Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Буддатай хийсэн ярилцлага буюу С.Саранцацралтын орчуулга

ikon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN

- “Translator of Uvs” үзэсгэлэн ба амьдрах урлагийн тухай яриа - 

Төрийн шагналт зураач С. Саранцацралт

Зураач Саранцацралттай ярилцахдаа уран зурагт ач холбогдол өгөхөөс илүү амьдрах урлагийг нь сонирхлоо. Тэрбээр сүүлийн 36 жил урлаг бүтээхдээ олон ч сурвалжлагчид ярилцлага өгсөн авч сэтгүүлчид түүнээс алдар нэр ба уран бүтээлийнх нь өнгөн төрхийг илүү сонирхсон байдаг.

Харин С.Саранцацралтын хариултууд хүний сэтгэлгээний чөлөөт байдал, ухамсар хийгээд зөв амьдрахуйн тухай, хэрхэн аз жаргалынхаа эзэн байж болох тухай өгүүлж иржээ. Тиймээс түүний зургандаа шингээсэн үзэл санаа хийгээд удахгүй гаргах гэж буй үзэсгэлэнгийн шинэ бүтээлүүдийн тухай түүнээс асуулаа. 

- Та шинэ үзэсгэлэнгээ яагаад “TRANSLATOR OF UVS” буюу “Өвсний орчуулагч” гэж нэрлэсэн юм бэ?

- Өвсний тухай би судлаж, түүнийг хүний зиндаанд тавьж, өмнөөс нь бодож үзээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэгээд дотогшоо илүү сонсоод үзэхээр өвс надаар дамжуулж хүмүүст нэг зүйлийн тухай хэлж, орчуулж өгөхийг хүсч байгаа юм шиг санагддаг. Өвсний үгийг би л дамжуулж хэлэхгүй бол бол үнэхээр болохгүй юм байна гэж бодогддог.

Тэгэхдээ би яг “синхрон”-ы дамжуулж чадах уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Үзэгчид, хүлээн авч байгаа улсууд юу мэдрэхийг би мэдэхгүй шүү дээ. “Өвс болоод хүмүүс хоёр нэг зүйл юм шүү. Бидэнд ямар ч өөр юм байхгүй, бүгд ижилхэн” гэдэг утга санааг би дүрсээр болоод уран сайхны хэлээр хэлж, өвсний тэр зорилгыг хүмүүст хүргэж байгаа.
Таны өвстэй зургийг анх, “Энэ ямар гоё зураг вэ” гэж харж байлаа. Тэгтэл зураач нь Т.Саранцацралт байхаар нь, “Энэ хүн сэдвээ огцом өөрчлөө юу” гэж гайхаж, “Байгаль зурдаг болоо юу” гэж бодсон. 
 
- Гэвч энэ бол байгаль гэхээсээ илүү тухайлсан өвсний тухай өгүүлэмж байсныг 2014 оны “Өвс” үзэсгэлэнгээс ойлгосон. Таны сэдвийн шилжилтийг үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

- Уран бүтээлч хүний сэдэв нас, насандаа өөрчлөгдөж, ертөнцийг үзэх үзэл тэлэхийн хэрээр түүнийгээ дагадаг юм байна. Залуудаа би хүнийг зөвхөн гадна талаас нь зурсан. Одоо бол дотор талаас нь зурахыг хичээж байгаа. Хүн гадна, дотор гэх хоёр талаас бүтэж, нэг цогц болдог шүү дээ. Уран бүтээлчдэд сэдвийн ийм огцом шилжилт хийхэд хэцүү гэж урлаг судлаачид ярьж, “Яаж огцом эргэлт хийв ээ” гэдгийг нь сонирхдог. Үүнийг яаж хийсэн бэ гэдгийг би мэдэхгүй, зүгээр л ертөнцийг үзэх үзэл маань өөрөө “Би дотогшоогоо байя, зөндөө удаан гадагшаа зурлаа. Одоо дотор талдаа юу байдгийг үзье” гээд уудлаад үзэхээр аяндаа өөрийн эрхгүй байгальтай холбогдсон.

Байгальтай холбогдлоо гээд сайхан униар татсан уул, ус, зуны дэлгэр цагийг зурах биш, яг миний дотоод байгалиа л харсан. Хүн бол байгалийн амьтан гэдэг унаган ухаан намайг өдөөгөөд байгаа юм. Тэрнээс би ууланд очиж   этюд хийсэн зүйл байхгүй. Зүгээр л байгальд очоод өвсийг чагнахад надтай юу ярьж байна вэ гэдгийг  бодож явахад энэ бүтээлүүд ундарч гараад  байдаг.

- Сэдвийн өөрчлөлтөөс хамгийн түрүүнд ажиглагдаж буй зүйл бол өнгө. Одоо дэлгэгдэх гэж буй бүтээлүүд маш тод өнгөтэй байна. Таны өмнөх зургуудад бараан уур амьсгал илүү ноёрхдог байсан. Тэгэхээр одоо “Дотогшоогоо харахад илүү гэгээтэй байна” гэх санааг та хэлээд байна аа даа?

- Тийм ээ, яг тийм.
 
- Хүн дотоод чанадаа сонсоод, билгүүн ухаан төрөхөд гэрэл гараад ирэв үү?

- Яг зөв. Мэдээж хүн дан гадна талыг хараад байхаар бараан байна. Дотор талаа хараад ирэхээр гэгээтэй байгаа нь эгээ л хар, цагаан хоршиж амьдрал цогцлоно гэдэгтэй адил. Тиймээс хүмүүс ч гэсэн үүнийг ухамсарлаж, өөрөө өөрийгөө таниасай.

Энэ үзэсгэлэнд Будда юм шиг дүрүүд байгаа биз. Тэгэхдээ энэ бол бурхан буюу тухайлсан Будда биш, миний дотор байгаа мөн чанар юм. Хүн болгоны дотор бурханлиг чанар оршдог гэдгийг хүмүүс харж, өөрөө өөрийгөө үзээсэй.

- “Хутагт, хувилгаад хэдий мундаг ч үнэн болоод аз жаргалыг олох гэж хичээгээгүй хүнд ямар ч нэмэргүй” гэдэг. Харин та хүмүүст тэр эрлийг эхлүүлэх, замыг тусгах толь бэлдэж өгсөн байх нь ээ?

- Бурхан багш бас энэ тухай өгүүлж, “Би өөрөө ийм замаар яваад гэгээрлийн түвшинд хүрлээ. Та нар ч бас энэ замаар явбал өөрөө өөртөө гэгээрлээ  олно. Бурханыг дуурайхдаа бус өөрөө өөртөө хөтөч, багш юм шүү” гэж  хэлсэн байдаг шүү дээ. Түүн шиг хүн өөрийнхөө тэр дотор буй бурханлиг шинж чанараа харвал орчлон гадна талдаа их амар болдог.

Хүмүүстэй зохицож амьдрах, нийгмээ мэдрэх, хүн хүнээ ойлгох, эргэн тойронд буй нохой, шувуу гээд нүдэнд харагдахаас үзэгдэхгүй зүйл хүртэл тэр болгонтой эвсэж, найрсаж амьдрах их хялбархан болж ирж байгаа юм.

- Зураач үүнийг хэдий бүтээлдээ тусгавч үзэгч ойлгохгүй бол харамсалтай ч юм шиг. Таны бүтээлийн санааг үзэгчид хэр ойлгож байна вэ?

- Яг ул суурьтай ойлгож байгаа нь цөөхөн л дөө. Тэгэхдээ хүн болгонд энэ санааг “Та заавал мэд” гэж тулгах нь хүмүүсийг дарамталж байгаа юм шиг муухай шүү дээ. Тиймээс зүгээр л би өөрийнхөө мэдэрснийг буулгачихъя, түүнийг хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгоод явахаас өөр аргагүй.

Өвс зурагны дүрслэлийг харахад намар цагийн, амьдралын зохих шатанд очсон, өвлийг хүлээж буй амь байдаг. Илүү нарийвчлаад үзвэл өвс бүр өөрийн байр, орон зайтай юм. “Ганцаас газар дүүрнэ” гэдэг үг шууд л санагдана.

- Та нэг бүтээлд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Ер нь бол үүнийг би мэдэхгүй. Цаанаасаа өөрөө бүтээгдээд дуусах үедээ өөрөө бүрддэг. Хурдан дуусгая гэвэл болохгүй, нэг жаахан удаан хийе гэвэл аягүй хурдан дуусчихдаг. Тэр цаг хугацааны баримжааг би өөрөө тооцоолж чаддаггүй. Эхлээд нэг санаа орж ирсэн нь өөрөө уртын дуу шиг аялгуулж бөмбөрсөөр байгаад л тэлчихэж байгаа юм. Зарим зураг бол дөнгөж зурж байтал таг гээд дуусчихдаг.

- Зохиолчид өөрөө уншмаар байгаа номоо бичье гэдэг. Зарим нь хүмүүсийн уншмаар байгаа зүйлийг бичдэг ч энэ нь урлаг гэхээсээ арилжааны чанартай. Зарим нь юу бичиж байгаагаа тухайн агшиндаа ер мэдэхгүй явсаар сүүлд нь өөрөө цоо шинэ бүтээлийн анхны уншигч болдог. Өөрийнхөө, төсөөлөө ч үгүй зүйлийг гаргах нь бас амттай ч байдаг биз. Та яадаг вэ?

- Би бол урьдчилаад хардаг. Нэг үг, аялгуу ч байдаг юм уу салхи, нохойн гөлөг гээд намайг өдөөсөн ямар зүйл санамсаргүй санаанд төрөхөд түүнийг авч толгойндоо ургуулаад, зураад л байдаг байхгүй юу. Зурсаар, зурсаар нэг мэдэхэд буулгах цаг нь болжээ гэсэн мэдрэмж төрдөг.

- Бясалгал их хийдэг хүмүүс өөрийн хүссэн өнгөөр юмыг хардаг бололтой. Гэтэл хүссэнээр өнгө нь харагддаггүй зүйл бол зүүд шүү дээ. Таны зүүд хэр тод, нарийн байдаг вэ?

- Ер нь өнгөтэй, есөн жорын гоё, гоё өнгөтэй. Зарим хэсэг нь тод биш байснаа (фокусгүй), нэг хэсэгт тодотгол нь төвлөрч харагдаад цааш дахиад л сарниж үзэгддэг. Хаяа бол огт зүүдэлдэггүй.

- Цөөнгүй уран бүтээлчид зүүднээсээ өөрийн дүрслэл, бичилтээ гаргаж ирсэн байдаг шүү дээ. Танд ийм тохиолдол хэр олон байв?

- Би залуу байхдаа “Зүүд” нэртэй үзэсгэлэн гаргаж, зүүдэнд орж ирсэн зүйлсээ зурж байсан л даа. Одоо бол би зүүдтэй нэг их харьцаж, зүүднээс бүтээл гаргаж ирэхгүй байгаа.

- Хүн зорилготой унтах бол бясалгал, зорилгогүй бясалгах бол унтах гэдэг. Та бясалгал хийхдээ хэр удаан хийдэг вэ?

- Бясалгал олон жил хийхээр агшин бүр бясалгал болж хувирдаг. Тэрнээс заавал өглөө, оройны фитнесс шиг хийнэ гэсэн үг биш. Бид хоёр ярилцаж байхад ч гэсэн миний бясалгал дотогш үргэлжилж байгаа. Тэгэхдээ энэ удаад би бясалгалын тухай нэг их ярьмааргүй байна.

Яагаад гэвэл бясалгал гэдэг хүмүүст яриад байхаар, реклам хийхээр зүйл биш. Бясалгал хүний төрөл тутамд дагаж явдаг, хүний хувь заяатай холбоотой, их нандин, нууц.
Яг миний дотор буй тэр зүйлийг бусадтай хуваалцаад ч нэмэргүй.

Хэчнээн хуваалцая ч гэсэн чи минийхийг, би чиний юу мэдэрдэгийг мэдэж чадахгүй. Тиймээс үүнийг ярьж болдоггүй. Би өөрийнхөөгөө бусдад хэлэх юм бол өөр хүмүүс их, бага хэмжээгээр харьцуулах болно. Нөгөө талаар, “Бясалгал хийгээд хэдэн кг турлаа, маш сайхан унтдаг боллоо, миний бүх юм бүтээд байна” гэх мэтээр хүмүүс амьдралын аар саар жижиг зүйлстэй холбож боддог. Гэтэл энэ бол юугаар ч харьцуулшгүй зүйл юм.

- Таны ярилцлагыг унших хүмүүс дунд бясалгалын талаар мэдэхгүй ч дотоод сэтгэлээ ажиглаж явдаг хүмүүс байвал гэсэн санаагаар асуулаа л даа.

Хэрвээ өөрийнхөө төвлөрөл, ажиглалтыг анзаарч хөгжүүлье гэж бодож байгаа бол хүн хамгийн түрүүнд багшийг олох хэрэгтэй. Тэр багшийг олно гэдэг бол ёстой нэг олон шороо, чулуунаас нэг ширхэг эрдэнэ олсны дайны тийм их аз завшаан байдаг. Тэгэхээр хэрвээ тэгж бодож байвал багшийгаа л хайх хэрэгтэй.

Багш гэлтгүй урлагийн сайхан бүтээлийг багаасаа үзэж, сонсох ч их аз юм шиг надад санагддаг л даа. Пянз цуглуулдаг хүмүүсийн хүүхдүүд урлагийн мэдрэмжтэй болоод өсчихдөг. Гэтэл шугамын радио ч үгүй газраас урлагийн мэдрэмжгүй хүн гарах магадлал өндөр. Тэгсэн хэр нь ээ энэ нь яг ч аз биш, харин нөгөө л үйлийн үр юм шиг.
 
Бас л тэр үйлийн үртэй холбохгүй байхын арга байхгүй. Ер нь бол бусдыг хэзээ ч өөрчлөх боломжгүй юм байна. Би өөрийгөө өөрчлөх л хамгийн чухал. Би хүүхдүүдээ ч гэсэн чи тэгээч ээ гэж юу ч ярьдаггүй. Ярьлаа гээд   минийхээр болохгүй ч, боллоо гээд аз жаргалтай болохгүй ч байж болно. Тийм болохоор хүний аз жаргалыг дээрэмдэж, булааж болохгүй.

- Тантай ярилцаж суухад яг л үеийн хүнтэйгээ ярьж байгаа мэт санагдаж, та маш залуу, сайхан харагдаж байна. Мөн тантай адилхан төрлийн бясалгал хийдэг хүмүүс ч бас их залуу харагддаг. Тэгэхээр үүний учир тэрхүү төвлөрлийн ач холбогдол юм болов уу?

- Бясалгал хийхээр хүн дотоод амар амгалангаа олно. Тэр амар амгалан гадна ертөнцтэй найрсчихаар бүх зүйд нэг их зовох хэрэггүй болчихно. Мэдээж зовлон байна л даа, би бурхан багш болоогүй юм чинь. Тэгэхдээ тэрхүү зовлонг бага тунгаар хүртэж байгаа юм. Уурлаж, бухимдахгүй явахаар эд, эс  ч хорогдол багатай байдаг байх.

- Та өмнөх насандаа хэн байсан бэ гэдгээ сонирхдог уу?

“Би хэн байсан бэ” гэдгээ мэдэх энэ насанд ач холбогдолтой биш. Тэгэхдээ хэн байснаа мэдэх юм бол өөрийнхөө хийж байгаад илүү итгэл үнэмшилтэй болоод, түүнийгээ цааш нь үргэлжлүүлээд дараа насанд бас сайхан явъя гэсэн бодол төрдөг.

- Авьяас бол дадал зуршил гэсэн утгатай санскрит үг аж. Тийм болохоор магадгүй та өмнө нь монголын аль нэг сүм хийдэд зураг зурдаг хүн байсан юм болов уу гэж таалаа. Эрдэнэ зуу хийдийн 400 жилийн настай зургийг харахад саяхан л зурсан юм шиг харагддаг ч хэн зурсан нь мэдэгддэггүй. Та мөн сүм хийдийн бүтээлүүдийг хэр ажиглаж байв?

- Эрдэнэ зуугийн танка зургууд гайхамшигтай. Бид хуучны улсуудыг юм олддоггүй цаг үеийн бүдүүлэг хүмүүс мэтээр бодоод байдаг. Тэгтэл тэд ерөөсөө сүр бадрахгүйгээр маш мундаг байжээ. Миний өмнөх нэг төрөл бол Балба улсад танка зурдаг гэлэнмаа байсан гэж гарч ирсэн. Тэгээд одоо энэ нас маань түүний л үргэлжлэл юм шиг надад санагддаг. Зураг зурах надад ямар ч зовлонтой зүйл биш. Харин хүмүүс уран бүтээл хийхдээ “Би аягүй зовж энэ бүтээлийг гаргалаа, хэдэн шөнө нойргүй хонолоо” гэж ярьдаг. Надад тэр яриа утгагүй санагддаг. Яагаад ийм сайхан урлагийг зовж хийх ёстой юм бэ? Үүнийг чинь жаргаж хийх ёстой биз дээ?

Хүмүүсийн харах өнцгийн зөрүү юм болов уу?

“Аягүй хүйтэнд кино зураг авхуулаад, би бараг л хөлдсөн” гэж тэд ярьдаг. Гэхдээ тэр хөлдөж байгаа нь гоё байгаа биз дээ. Сайхан юмныхаа төлөө өөрөө дурандаа нойргүй хоносондо гомдоллож, гоншигнох хэрэг байна уу? Урлагт хайртай сэтгэл нь биш урлагийн нэг тод илрэл болох юмсан гэх хүсэл нь дийлээд байх шиг харагддаг.

Өөрийгөө аягүй мундаг ажил хийчихлээ гэж бодуулах гээд байх шиг байгаа юм. Яг үнэндээ бол тэр мундаг ч бай, бүх ажил хэцүү шүү дээ. Тэгсэн хэрнээ бүх ажил тийм мундаг биш шүү дээ.

- Таны бүтээлүүдэд байгаа дараагийн сэдвээр яриаг үргэлжлүүлье. Зурагнуудаас нүүдэл ажиглагдлаа. Ялангуяа баадантай зүйлс байна. Баадантай юман дотор ямар нэг зүйл агуулагдаж байж таарна. Нүүдэл сэдвээр та юу илэрхийлэхийг хүсч байгаа вэ?

