Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар баталсан хуулиудыг танилцуулж байна.

Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хийсэн юм.

Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд “Улсын бүртгэлийн байгууллагад ажиллаж байгаа эрх зүйч мэргэжил эзэмшээгүй улсын бүртгэгч нь хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан шаардлагыг хангасан байна” гэсэн агуулгатай 4 дүгээр зүйлийг нэмэхээр болов.

Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 31 нь буюу 64.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтов. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хуралдаанд ороолцсон гишүүдийн 60.4-64.6 хувийн дэмжлэг авч батлагдлаа.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлав

Дараа нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны танилцуулгыг сонсов. Байнгын хорооны хуралдаанаар дэгийн хуульд заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна. Түүнчлэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон тул хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзжээ.

Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Тухайлбал, төслийн 17 дугаар зүйлд “Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэхний загвар болон үндэсний гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах журмыг Засгийн газар батална” гэсэн агуулгатай 17.4 дэх хэсгийг нэмэхээр болов. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувийн саналаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлав. Мөн хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэн гадаад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7-82.2 хувь нь дэмжив.

 Хаягжуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаалаа

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг сонслоо. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарын хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй зарим санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжжээ. Тухайлбал, эд хөрөнгийн зарим эрхийг цахимаар бүртгүүлэхэд эрхийн улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой үйлчилгээний хураамж авах зохицуулалтыг хасах,улсын бүртгэлийн байгууллагын салбар, нэгжийн нэршлийг өөрчлөх, мөн иргэн эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн шийдвэртэй холбоотой гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гаргахаар өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Хаягжуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тогтжээ.

Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар бүхэлд нь батлав. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал, газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг гишүүдийн 69.0-85.2 хувийн саналаар бүхэлд нь батлав.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлав

Дараа нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны танилцуулгыг сонссон юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн улсын бүртгэлийн байгууллага бүртгэх, үүнтэй холбогдуулан зохион байгуулалтын бэлтгэл ажил хангагдах хүртэл, бүртгэх харьяаллыг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.3-т заасан журмаар тогтоох; Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлд нийцүүлэн улсын бүртгэлийн байгууллагын “орон нутаг дахь салбар, нэгж” гэсэн нэр томьёог “орон нутаг дахь газар, хэлтэс тасаг” гэж жигдлэх; хууль батлагдсантай холбогдуулан хэлбэрээ өөрчлөн бүртгүүлэх шаардлагатай хуулийн этгээд хууль хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг болон холбогдох бусад саналууд гаргасан байна.

Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төсөлд “Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа явуулах нутаг дэвсгэрийг харьяалах улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэсэн агуулгатай 8.3 дахь хэсгийг нэмэхээр болов. Мөн энэ хуулийн 8.3 дахь хэсгийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.

Ингээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг батлахыг 71.1-77.8 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа.

Хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Үргэлжлүүлэн Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

Тус Байнгын хороо чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно.” гэж заасны дагуу эдгээр хуулийн төслийг боловсруулж, хуралдаанаараа хэлэлцэж дэмжжээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэнтэй холбогдуулан 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн заалтуудыг эшлэсэн Банкны тухай болон Улс төрийн намын тухай хуулиудын холбогдох заалтад тусгасан эшлэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, мөн 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг зохицуулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна. Иймээс Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8-80 хувийн саналаар дээрх хуулийн төслүүдийг бүхэлд нь батлав.

Шүүх байгуулах тухай хуулийн төслийг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Иймээс эхлээд Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжив. Харин хууль, тогтоомжийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 73.9-82.6 хувь нь дэмжсэнээр Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд батлагдлаа.

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар нийслэлийн Багахангай дүүрэгт Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хоёр шүүх шинээр байгуулах, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг өөрчлөн байгуулахаар болж байгаа юм.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс