Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн ноолууран хувцасны ХАМГИЙН ТОМ дэлгүүр ГАЛЛЕРИА УЛААНБААТАР нээгдэх гэж байна

Б.Ану
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Анх 7.15 тэрбум төгрөгөөс эхэлсэн үнэлгээ бүхий хуучнаар Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдааны үеэр Абдул Карим гэх эрхэм 24 тэрбум төгрөгөөр худалдан авах санал гаргаж ялагчаар тодорч байсан ч тэрбээр удалгүй энэхүү саналаасаа татгалзаж дуудлага худалдааны үеэр түүнтэй өрсөлдсөн дараагийн саналыг гаргасан Таван Богд групп 23.85 тэрбум төгрөгөөр худалдан авах санал биеллээ олсон билээ.

Улмаар 2016 оны нэгдүгээр сард Таван Богд групп Хэвлэх үйлдвэрийн оронд баригдах барилгын зургийн уралдаан зарлаж шилдэг бүтээлийг нь тухайн оныхоо гуравдугаар сард олон нийтэд танилцуулж байжээ. 

Тэд Хэвлэх Үйлдвэрийн барилгыг 1929 оных нь түүхэн дурсгалт байдлыг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулан сэргээн засварлаж, ГАЛЛЕРИА УЛААНБААТАР / GALLERIA ULAANBAATAR нэртэйгээр худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн. 

Тэгвэл үүнээс хоёр жилийн дараа буюу 2018 оны наймдугаар сарын 15-нд ГАЛЛЕРИА УЛААНБААТАР ашиглалтад ороход бэлэн болжээ. 

 

Олон жилийн турш төрийн ордны яг хажуу талын хотын төв дэх балгас болсон байшин ийнхүү шинэ өнгө төрхтэйгээр ашиглалтад ороход бараг бэлэн болоод байгаа аж. 

ГАЛЛЕРИА УЛААНБААТАРын зураг төслүүдээс:

 
 
 

Хуучин “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгын суурь 2,555 метр квадрат бөгөөд хуучин барилга дээр нь нэг давхар нэмж нийт гурван давхар бүхий 7,665 метр квадрат талбайтайгаар үйл ажиллагаа явуулах юм байна.  Хэвлэх үйлдвэрийн барилгыг нурааж өндөр шилэн барилга барих боломж байсан ч төрийн ордны хажууд энэ нь зохимжгүй гэж “Таван Богд” групп үзжээ. Хуучин барилгын суурийг хүчитгэн иж бүрнээр шинэчилсэн талаар Таван Богд Трейд ХХК-ийн барилгын инженер Б.Анхбаяр ярьж байлаа. 

ГАЛЛЕРИА УЛААНБААТАР -т Таван Богд группийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулахаар зэхжээ. Тухайлбал, Говь, Гоёо брэндүүд, Little Sheep Hot pot рестароны дэлхийн хамгийн том салбар, Сувинер хаусын өргөтгөсөн салбар дэлгүүрүүд ашиглалтад орох юм байна. 

Таван Богд группийн өгч буй мэдээллээр ГАЛЛЕРИА УЛААНБААТАР -т 1,659 метр квадрат бүхий талбайд Говь брэнд, 840 метр квадрат бүхий талбайд Гоёо брэндийн нэрийн барааны дэлгүүрийг нээх юм байна. Ингэснээр нийтдээ 2,500 метр квадрат талбай бүхий ноолууран хувцасны дэлхийн хамгийн том дэлгүүр Улаанбаатарт нээгдэхээрээ онцлог аж.

Гоёо ХХК-ийн ГАЛЛЕРИА УЛААНБААТАР -т нээгдэх дэлгүүрийн интерьер зургаас танилцуулбал:

 
 
 
 

Мөн жуулчдад зориулсан Сувинер хаус дэлгүүрийн 400 метр квадрат бүхий дэлгүүр байрших юм байна. Түүнчлэн Таван Богд группийн  эзэмшлийн Хэвлэх үйлдвэрийн зүүн хойд талын оффис үйлчилгээний барилгыг мөн шинэчилж Pizza Hut, KFC зэрэг сүлжээ хоолны газрууд шинээр орох юм байна. 

ГОВЬ БРЭНД ДЭЛХИЙ ДАЯАР САЛБАР ДЭЛГҮҮРЭЭ 100-Д ХҮРГЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдээлж буйгаар Дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улс бэлтгэдэг байна. 

2017 оны байдлаар Монгол Улс 5,413 тн угаасан ноолуур, 509 тн самнасан ноолуур, 915.6 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн нь түүхий эдийн нийт нөөцийн 90 хувийг анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүнээр экспортод гаргасан.

Түүхий эдийн 80 гаруй хувийг ямар ч өртөг шингээлгүй угаасан байдлаар экспортод гаргаж байгаа нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч том үйлдвэрүүд өөртөө байдаг түүхий эдийн хомсдолд орж, суурилагдсан хүчин чадлынхаа дөнгөж 40-60%-ийг ашиглаж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа аж. 

Тиймээс ч дээрх тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар тогтоолоор "Ноолуур" хөтөлбөрийг баталсан.
 
Тус хөтөлбөрийн нэгдүгээр үе шатын хүрээнд түүхий эдийн 40 хувийг дотоодын үйлдвэрийн хэрэгцээнд авч, ноолуурын үйлдвэрлэл, худалдаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн оновчтой дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх, бүрэн боловсруулалтын түвшинг ахиулах, кластерыг дэмжих, брэндийг таниулах, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах ажил хийх юм байна. 

Харин хоёрдугаар үе шат нь, 2020-2021 онуудад хэрэгжих бөгөөд ингэхдээ нийт түүхий эдийн 60 хувийг дотоодын үйлдвэрийн хэрэгцээнд авч, бүрэн боловсруулан, тэргүүний болон дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмж, чанарыг хөгжүүлнэ гэж тусгажээ. 

График 1, Ноолуур хөтөлбөр хэрэгжсэнээр дараах зорилгыг тавиад байна

Экспортын бүтэц 2017 онд

Экспортын бүтэц 2021 онд

Ноолуур хөтөлбөр хэрэгжсэнээр Монголчууд дотооддоо түүхий эдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж илүү их бүрдэх хүлээлт байна.

Эцсийн бүтээгдэхүүний гадаад боруулалтад эзлэх хувийг харвал Говь ХК 63 хувийг, Кашмер Холдинг 16 хувийг, Гоёо ХХК 8 хувийг эзэлж байна. 

Зөвхөн Говь брэндийг аваад үзвэл 13 орны 34 хотод 50 франзайч дэлгүүр, 5 салбар дэлгүүрээ ажиллуулж байгаа бөгөөд 2022 онд нийт 100 салбар дэлгүүрээ нээх зорилт тавьжээ. Харин тэд үүнтэй зэрэгцэн Монголдоо дэлхийн ноолууран хувцасны хамгийн том дэлгүүрийг нээх гэж буй нь энэ аж. 

Дотоодын зах зээлийг аваад үзвэл Говь ХК мөн л дийлэнх буюу 71 хувийг эзэлж байна. Дотоод борлуулалтыг мөнгөн дүнгээр аваад үзвэл 49 хувийг монголчууд, 51 хувийг гадаадын худалдан авагчид эзэлж байна. Гадаадын худалдан авагчид дотор Солонгос, Хятадууд манай ноолууран бүтээгдэхүүнийг их худалдаж авдгийг та графикаас харж болно. 

График 2,  Дотоодын зах зээл дэх худалдан авагчдын бүтэц,  

Худалдан авагчдын бүтэц 2017

Гадаад худалдан авагчдын бүтэц

Говь ХК-ийн 2017 оны жилийн тайланд бичсэнээр 2017 онд Монгол ирсэн жуулчдын тоо 17 хувиар өсч 471 мянгад хүрсэн бөгөөд "Говь" -иос бүтээгдэхүүн авсан жуулчдын тоо ч 35 хувиар өссөн байна. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл худалдан авалтын дүн 45 хувь өсжээ. Энэ нь Монголд ирэх жуулчдын тоо үндэсний үйлдвэрлэлд ямар хэмжээний бодит дэмжлэг, түлхэц болж буйг та ойлгох байх.

Харин Гоёо ХХК-ийн хувьд 2017 онд 292 ажилтантай, жилдээ 140 тонн түүхий эд бэлтгэн түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Гоёо ХХК-ийг 2017 онд “Таван Богд” групп худалдан авсан талаар бид мэдээлж байсан. 

Үүнээс хойш 2018 онд 320 тонн түүхий эд бэлтгэж,  түүгээрээ 150 тонн утас үйлдвэрлэн, 515,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэ онд үйлдвэрийн хүчин чадал нь тав дахин өссөнөөр 600 гаруй шинэ ажлын байр бий болгосон байна. 

"Говь"-ийн тухайд 2,000 орчим ажилтантай, 750 тн түүхий эд бэлтгэх хүчин чадалтай, 500 тн утас үйлдвэрлэх хүчин чадалтай тухайгаа тайландаа дурдсан байдаг. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Говь", "Гоёо" хоёр брэндийн хувьд нэгдэхгүй. Үйлдвэрлэлийн хүчин чадал, технологи, ажиллагсдын зөрүүг ойртуулж тус хоёр компани менежмэнтээрээ дэлхийд өрсөлдөх хоёр компани болгохоор зорьж байгаа аж. 

Тиймээс дэлхийд хамгийн томд тооцогдох ноолууран хувцасны ГАЛЛЕРИА УЛААНБААТАР -д Говь, Гоёо зэрэгцэн оршиж ингэхдээ борлуулалтаараа өрсөлдөх нь

Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн ноолуурын түүхий эдийн 40 хувийг хангадаг ч эцсийн бүтээгдэхүүний хувьд энэ тоо хангалтгүй байна. Тэгвэл  Говь, Гоёо ойрын гурван жилдээ үйлдвэрлэлийн хүчин чадлаа дахин нэмэгдүүлж дэлхийн нийт ноолууран эцсийн бүтээгдэхүүний 20 хувийг дангаараа үйлдвэрлэдэг компаниуд болох зорилтыг хамтдаа тавьжээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.