- Ер нь бол манай монголчууд нүүдэлчин байхдаа илүү их бурхантай ойр байсан юм шиг надад санагддаг. Яагаад гэвэл суурин биш учраас цөөхүүлээ амьдарна. Хэн нэгнийгээ харахаар баярлана. Гэртээ цоож зүүхгүй амьдарч, хэн нэгэн хүн ирвэл хоол хийгээд идээсэй гэж бодно. Гэтэл хулгайч ч гэрт нь хоноглоод явж болох л. Хулгай хийнэ гэж айх ч үгүй, харамлах ч үгүй тийм   гоё ард түмэн байжээ. Нүүдэл өөрөө хүнийг аливаа юмыг өмчирхөөд байдаггүй, амархан хаяж, орхиж чаддаг байхад сургадаг.

Сүйрэл, үгүйрэл ирсэн ч тоолгүй цааш нь амьдарч чаддаг. Тийм, ерөөсөө юмтай муухай зууралддаггүй болгоно. Энэ чинь бид үхэлд бэлэн болгоно.

Хүн үхэвч дараа нь эргээд л өвс шиг ургана гэдгээ монголчууд мэддэг. Тиймээс өвс шиг хагдардаг хүн үхэхдээ аягүй гоёор хагдрах хэрэгтэй. Нүүдэлчид бол яг л тийм гоё амьдардаг хүмүүс. Үүнийг өнөөх л “өвс” надад хэлж, “Та нар ийм байсан шүү дээ, юманд шунадаггүй, атаархдаггүй, хорсдоггүй байсан шүү дээ” гэж хэлээд байгаа юм.

- Хүнийг өвс гэвэл бүрэн боловсорч гүйцээд, цагаа ирэхээр хагдрах хэрэгтэй байх. Өнөөдөр золгүй тохиолдол, өвчин эмгэгээр олон залуус амьдралыг орхиж, юуг ч таньж амжилгүйгээр явж байгаа нь харамсалтай. Тэгэхээр амьдралд ийм дотоод сэтгэлийн асуудал илүү чухал юм байна гэдгийг ойлгоход тодорхой хэмжэний хугацаа хэрэгтэй юу?

- Хугацаа хэрэгтэй. Хувь хүн бүрт өөр өөрийн хугацаа бий. Бүх юм өөрийн гэсэн хугацаатай. Тийм болохоор, “Надад ийм сайн үр дүн гарлаа. Одоо чи ингэ” гэж болдоггүй. Гэтэл тэр хүн үүнийг одоо ойлгохгүй байсан ч гэсэн хэдэн жилийн дараа ойлгоод, мундаг явж ч болно. Тиймээс хүнээс шаардах хэрэг байхгүй. Ёстой л хүн бүр өөрийнхөө зурагдсан зургаар л явж амьдрах биз

- Энэ орчлонд хүний яаж амьдрах зурагдсан зураг гэж бий уу, эсвэл хүн өөрөө зураад байна уу?

- Би бурханы зурсан зураг бий гэдэгт итгэдэг. Тэгэхдээ тэр зургийг хүн өөрөө ухаарч, зөв зурагдсан эсэхийг төвлөрлөөр тодруулж, хуурмаг үзэгдлээс сэргийлж явах хэрэгтэй.

- “Гэгээнтэнд өнгөрсөн цаг, нүгэлтэнд ирээдүй цаг бий” гэдэгтэй л ижил юм.

- Яг үнэн.

- Таны энэ удаагийн бүтээлүүд маш тод өнгөтэй харагдаж байна. Монголын уран зураг ерөнхийдөө өрнө, дорнын алинаас ч илүү тод гэж санагддаг. Энэ үнэн үү?

Үнэн. Олон зураачдын дундаас монгол зураг аягүй тод байж, эрс ялгардаг. Энэ нь байнга нартай байдгаас улбаалдаг байх. Дээр нь манай өвгө дээдэс болоод хутагт, хувилгаадын ерөөл ч бас нөлөөлдөг. Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй билэг ухаан нь хөгжсөн, гэгээрсэн хүмүүсийн ерөөл өнөөдөр ч бидэнд хишиг буянаа өгч байгаа. Ерөөл гэдэг айхавтар зүйл юм. “Чи шүү, хайртай шүү” гэдэгтээ биш. Ерөөлөөр дамжиж үр удам нь ерөөгдөж явдаг юм байна л даа. Хутаг жанлав орших эрчим хүчний суурин дээр бидний амьдрал ургадаг учраас хүний дотор заяагдмал гэрэл, гэгээ бий.

- Та олон жил хар хувцас өмсөж, бараан өнгөтэй зураг зурсан ч өнөөдөр үүнийг гаргасан нь зарим хүнд бас л ойлгомжгүй хэвээр байгаа байх даа?

- Гэрэл, гэгээтэй өнгө ярихаар хүмүүс хар өнгийг гоочилж эхэлдэг. “Хар өнгө муухай, чи дандаа хар юм зурлаа” гээд дандаа муу юмтай хар өнгийг  зүйрлээд байдаг. Тэгтэл тэр хар өнгө гэдэг маань хамгийн гоё тэнгэрлэг өнгө юм. Яагаад гэвэл хар өнгө бүх өнгөтэй найрсаж, нэгдэж чаддаг уян хатан  өнгө. Хэрэв би энэ цагаан цамцан дээр ягаан хувцас өмсөн бол гоё тод харагдахгүй. Тэгэхэд энэ хар нөмрөгийг өмссөн учраас цагааныг илүү тодотгож өглөө. Хар өнгө хажуу дэргэдэхээ дэмждэг, хажуудахдаа атаархдаггүй, зүгээр л зайгаа тавиад өгдөг.

- Таны зургуудад бурханыг санагдуулам шар, цэнхэр өнгөний хослол бий. Энэ хоёр өнгийг хослуулдаг зураач цөөнгүй авч цаад эх өнгө нь хоорондоо давтагддаггүй. Энэ хослол хаанаас гарч ирсэн юм бол?

- Би цэнхэр өнгөнд их дуртай. Хамтатгахын орд бол цэнхэр, шар өнгөөр амьдардаг хүмүүс гэсэн. Цэнхэр өнгөөр зурахаар заавал шар өнгө өөрийн эрхгүй хань нөхөр нь юм шиг дагаж гарч ирдэг.

