Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Авто замчдын гудамжийг XIII хороололтой холбосон Сэлбийн түр гүүр ашиглалтад оржээ

Б.Сувд, iKon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Авто замчдын гудамжийг 13 дугаар хороололтой холбох Сэлбэ голын түр гүүр өчигдөр орой 20:00 цагт ашиглалтад орлоо. Нарны зам, Замын цагдаагийн уулзвараас хойш Олимпын гудамжны зам хаасан учир энэ замаар зорчих боломжтой. Уг гүүрийн барилгын ажлыг 2018 оны тавдугаар сард эхлүүлээд байсан юм.

Сэлбийн түр гүүр нь 7 метр өргөн, 30 метр урт, явган хүний зам, 2 урсгалт замтай хийгджээ.

 

Түр гүүрийн ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ хамтран гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Б.Жаргалдүүрэн инженер хяналт тавин 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ. Гүүр орчмын оршин суугчид баригдах явцад дуу чимээтэй гэж гомдоллож байсан ч одоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

УБЗЗАГ ОНӨААТҮГ-ийн ажилтнууд үргэлжлүүлэн Яармагийн гүүрний ажилд орох тухайгаа хэлж байв.

Замын цагдаагийн гүүрэн гарц барих ажилтай холбогдуулан Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хаагаад байгаа. Харин замын хөдөлгөөнд оролцогчид Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам, Нарны зам, Юнескогийн гудамж (Шангрилагийн зүүн урд уулзвараас зүүн тийш 13 дугаар хорооллын дунд зам), Авто замчдын гудамж (103-аас урагш “Улаанбаатар Буян” компанийн зүүн талаар гарах зам), Элчингийн гудамж (Шангрилагийн зүүн хойд уулзвараас зүүн тийш), мөн Сэлбэ гол дээгүүр 13 дугаар хороолол руу гарах шинээр баригдсан түр гүүрээр зорчих боломжтой.

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын ажилтай уялдуулан таван байршилд түр зам барьж ашиглалтад оруулаад байгаа юм. 

  1. Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр зам 
  2. Махатма Гандигийн гудамжийг Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53 км түр зам 
  3. Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32 км түр зам
  4. Хүннүгийн гудамж – Саруул хотхон – Соёолжийн гүүр 0.32 км авто зам
  5.  Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох түр гүүр, холбоос зам

Дээрх авто замуудын нэгдүгээр эгнээнд автомашинууд зогсож, хөдөлгөөнд саад болж байгаад иргэд бухимдалтай байна. Нийслэлийн шуурхайд ирүүлсэн гомдлын мөрөөр Наадам центрийн баруун талын зам дээр очиж, нэгдүгээр эгнээг чөлөөлжээ. Тус замын зүүн урд, мөн баруун хойд талд, 100 метр зайд төлбөргүй авто зогсоолууд байгаа атал ийнхүү зорчих хэсгийг эзлэн автомашинаа байршуулж, зохиомлоор түгжрэл үүсгэж буй явдалд анхаарууштай гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвлөлөө.