Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ням-Осор: УИХ байгууллагуудыг хувьчлах шийдвэр гаргасны дараа үнэлгээ хийгдэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар хуралдаанд танилцууллаа.

Төсөлд Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчлахаар тусгасан. Тус бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд үүний хэрэгжилтийн талаар Эдийн засгийн байнгын хороо мэдээлэл сонсох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн тус бүлгээс Төрийн банк, АЗЗА, МИАТ, Хөдөө аж ахуйн биржийн хувьчлал, байгууллагуудын үнэлгээний асуудалтай холбогдуулан тодорхой саналуудыг танилцуулав.  

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, улмаар хувьчлалаас олох орлогоор хуулийн этгээдийн техник технологийг шинэчлэн, компанийн засаглалыг хөгжүүлэхэд оршиж байгаа аж.

Төрийн өмчийг хувьчлахдаа:

  1. Олон нийтийн оролцоог хангах, компанийн засаглалыг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих, төрийн өмчит хуулийн этгээдийн үнэ цэнийг өсгөх, техник технологийг шинэчлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх, төрийн мэдлийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгийн биржээр арилжаалах;
  2. Хувийн хэвшилд суурилсан зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих бодлого баримталж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь төрийн оролцоог бууруулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор төрийн өмчит зарим хуулийн этгээдийг хөрөнгийн биржээр болон нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах;
  3. Хувьчлалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах зарчмыг баримтлах талаар Ж.Бат-Эрдэнэ сайд танилцуулав. 

2018-2020 онд хувьчлагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад нийтдээ 27 байгууллага тусгагдсан байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих санал тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар Засгийн газар шийдвэрлэжээ.

"Төрийн банк" ХХК-ийн үйл ажиллагааг нь өөрчлөхгүй байх нөхцөлөөр хуульд заасны дагуу Монголбанктай хамтран төрийн эзэмшлийн нийт хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж,  “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна.

“Хархорин АЗЗА”, “Булган АЗЗА”, “Дорноговь АЗЗА”, “Харгуй”, “Талын зам”, “Эрдэнэсант АЗЗА”, “Багануур АЗЗА”, “Налайх АЗЗА”, “Төв АЗЗА”, “Дархан АЗЗА”, “Сэлэнгэ АЗЗА”, “Орхон АЗЗА”, “Баянчандмань АЗЗА”, “Архангай АЗЗА”, “Өвөрхангай АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, “Говь-Алтай АЗЗА”, “Ховд АЗЗА”, “Завхан АЗЗА”, “Увс АЗЗА” төрийн өмчит хувьцаат компаниудыг бүрэн хувьчлах буюу нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар төлөвлөсөн аж.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 49 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож Хөрөнгийн биржээр арилжаалах,

“Монгол шуудан” ХК-ийн төрийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувийг авч үлдэж, үлдэх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалах,

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах,

“МИАТ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, төрийн өмчийн хувь хэмжээг бууруулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна.

Хувьчлагдах АЗЗА компаниудын үйл ажиллагаа явуулах бололцоо, орчин бий
Гэрэл зургийг mpa.mn

АЗЗА төрийн өмчит хувьцаат компаниудын хувьчлалтай холбогдуулан Ж.Бат-Эрдэнэ сайд тайлбар өгсөн юм. Монгол Улсын авто замын анхан шатны сүлжээг ойрын хоёр жилийн дотор дуусгана. Нийслэлийг бүх аймгийн төвтэй холбосон автозамуудын арчилгаанд жилдээ 54 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч сүүлийн жилүүдэд бид төсөвт 20 тэрбумыг төсөвлөдөг. Цаашдаа энэ хэмжээг нэмэгдүүлж, шаардлагатай хэмжээгээр нь зарцуулдаг болох шаардлага бий.

Өнөөдрийн байдлаар хувийн 8 АЗЗА компани ажиллаж байгаа бөгөөд тэдгээрт үйлчилж буй бодлогын болон эрх зүйн орчин бий. Тэгэхээр төслийн хүрээнд хувьчлагдах АЗЗА компаниудын үйл ажиллагаа явуулах бололцоо, орчин бий гэж үзэж буйгаа салбарын сайд хэлэв. 

Сангийн яам өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн салбарт 4 компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг байна. Эдгээртэй холбоотой саналаа Засгийн газарт хүргүүлсэн болохыг ажлын хэсгээс тайлбарлав.

2017 оны эцсээр Төрийн банкны өөрийн хөрөнгө нь 190 орчим тэрбум төгрөг бөгөөд хувьчлахтай холбоотой шийдвэр гарсан үед хөрөнгийн үнэлгээний тусгай баг ажиллах юм байна.

2009 онд “Зоос” банкны төлбөр гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор банкны системийн болзошгүй эрсдлээс сэргийлэх, тухайн үеийн харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилгоор Төрийн банкыг “гүүр банк” хэлбэрээр байгуулсан аж. “Гүүр банк”-ыг олон улсын стандартын дагуу тухайн банкны үйл ажиллагааг сайжруулж, тогтворжуулаад 2-3 жилийн дараа худалдаалах зорилгоор байгуулдаг ч Төрийн банкыг худалдаалах хугацаа өнгөрсөн гэдгийг онцоллоо. Банкны үйл ажиллагаа тогтворжин, цаашид хөгжих бололцоо бүрэн бий хэмээн Сангийн яам үзсэн байна.

Төрийн банкны хувьчлалын асуудалтай холбогдуулан бусад орнуудад явагдаж байсан энэ төрлийн хувьчлалын талаар судалж, гаднын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байгаа гэв. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд нэг дор 27 байгууллагыг багцлан хувьчлах шийдвэр гаргах нь зохимжгүй, шаардлагатай бол салбар тус бүрээр, байгууллага бүрээр хэлэлцэн, холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Өмч хувьчлалын бодлогод дүн шинжилгээ хийж, шинэчлэх чиглэлээр ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэв.

Аль байгууллагын хэчнээн хувийг ямар байдлаар хувьчлах шийдвэрийг УИХ гаргасны дараа үнэлгээ хийгдэнэ
 

Монгол Улсын өмч хувьчлалын талаарх тоон мэдээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор танилцууллаа.

1991-1995 онд 835 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, 1996-2000 онд 922 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, 2001-2004 онд 83 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, 2005-2008 онд 34 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, 2010-2012 онд 30 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, 2015-2016 онд 25 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө гээд өнгөрсөн 28 жилийн хугацаанд нийтдээ 1,929 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьчилж, тухай тухайн цаг үеийн ханшаар тооцсноор 229 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн дүн мэдээ байдаг байна.

Өнгөрсөн хугацаанд өмч хувьчлал явуулахдаа тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг тогтвортой үргэлжлүүлэх, ажиллагсдын нийгмийн баталгааг хамгаалах зохицуулалтыг гэрээнд тусгаагүйгээс алдаа, дутагдал гарч байсан. Үүнийг өөрчилж, “Оргил” рашаан сувилалыг хувьчлахдаа үйл ажиллагааны чиглэл өөрчлөхгүй, ажиллагсдын тоог бууруулахгүй, нийгмийн баталгааг хангах, тухайн байгууллагын үйл ажиллагаа, ашгийн байгаа түвшинг бууруулахгүй буюу жилд 800-900 ахмад настанд сувилалын үйлчилгээ үзүүлэх, товолсон хугацаанд хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн дөрвөн үндсэн заалтыг гэрээндээ тусгасан байна. Дээрх нөхцлийг зөрчвөл хувьчлалын гэрээг цуцлах зохицуулалтыг гэрээндээ тусгасан аж.

Өнөөдрийн тогтоолын төслийн хүрээнд хувьчлах асуудал хөндөгдөж буй 27 байгууллагад 7,200 орчим ажлын байр бий гэдгийг мөн тэрбээр Л.Энх-Амгалан гишүүний тодруулсны дагуу хариулт өгөв. Гишүүдийн олонтаа лавлаж байгаа хувьчлалын үнэлгээний талаар тэрбээр тайлбар хийсэн. Эхний ээлжинд аль байгууллагын хэчнээн хувийг ямар байдлаар хувьчлах шийдвэрийг УИХ гаргасны дараа тухайн шийдвэрийн дагуу Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хүрээнд үнэлгээ хийгдэх аж.

Бизнесийн, хөрөнгийн, харьцуулсан үнэлэгээг тус тусад нь хийлгэсний дараа хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэн, аудит шалгасны эцэст тухайн байгууллагын үнэ тогтох юм байна. Төсөл дэх үнэлгээ бол балансын үнэ бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу энэ төрлийн баримт, мэдээллийг хавсаргах шаардлагатай байсан гэдгийг Ц.Ням-Осор дарга тайлбарлалаа. 

Монгол Улсын 330 суманд санхүүгийн үйлчилгээг хүргэдэг Төрийн банкыг хувьчлах асуудал дээр тун болгоомжтой хандах ёстой гэдгийг гишүүд анхааруулж байв.

УИХ-ын Тамгын газрын судалгааны нэгжээр бусад орнууд дахь төрийн өмчийн банкны талаарх судалгаа хийлгэсэн талаараа Т.Аюурсайхан гишүүн танилцуулсан. “Нийт 10 улс оронд судалгаа хийхэд  бүгдэд нь төрийн өмчийн оролцоотой банк байна. Зарим нь 100 хувь, зарим нь тодорхой хувиар нэг биш хэд хэдэн банкууд байдаг юм байна. Тэдгээр нь нийгмийн болон хөгжлийн асуудлаар тодорхой үүргийг хэрэгжүүлдэг юм билээ. Монгол Улсад ч энэ төрлийн хэрэгцээ, шаардлага бий учраас үүнийг тооцох ёстой” гэдгийг тэрбээр хэлсэн.

“Монгол шуудан” ХК-ийн төрийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувийг авч үлдэж, үлдэх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалах, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах, “МИАТ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, төрийн өмчийн хувь хэмжээг бууруулахтай холбоотой асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байв.

Төрийн өмчийг хөрөнгийн биржээр дамжуулах хувьчлах асуудал хөндөгдөж байгаа учир эхлээд Хөрөнгийн биржээ бэлтгэх, улмаар Төвлөрсөн хадгаламжийн төв, клерингийн төв тэргүүтэй дэд бүтцийг нь бүхэлд нь бэлтгэн бэхжүүлэх шаардлага бий гэдгийг мөн сануулж байв.

Түүнчлэн хөрөнгийн зах зээл дээр олон компанийн IPO гаргаж, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх талаар ярьж байгаа хэдий ч тэдний эрх ашгийг хамгаалж буй өнөөгийн нөхцөл эрх зүйн орчин, нөхцөлдөө дүн шинжилгээ хийж, сайжруулах асуудлыг анхаарах ёстой гэдгийг З.Нарантуяа гишүүн хэлж байв.

Өмч хувьчлалыг иргэн бүртээ хүртээж, баялгийн тэгш хуваарилалтын зарчимд тулгуурлан тэгш боломжоор явуулахаар төлөвлөж байгаа бол бодлогын суурь зарчмаа бүхэлд нь харах нь зүйтэй гэдэг байр суурийг Я.Содбаатар гишүүн илэрхийллээ. Өмч хувьчлалын талаарх ойлголтыг нэгтгэх, шаардлагатай тодруулга мэдээллийг цогцоор авах, төрийн өмчийн бодлогыг бодитоор, тооцоо судалгаатайгаар тодорхойлох зорилгоор талуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэдгийг мөн тэрбээр хэлж, санал гаргав. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувь нь төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэв.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс