болох боломжийг энэ тайлан олгож байна” гэлээ.

Байгууллагын даргыг томилоход эрх барьж буй нам нөлөөлдөг нь бизнесийн шударга байдалд сөргөөр нөлөөлж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Үнэлгээнээс харахад эдгээр байгууллагын даргыг томилоход эрх барьж буй улстөрийн хүчин ихээхэн нөлөөлдөг нь эдгээр байгууллагын зохион байгуулалт, хүний нөөцийг тогтворгүйжүүлж улмаар төрөөс бизнесийн шударга байдалд сөргөөр нөлөөлж байгаа нь харагдаж байна.

Хуулийн орчин бүрдсэн боловч хуулийн хэрэгжилт асуудалтай байдаг нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал юм. Азийн сан (2015 оны 9 cap) болон GCR (2015-2016) зэрэг байгууллагын тайлангаас харахад одоо үйлчилж буй хууль тогтоомж авлигаас урьдчилан сэргийлэх болон таслан зогсооход үр ашиг муутай байна гэж компаниуд үзжээ. Мөн бизнесийн байгууллагын хувьд Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн захиргаа, Гаалийн байгууллагыг гол асуудал үүсгэдэг гэж тодорхойлжээ. Цаашлаад төрийн байгууллагаас зарласан тендерийн шалгаруулалтад улс төр, гэр бүлийн холбоо сүлбээ ихээхэн нөлөө үзүүлдэг гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл танил тал, хамаатан саднаа харж үзэх явдал өргөн дэлгэрсэн байна.

Шударга бизнесийг дэмжсэн дэмжлэг маш сул байна. 

Шударга бизнесийг дэмжсэн дэмжлэг маш сул байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь Засгийн Газрын бүх бараа, үйлчилгээний худалдан авалтыг тендерээр шалгаруулахыг шаардаж, цахим худалдан авалтыг ашиглах нь нэмэгджээ. Гэвч тендерийн бичиг баримтын тухайд өнөөгийн хууль тогтоомж, стандарт нь компанийг ёс зүйн дүрэм эсвэл авлигын эсрэг бодлоготой байхыг шаарддаггүй. Зөрчилтэй компанид хориг тавих тогтолцоо, түүний хэрэгжилт тодорхойгүй байна. Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартыг мөрдөхтэй холбогдох хуулийн хэрэгжилтийн мэдээлэл олон нийтэд нээлттэй бус, эцсийн эздийн талаарх мэдээлэл зөвхөн зохицуулагч байгууллагад нээлттэй байдаг. Одоогоор шүгэл үлээгчийг хамгаалах хууль өргөн баригдсан ч УИХ батлаагүй байгаа нь үнэлгээнд сөргөөр нөлөөлжээ. 

Улстөрийн намуудын сонгуулийн өмнө болон дараах ил тод байдлын шаардлагууд огт хэрэгждэггүй, сонгуулийн бүрэн хэмжээний дэлгэрэнгүй санхүүгийн тайлан олон нийтэд хаалттай байдаг  зэргийг судалгааны тайланд дурдсан байна.

 
Гэрэл зургийг mpa.mn