Хүмүүс хар өнгийг сөрөг утгаар хардаг нь амьдралыг дандаа сайхан байлгах гэсэн хүслээс улбаатай болов уу. Хүссэн бүхэн биелэж, аз жаргалтай байх ёстой мэтээр бодож, сайхан хүн гэхийг туйлын зөв этгээд байлгах гэж шаарддаг. Гэтэл ийм зүйл боломжтой юу? Би өөр дээрээ харахад л надад бусдад хэлэхээс ичмээр, хүн мэдчих вий гэж нуумаар зүйлс байдаг л юм.

Миний туршлагаар бол хүн сайн, муу буюу хар, цагааны дотор бурхан, чөтгөр хоёр шиг зэрэг оршдог. Тиймээс чөтгөртэй хэсгээ ч ажиглаад, бурхантай хэсгээ ч ажиглаад, аль алинтай нь найрсахаас өөр аргагүй. Муу зүйлтэй найрсаж байж л учрыг нь олно шүү дээ. Оронд нь илүү тэмцэлдээд байвал зөрчил улам л гаарна. Найрсана гэдэг чинь аягүй гоё арга.

- Энэ удаад таны зурсан тэмээний нүд их баясгалантай харагдлаа. Харин үхэрнүүд төв, дүнсгэр харцтай байна. Тэгтэл та өмнө нь зурсан хонины өнгө хачин гунигтай байсан. Нүд сэтгэлийн толь гэдэг шүү дээ. Та эднийг ингэж өөрөөр зурсан шалтгаан юу вэ?

- Хонь байнга л бидний идшэнд явж байна. Ээжийг нь ч, ахыг нь ч аваад л явчихна. Бид амьтдыг амьтай гэж харах биш, юу ч мэдэрдэггүй эд хогшил шиг санадаг. Гэтэл тэд гэгээрье гэдэг бодгүй л болохоос бидэнтэй адилхан мэдрэмж, сэтгэлтэй. Ер нь хараад байхад хэчнээн ухаантай, хэчнээн хөөрхөн билээ дээ? Харин хүмүүс тэднийг дураараа алж идэж байна.

Хуучин цагт бол зуны цагт идэхгүйгээс гадна хонио муулахдаа тарни уншиж, сүнсийг нь тайтгаруулж байж биеийг нь авдаг зэрэг зохих ном байж. Одоо бол айлгаж, яргалж байгаад идчихэж байгааг нь бодохоор бид магадгүй аймшигт автаж, ертөнцөд хорогдсон олон хонины сүнсэн дунд сууж байгаа ч юм билүү? Мөн идэх мөрөөрөө идэхгүй тэднийг тарган өөхтэй, туранхай хатуу гэж голж шилж байгаа нь ердөөсөө л мангасны араншин юм шиг харагддаг.

Энэ бол монголчууд урд нь хэн байснаасаа л их хол тасарч буйн илрэл байх л даа. Нэг зууны өмнө гэхэд л монголчууд гаминтай тулахдаа “Би энэ хүний амийг таслая гэж тасалсангүй, эх орон, элгэн саднаа хамгаалах гэж байлдлаа. Харвасан суманд минь оногдсон хүн хойд насандаа сайн төрлийг олох болтугай. Хоржийлоо” гэж маань уншаад тулалддаг байж л дээ.

Ингээд л бид уламжлал болоод өнгөрсөн цагаас өөрсдийгөө хэн байсныг мэдэж болдог нь сайн хэрэг юм. Уламжлалаа гээсэн хүмүүсээс ан хийх дуртай залуус олон байна. Тэгтэл өөрөөсөө чадалгүй юманд эр бяраа гаргах бол хамгийн ичиж зовмоор хэрэг шүү дээ.

- Зургуудад эрвээхий их дүрслэгджээ. Эрвээхэй бол баруунд аливаа учир анхдагч шалтгааны бэлгэдэл болдог. Та ямар утгаар авч хэрэглэсэн бэ?
 
- Би эрвээхэйг ердөө гоо үзэсгэлэн талаас нь авсан. Эрвээхий харсан хүн, “Энэ ямар муухай бузар юм бэ” гэж хэлээд алъя гэж боддоггүй байх. Тэр гоо үзэсгэлэнг яаж хөнөөх юм бэ? Тэгэхээр энэ үзэсгэлэнгийн гол сүнс нь эрвээхий юм. Байгаль гэдэг бол өөрөө ийм гоё гоо үзэсгэлэн төгс, яруу тансаг, ямар ч нүүрээ татуулаагүй, уруулаа будаагүй бөгөөд өөрөө, өөрөөрөө ийм гоё байдаг юм гэдгийг харуулах гээд байгаа.

- Өвстэй зургийн өмнүүр асгасан овьёос дунд толь харагдлаа. Энэ бол “өвс гэдэг та юм” гэсэн санааг та хэлэх гэсэн бололтой.

- Гол нь миний хэлэх гээд байгаа нэг санаа бол өвсийг хэн ч тарьж, борддоггүй боловч тэр цаг нь болохоор өөрөө цухуйж гарч ирээд цаг нь болохоор өөрөө хагдарч унасаар дөрвөн улирлыг элээж явахдаа байгалийн жам ёсоор өөрөө, өөрөөрөө л байдаг. Өөрөө өөрийнхөөрөө байна гэдэг их том, чухал сэдэв юм. Гэтэл хэн ч өөрөө, өөрийнхөөрөө байж чаддаггүй шүү дээ. Эцсийн бүлэгт өвс гэдэг зүйлийг тусгал гэж авч үзэх юм бол миний  дотор буй сэтгэл миний л тусгал. Би хэдий чинээ муухай ааш араншин гаргаж байна вэ, миний дотроос тэр чинь л гарч ирж байгаа. Тэгэхэд өвс өөрийнхөөрөө л байж хэнээр ч аргадуулж, туслуулдаггүй.

- Та “Яруу найраг ба би” үзэсгэлэнг 2003 онд гаргаж, ном хэвлүүлсэн. Тэрхүү интернэт хөгжөөгүй, ном ховор тэр цагт модернизмыг дүрслэх урлаг, яруу найраг хоёроор зэрэг харуулж чадсанаараа их сайхан болсон санагддаг. Одоо харин тэрхүү номонд шүлэг нь орсон яруу найрагчдын бүтээл шиг сэтгэгдэл төрүүлэм бүтээл ховор төрж байх шиг. Танд одоо ямар шүлэг гоё санагддаг вэ?

- Сүүлийн үед гэлтгүй ер нь дотогшоо хандсан шүлгүүд л гоё байдаг. Мөн яг одоо цагийг дүрсэлсэн, хэзээ ч уншсан яг тэр мөч дахин мэдрэгддэг хайку сайхан. Зарим хайкуг уншихад “Би илүү гоё, тасарчихсан хайку бичье” гэсэн эрмэлзэл байгаа нь мэдрэгддэг. Тэгтэл өөрийгөө юутай ч зүйрлүүлж, уралдуулаагүй, байгалийн гоё агаарыг үнэгүй үнэрлэж байгаадаа баярлачихсан, яг тэр агшиндаа бичсэн мөртүүд гоё.

Надад Л.Өлзийтөгсийн шүлгүүд их гоё, гүн санагддаг. Өөр нэг их адал явдалтай зохиол, роман би уншдаггүй. Тэднийг уншихаар тэр хүний л эго харагддаг. Хэдий гоё байж болох ч тэр хүнийг л ойлгоё гэж уншихаас тэр дотроос надад өгөөжтэй зүйл үгүй юм шиг санагддаг.
 
- Энэ санаа контемпорари урлагийн “Энэ урлаг мөн гэж үү” гэж алмайруултал өддөг мөн чанартай их төстэй санагддаг. Хүний тогтсон сэтгэлгээгээр тоглох, өөрийгөө мөн чанарыг илүү харуулах гээд орчин үеийн урлаг олон шинжтэй. Танд дүрслэх урлагийн өнөөгийн хөгжил ямар санагддаг вэ?

- Яах вэ, олон хүн, олон оюун санаа үүнийг үзэж, бүтээж байгаа тул би ямар нэгэн зүйл хэлэхгүй. Тэд өөрсдийнхөөрөө бүтээж, үзэж л байг. Тэгтэл ухамсарт нь билэг ухаан тогтсон хүмүүс үүнийг өөрөөр хүлээж авна. Эсвэл тийм бүтээлч гарч ирэх юм бол илүү өөрөөр орчин үеийн урлаг хийж, хүмүүсийг өдөөн хатгаж болно. Тийм учраас аль аль нь байгаасай гэж бодож байна.

- Гадаадад явахдаа галерей үзэхдээ ямар сэдэв, хийцтэй бүтээлийг та илүү сонирхож хардаг вэ?

- Галерей үзэхгүйгээр гадаадад явна гэсэн ойлголт байхгүй. Ингээд явж байхад зарим зүйлс нүдний урдуур жирэлзээд өнгөрч байтал зарим нь үнэхээр гоё санаатай байна гээд харагддаг. Түүнээс үнэхээр шүтэж, ухаан алдмаар санагдах зүйл байхгүй л дээ.

- Ер нь бүтээл давтагдашгүй байх ёстой юу. Эсвэл ямар нэгэн бүтээлээс санаа аваа юу даа гэж тааварлаж, жишэхүйц байж болох уу?

- Болно шүү дээ. Хүмүүсийн оюун санаа бүгд хоорондоо нүдэнд харагдахгүй сүлжээгээр холбогдсон байгаа. Өөр нэг хүний бодол надад ч адилхан бодогдох боломжтой. Ийм давхцал зөндөө бий. “Үлдээсэн мөрөн дээр чинь өөрийнхөөг нэмэе” гэж дууны үг шиг ер нь л шинэ зүйл гэж байхгүй.

- Хүн залуудаа илүү шинэлэг зүйл хийдэг үү? Та жишээ нь 1991 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргахад монголд анхдагч болсон гэдэг ч юм уу. Дараа нь Бээжин, Парист хоёр жил дарааллаад үзэсгэлэн дэлгэсэн. Тэр үед та юу мэдэрч, юунд төвлөрдөг байв? Одоо тэр хэвээрээ байна уу, хувьсал хэр явагдсан бэ?

- Үгүй ээ, огт өөр болсон. Хүний бодол агшин, хоромд хэдэн зуун удаа хувирч, хүний эд эс хорин хэд хоноод л шинэчлэгддэг. Тэгэхээр тэр үеийн Саранцацралт бол огт өөр хүн. Эртний зургуудаа харахаар би бүр заримыг нь таньдаггүй. Зарим нь бол “Юу ч үзэж танилцаагүй, хөмөрсөн тогоо шиг нийгэм дотор урлагийг гоёор харж байжээ” гэсэн тоох сэтгэгдэл ч төрүүлнэ. Мөн ямар ичмээр юм бэ, өдий насан дээрээ ийм зүйл хийж байж гээд голох ч үе байна. Янз, янз.

- Тэгэхээр залуу насанд илүү бүтээлч гэдгийг та зөвшөөрөх үү?

- Илүү бүтээлч гэж зөвшөөрөхгүй. Залуу насанд мэдэхийн төлөө, яавал би гоё зүйл хийх вэ гэдэг хүсэл эрмэлзэл дүүрэн байдгаараа өөр. Би чинь гоё л юм хийж хүмүүсийг баярлуулах үүрэг хүлээчихсэн хүн шүү дээ. “Дараачийн үзэсгэлэнгээрээ юу хийж хүмүүсийг би баярлуулах вэ” гэж боддог байсан. Тэгээд үзэсгэлэн дээр хүмүүс ирээд баярлаж байгааг харахдаа би гоё кайф авдаг.

- Уурлуулж, баярлуулж чадахгүй бол тэр ямар зураг юм бэ?

- Зөвхөн тэр мөчийг л харахын тулд би үхэн хатан зурж, чулуу балбаад л юм хийдэг, тэр жижигхэн агшиныг харахын тулд тэр их ажлыг гүйцээсэн. Одоо харахад миний зорилго их жижигхэн ч юм шиг. Нэг харахад том ч юм шиг. Зарим уран бүтээлчид “Том үзэсгэлэн нээнэ, тийм шагнал авна, дэлхийг эзэлсэн Ван Гог шиг зиндаанд хүрнэ” гэх мэт зорилго тавьдаг бол миний зорилго тэр л үзэгчийн сэтгэл хөдлөх агшиныг харахад чиглэдэг.

