Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс 18 настныг “том хүн”-д тооцдог боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Лхагва гарагт Японы парламент Иргэний хуулиндаа өөрчлөлт оруулж, насанд хүрэгчийн насны босгыг 20-оос 18 болгон бууруулах шийдвэр гаргалаа. Хүн ам нь улам бүр хөгширч байгаа энэ улсад залуу үеийнхнийг нийгмийн харилцаанд түлхүү оролцуулах бодлогын хүрээнд уг өөрчлөлтийг хийж байгаа юм.

2022 оны дөрөвдүгээр сараас хэрэгжих хууль ёсоор 18 ба 19 настнууд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр гэр бүл зохиох эрхтэй болж байна. Одоогийн байдлаар 18 ба түүнээс дээш настай эрчүүд, 16 ба түүнээс дээш настай бүсгүйчүүд гэрлэж болдог ч 20 хүрээгүй бол эцэг эхийн зөвшөөрлийг заавал авах ёстой байдаг.

Харин шинэ хуулиар эмэгтэйчүүдийн гэрлэх насыг 18 болгон дээшлүүлжээ. Насанд хүрэгчийн насны босгыг бууруулсантай холбоотойгоор бусад 22 хуульд өөрчлөлт оруулах болж байна. Гэхдээ 20 хүрээгүй залуус согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, мөрийтэй тоглох эрхгүй хэвээр үлдэж байгаа юм.

Мөн 18 ба 19 настнууд эцэг эхийн оролцоогүйгээр бие даан арилжааны гэрээ байгуулах эрхтэй болж байгаа тул тэднийг туршлагагүйтэж, алдагдалтай гэрээ байгуулахаас хамгаалах зохицуулалтыг хийж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Japan Today