УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн сонгогдсон тойрог болох нийслэлийн Чингэлтэй дүүргийн хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж, амжилттай оролцогчдыг гадаадад сургахаар болжээ. Энэ талаар өөрөөс нь тодруулсан юм.
-Нийт хэчнээн хүүхдийг ямар чиглэлээр сургахаар болсон бэ. Ер нь ийм санаа яагаад төрөв. Хүүхдүүд санал тавив уу?
-Гадаадад сураад ирсэн, эх орондоо сайн сайхан зүйл хийе гэсэн хоёр залуу санааг нь анх гаргасан. Тэдэнд УИХ-ын нэг гишүүний дэмжлэг хэрэг болоод намайг сонгосон юм билээ. Ингээд манай тойргийн 19 хорооноос амьдралын түвшин доогуур, өнчин өрөөсөн амьдралд нь гэрэл гэгээ байхгүй нийгмийн тодорхой давхарга болчихсон хэсгийн хүүхдүүдээс сонгож сургахаар болсон. Тэдэнд “өөрсдөө хичээж зүтгэж, хүсч мөрөөдөж чадвал гэрэл гэгээ байдаг юм аа” гэдгийг мэдрүүлэхийг зорьж байгаа. Нийт 30 хүүхдийг сонгосон байгаа. Тэдний дунд аав ээж нь ажилтай, дундаж түвшний амьдралтай айлын хүүхэд байхгүй.
-Хөрөнгө мөнгийг нь хаанаас гаргаж байгаа вэ?
-Хөрөнгө мөнгийг бид өөрсдөө зохицуулж байгаа. 30 хүүхдээсээ бид хамгийн сайн, хичээл зүтгэлтэй хоёр хүүхдийг тофелийн шалгалтад оруулаад тэнцвэл үргэлжлүүлэн сургана. Харин үлдсэн хүүхдүүдээ том сургуульд сургаж чаддагүй юм аа гэхэд сэтгэхүйн зөв хандлагыг төлөвшүүлнэ гэж бодож байгаа. Өөрийнхөө төлөө явах, өөрийнхөө төлөө өөрөө л амьдрах ёстой гэсэн амьдралын зөв ухаан суулгаад хөлөө олоход нь туслах юмсан гэж бодож байгаа.
Тэдний дунд сайн багш, эмч, эсгүүрчин, гуталчин хэн ч байж болно. Үүнийг нь л чиглүүлж өгөхийг зорьж байна. Манайд өнөөдөр янз бүрийн шоу нэвтрүүлэг олон явдаг. Гэхдээ хүнээ олох нь бага байдаг гэж би хардаг. Ийм зорилготой, зөв зүйлийн төлөө надад хандсан болохоор дэмжсэн.
Дашрамд хэлэхэд манай залуучууд ажлаа сайн хийхгүй хэрнээ цалингаа голдог, ажилд орохдоо хамгийн эхэнд хөлсийг нь асуудаг гээд шүүмжлэх зүйл их бий. Үүний оронд хүн өөрийн гэсэн тэмүүлэлтэй зүтгэж байгаа цагт түүндээ хүрнэ гэж би боддог.
-Сонгогдсон 30 хүүхэд нь хэдээс хэдэн насных вэ. Ер нь ямар хугацаанд гадаадад суралцах бол?
-Сургуулийн ахлах ангиас 25 хүртэл насны залуус байгаа. Сурах хугацааны хувьд урт биш. Нэг жилийн хугацаатай хэлний сургалтанд явуулах юм. Бидний хувьд удаан сургаад байх хөрөнгө мөнгө төдийлөн хангалттай биш байгаа. Гэхдээ аль болох зохицуулаад зорьсноо хэрэгжүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!