- Кайфыг өөр юунаас илүү авч байна вэ?

- Сэтгэлээ амар амгалан байх, байгальтай харьцах юм даа. Зүгээр л тэр хатсан өвсийг харахад аягүй их амар амгаланг олж авч байгаа. Эцсийн бүлэгт хүнд сэтгэлийн амар амгалан шиг сайхан зүйл байхгүй. Одоо бол юм юмнаас амар амгалан харж байна уу гэхээс өөр кайф сэтгэлийн амар амгалангийн дэргэд жижигхэн санагддаг.

- Та насаараа хотод амьдарсан. Энэ хот хэр өөрчлөгдөж байна вэ?

- Хот аягүй том болсон. Би ердөөсөө 23-р сургууль, Их дэлгүүр орчимд амьдарсаар байгаад өтөлж байх шиг байна. Одоо жаахан холдоод явбал бүр төөрч магадгүй.
 
- Хот гэдэг амьдарч байгаа хүмүүсийнхээ л тусгал. Азийн зарим улсууд тэр чигээрээ нар гялбасан алтан сүм бүхий хотод амьдрах юм. Тийм газар очиход ямар сэтгэгдэл төрдөг вэ? Бидний ийм утаатай хотын амьдрал танд ямар байдаг вэ?

- Хэчнээн гоё хот байлаа гээд энэ дотор хүмүүс өөрсдөө гоё байж чадахгүй бол тэр харамсалтай. Хүмүүс утаатай байна, дайжъя, өвөл сайхан дулаахан газар очъё гээд янз бүрээр ярьдаг. Надад ерөөсөө явах санаа төрдөггүй. Хүн байгаа газраа ямар сэтгэлээр харна вэ, яг л тийм байна. Гоё сэтгэлээр харах юм бол тэр утаа байхгүй гоё болчихно. Голохоосоо илүү гоё юмыг нь олоод харчих юм бол бусад зүйлсийг нь балруулдчихаж болдог. Тэгж л амьдрахыг хүсч байна.

- Таныг бага байхад Баруун Сэлбэ урсдаг байв уу?

- Энэ хавиар чинь аягүй их устай. Занабазарын музейн дэргэдүүр гол нь  урсдаг байсныг нь манай ээж ярьдаг байсан ч би бол үзээгүй. Намайг хүүхэд байхад аав “Гадаа битгий гарч бай” гэдэг, би өөрөө ч гарах их дургүй  өдөржин гэртээ зургаа зураад, баримлын шавраар тоглоод байж байдаг.

Гурван хавтастай толинд харахаар би өөрөө аягүй олон болчихдог. Тэр болгонд нэр өгчихөөд л, нөгөөдүүл бүр миний найзууд болчихсон, тэд нартайгаа өдөржингөө ярьдаг, яг л галзуу хүн шиг байсан.

 

- Хүмүүс “Би ээждээ цай чанаж өгдөггүй байсан, тэрэндээ их харамсдаг” гэж зурагтаар гарсан яриаг өөр дээрээ тусгаж ярихыг олонтаа сонссон юм. Та ээжийгээ яаж баярлуулдаг вэ?

- Би ээжийгээ их баярлуулдаг. Ээждээ ингэж чадаагүй шүү гэсэн харамсал надад байхгүй. Бүх талаар л баярлуулахыг би хичээдэг. Ямар сайндаа орхиод явж чадахгүй, яг ээжийн гэрийн урд урлан бариад суучихаж байгаа юм. Тэгээд л хоёулаа сайхан цайгаа уугаад, нохойтойгоо, ээжтэйгээ байхад жаргалтай. Ээжийнхээ бүх л дуртай юмыг авч өгч, дуртай юмыг нь хийдэг. Дургүй юмыг нь аль болохоор хийдэггүй. Бага байхын л тийм байсан.

- Эргээгээд та охидуудаасаа харж, хүлээдэг юм бий юу?
 
- Үгүй би тэгдэггүй. Тоовол тооно л биз. Тоохгүй бол тэр л биз. “Би чамайг төрүүлээд, ингэж өсгөсөн” гэж хүмүүс ярихад би их дургүй. Би ямар хөл гараа хучуулах гэж хүүхэд төрүүлсэн билүү. Тэгээд ч тэр хүүхэд намайг төрүүлээд өгөөч гээгүй байхад би өөрөө төрүүлчихээд яагаад юм нэхэх ёстой юм бэ?

- Та бараг мэдээ орсон цагаасаа л зурсан гэсэн. Хадгалж үлдсэн зураг бий юу?

- Уг нь надад хэдэн шуудай зураг байсан. Дөчин мянгатын хуучны айлууд байрныхаа гадаа хогшил хураадаг амбаартай байсан даа. Нэг удаа үер болоход тийм амбаарт хураасан миний зургууд усанд автаад байхгүй болсон.

- Нэртэй зураачдын бүтээлийг оюутнуудаар хуулуулж зуруулж, борлуулдаг тухай сонсогддог. Таны бүтээлийг тэгж байв уу?

- Хүмүүс тэнд чиний зургийг зурсан байна гээд л ховлож байдаг. Би тэрийг нэг их тоодоггүй. Яадаг юм бэ, урлаг чинь өөрөө элбэг баян, бүх хүнд хүртээмжтэй байдаг юм чинь, ямар хамаатай юм бэ, тэрийг сайхан зараад л, хуушуурныхаа мөнгийг олсон бол олно л биз дээ. Тэрийг юунд нь харамлах вэ? Угаас хуулсан байлаа ч нэг өвсний байрыг яг тэнд нь тавьж чадахгүй шүү дээ. Би өөрөө ч дахиж нэг газар хийж чадахгүй.

- Танд одоо керамик, инстолляц зэрэг өөр зүйлс хийх сэдэл хэр орж ирж байна вэ.

