Монголын худалдаачдын холбооноос тэдэнд тулгамдаж буй төрийн болон өрийн дарамт, өдрийн зээлийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд удахгүй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн батлагдах гэж байгаа "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам"-ыг батлахаас өмнө нээлттэй санал асуулга зохион байгуулж, бидний төлөөллийг хүлээн авч уулзах хэрэгтэй гэлээ.
Худалдаачид 28 жил төрийн бодлогоос гадуур ажилласан. Тиймээс төрөөс Банк санхүүгийн байгууллагуудад жижиглэн худалдаа эрхлэгчдэд уян хатан шаардлага тавих, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрхийг хамгаалах талаар, дэмжих талаар тусгаж өгөөч хэмээн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн удирдлагуудад болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан бичиг хүргүүлжээ.
Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам "Худалдаачдад тулгамдаж байгаа өөр нэг асуудал бол ТҮЦ ажиллуулах нийслэлийн зөвшөөрлийн тухай асуудал байна.
Нийслэлийн Засаг дарга Су.Батболд 2016 оноос ТҮЦ ажиллах журмаас түтгэлзээд, зөвшөөрөлгүй гэх нэр томъёоллыг өгсөн. Ямар учраас түтгэлзсэн тухайгаа ард түмэнд тайлбар өгөөгүй. Бид тайлбар авмаар байна" гэв.
Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа "Их хурлыг бидний төлөө ажилладаг болтол нь бид тэмцэнэ. Худалдаа үйлчилгээ эрхлэх нь зөв амьдрахыг хүссэний илэрхийлэл мөн. Бид эх орондоо ядууралгүй, эрүүл энх амьдрахыг хүсч байна. Бидний хүслийг төрөөс дэмжиж, хамтран ажиллахын оронд амьдралд нийцээгүй хууль, стандарт гэгч худалдаачдын сонирхлыг харгалзахгүйгээр тогтоож, түүнийгээ мөрдүүлэхээр олон шат дамжлага бүхий хүнд суртлыг бий болгож, авлига хээл хахууль, торгууль, шийтгэл гэх нийгмийн сөрөг мэдэгдэлд шантарч байна.
Төрөөр өрөвдүүлэх гэсэнгүй, гагцхүү бидэнд бүү саад болооч.
Худалдаачдын 80-90 хувь нь өдрийн зээлийн дарамтанд орж байна. Худалдаачдад зориулсан төрийн бодлого хэрэгтэй байна. Эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авах чадвар муудаж, ажилгүйдэл ихсэхийн хэрээр худалдаа наймаа, ашиг орлого багасаж байгаа нь худалдаачдын тулгамдсан асуудал юм.
300,000 гаруй худалдаачин байгаа тэдний 70% нь өрийн дарамтанд, 80% нь төрийн дарамтанд худалдаа наймаа хийж байна".
"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ны тэргүүн Н.Батцэцэг "13 гудамжийг ТҮЦ-ээс чөлөөлөх асуудал яригдсан, энэ дундаас амьдралынхаа төлөө тэмцэж байгаа ТҮЦ ашиглагчдыг ялгах хэрэгтэй.
Мөн прокурорын бичиггүй цагдаа гэх хүмүүс ирээд ТҮЦ хүчээр ачиж, эвдэж байна. ТҮЦ-дээ оруулсан хөрөнгийн хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй байна" гэв.
Монголын худалдаачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Урантөгс "Бидний зүгээс төрд долоон шаардлага тавьсан ч хариу алга байна. Өдрийн зээлний, мөнгө хүүлэгч нарын дарамтанд өртсөн худалдаачид өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа. Мөн мөнгө хүүлэгчдийн системд орж байгаа нь бидний буруу ч яагаад энэ зээлийг авах хэрэгцээтэй болсон тухай анхаарч үзэх хэрэгтэй. Өдрийн зээлээс болж амь насаа алдаж байгаа, гэр бүлээсээ салж байгаа худалдаачдын тоо нэмэгдэж байна".
Монголын худалдаачдын холбооны удирдах зөвлөлий гишүүн н.Мөнхцэцэг "Төр ард иргэдийнхээ өмнө эдийн засаг, хууль зүйн, нийгмийн талаас аятай таатай нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй ч гүйцэтгэхгүй байна.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тамхины хяналтын тухай хууль санаачилсан нь өөрт нь үйлчлэхгүй, бидэнд сард 900,000 төгрөгний торгууль хэлбэрээр ирж байсан удаатай. Энэ хууль нь жижиглэн худалдаа эрхлэгчид, худалдаачдыг хямралд оруулж байна. Мөнгөний биш хүний нийгэмд амьдармаар байна" гэж уриаллаа.