- Янз бүрийн санаа орж ирдэг боловч тэр болгоныг барьж авах сонирхолгүй болсон. Хуучин бол керамик ч, баримал ч хийгээд, чулуугаар ч хийгээд. Өөр бүр синтез арт гэж хийж байсан. Одоо бол сонирхолгүй болсон. Одоо аягүй гоё залуучууд гарч ирээд гоё юм хийж байхад. Тэдний бүтээлийг харж баярлах бас гоё шүү дээ.

- Ямар уран бүтээлчид бүтээлээрээ таныг баярлуулж байна?

- Баярлуулж байгаа хүмүүс зөндөө байна. Н.Сүхбүрэнгийн нарийн хийцтэй баримлууд байна. Ж.Мөнхцэцэгийн сүүл үед оёж хийсэн зөөлөн баримлын гоё үзэсгэлэн гаргаж байна. Харин надад одоо бас цаг их бага. Их олон амьтантай болохоор тэд нарыг бас баярлуулах хэрэгтэй. Ээжийгээ бас асрах хэрэгтэй.

- Та өөр уран бүтээлчийн бүтээл цуглуулж байсан уу?

- Манай найзууд зургаа солилцох зүйл байдаг ч би цуглуулж байсангүй. Г.Соосай гуай надад хэдэн таталбараа бэлэглэсэн. Би юм цуглуулдаггүй, харин Ч.Болдсайхан эмч Г.Соосай гуайн зургуудыг цуглуулдаг учраас түүнд өгчихсөн.

- Зураг цуглуулдаг хүмүүс юугаараа адилхан байдаг вэ?

- “Чи яагаад үүнийг худалдаж авсан юм бэ” гэж би асуудаггүй. Үнэн голоосоо дуртай хүн, зүгээр рекламдаж байгаа хүн, гэрээ гоёх гэж байгаа хүн, эсвэл үр хүүхэддээ өвлүүлэх гэж байгаа хүн гээд янз бүрийн зорилготой. Тэгээд тэр хүмүүс өөр өөрсдийнхөө зорилгоор аваг л дээ. Нэг хэвэнд оруулж, дүгнэх гээд ч яах вэ.

Зураг өөрөө хувь заяатай учраас цаашаагаа авсан эзэдтэйгээ хамт амьдарна шүү дээ. Аль болохоор авч байгаа хүмүүст, гэр оронд нь сайхан юм түгээхийг л боддог.
Уурлачихсан ч юм уу, толгой өвдсөн, сэтгэл хямарсан үед зураг зурдаггүй. Хүн сэтгэлээ гаргаад, мөнгөө зарцуулж байхад айлд муухай юм өгч болохгүй шүү дээ. Тийм учраас жаахан л “но” гарах юм бол хаячихдаг. Гоё бясалгал хийгээд, амар тайван байхдаа зурсан зураг огт өөр байдаг.

- Хуучин сэхээтэн гэдэг ерөнхий ойлголт олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байлаа. Одоо утга тодорхойгүй, олон хариулттай болж. Таныхаар сэхээтэн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?

- Би сэхээтэн гэж олон сургууль төгсөж, олон ном уншсан хүн гэж бодохгүй байна. Сэхээтэн гэдэг бол өөрийгөө хүн болгочихсон хүнийг л сэхээтэн гэж боддог. Хүний дүрстэй мангас шиг улсууд зөндөө бий.

- Урлагт ч тэр, амьдралд ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг их дэвшүүлж тавьдаг болж. Ард нь олон төрлийн л шалтгаан бий. Та юу гэж боддог вэ?
 
- Би эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаагүй гэж л боддог. Ерөөсөө бүх хүн өөр, өөрийнхөө оюун санаагаар өөрийнхөө зөв гэснийг хийж байгаа. Тэрнийг би ямар сэтгэлээр харна вэ, тэр л гол. Сэтгэлээ л удирдаж чадах юм бол яаж тусгаж авахаа шийдэж чадна. Буруу, муу гэж байтал зөв зүйл гараад ирдэг. Зуун хувь сайн шүү гэж хүмүүс магтаж байтал муу зүйл гараад ирдэг. Алийг нь үнэн гэж үнэмшихийг мэдэхгүй шүү дээ.

- Алийг нь барьж авахыг мэдэхгүй гэснээс, “Монголын урлаг яавал хөгжих вэ” гэсэн шийдэлгүй нэг сэдэв бий. Хөгжих гэдгийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Гадны том биенналиудад хүндтэй байр суурь эзэлдэг байх, эсвэл бүтээл дэлхийд өндөр үнээр зарагддаг болох, хүмүүс мэддэг болох, монголчууд өөрсдөө үздэг болох гээд хөгжлийн асуудал дэвшүүлдэг. Танд урлагийн хөгжил гэж ямар утгатай вэ?

- Дэлхийтэй харьцая гэвэл саяны хэлдэгээр олон газар үзэсгэлэнгээ тавих нь зөв. Олон биенналиудад оролцъя гэдэг нь ч зөв. Залуучууд тэгж яваад л монголын нэрийг дэлхийд гаргах нь зөв. Миний хувьд янз бүрийн зорилго байхгүй.

Хүн ер нь өөрийнхөө цаг үед амьдардаг юм байна. Би залуудаа хийе гэсэн бүхнээ хийсэн. Тухайн үед хүмүүс хийгээгүй байхад түрүүлж үзүүлээд баярлуулчихсан.
Тийм болохоор ханаж, цаддаг байх хэрэгтэй. “Үхэн үхтлээ сурдаг юм байна” гээд дайраад байдаг хүмүүс бий. Би тэгэхийг хүсдэггүй. Би өөрийнхөө цаг үед амьдарсан, чадлынхаа хэрээр үзүүлсэн. Одоо залуучуудын сэтгэлгээ огт өөр болсон. Та нар бол тэд нарыг л харж баясна шүү дээ.

Биднийг бол түүх маягаар “Аан ийм юм байсан юм байна. Тэдний гаргасан жимээр бид ингэж яваа юм байна” гэж нэг тийм хүндэтгэх байдалтай харахаас юу гэж миний бүтээлийг хараад “Паа, пүү” гэж бишрэхгүй шүү дээ. Тэгэхээр үе, үедээ л байна. Түүнээс минийхийг тоо гээд залуучуудыг татах гэж дайрна гэсэн юм байхгүй.

 

Ярилцсан Ж.Чинбат