Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Амгаланбаатар: Цалингийнхаа худалдан авах чадварыг давхар хамгаалах үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮЭ-ийн холбооноос цалин нэмэгдүүлэх тэмцэл хөдөлгөөний явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Сангийн сайдын зүгээс нөхцөл байдлыг МҮЭХ-ны холбогдох бүрэлдэхүүнд танилцуулж цалин нэмэгдүүлэх боломжийг ОУВС-тай ярилцаж, цалин нэмэгдүүлэх бололцоог гаргах чиглэлээр ажлын хэсгийг байгуулж ажиллуулахаар болсон. Мөн энэ  ажлын хэсэгт итгэл үзүүлж ажиллах нөхцөл бололцоог хангаж ,ажил хаялтын өмнөх суултаа бүрэн хугацаагаар зогсоох нь зөв гэсэн саналыг тавьсан. Энэ уулзалтад оролцсон МҮЭХ-ны удирдлагууд хамтын шийдвэрээрээ маргааш өдрөөс нь 9 хоног үргэлжилсэн ажил хаялтын өмнөх энэ суултыг түр хугацаагаар завсарлуулсан.

Үр дүнг хүлээгээд бид нар зүгээр суугаагүй. Энэ хугацаанд ажлын хэсгийн үр дүнг богино хугацаанд гаргуулах санал шаардлага мэдэгдлийг Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яаманд тус тус хүргэсэн. МҮЭХ-оос цалин нэмэгдүүлэх үр дүнг богино хугацаанд гаргах зорилгоор нөлөөлье гэсэн арга хэмжээг явуулсан. 

Үүнээс гадна ОУВС-ийн гүйцэтгэх захирал, Монголын асуудлыг хариуцдаг холбогдох бүсийн удирдлагуудад Монгол Улсын Засгийн газартай байгуулсан өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийнхөө нөхцөлийг эргэн авч үзэж цалин нэмэгдүүлэх бололцоог Засгийн газартай бий болгоход хамтарч ажиллана уу гэсэн албан хүсэлтийг хүргүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн 7 хоногт ОУВС-ийн тодорхой эрх мэдэл бүхий хүмүүс ирж Ерөнхий сайд болон УИХ-ын даргатай хөтөлбөрийн талаар санал солилцсоныг та бүхэн мэдэж байгаа.

Үүгээрээ  МҮЭХ-ноос явуулж байгаа тэмцлийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 

Ажил хаялтын өмнөх суултыг хамтын шийдвэрээрээ түр л зогсоосон. Энэ хамтын шийдвэр гаргахад яг  одоо энэ цалин хөлсний асуудалд эрх ашиг нь  шууд  холбогдоод буй Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга,  Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга гэх мэт бусад салбаруудын зөвлөлийн дарга нар оролцож энэ шийдвэрийг гаргасан  гэдгийг албан ёсоор хэлье. Энэ хүрээнд Засгийн Газар шуурхай ажиллах санал шаардлагыг бид тууштай тавьж ажиллана. 

Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсролын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар багтсан 4 яамны хамтарсан ажлын хэсэг энэ цалин нэмэгдүүлэх асуудлаар ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн үр дүнг хүлээхгүйгээр бид хөдөлмөрийн хамтын маргаанаа эхлүүлэх шийдвэр гаргасан. Үүгээрээ МҮЭХ-ны ажил хаялтын өмнөх суулт нь хууль ёсны тэмцэл рүүгээ орсон.

Үүнээс гадна цалин нэмэгдүүлэх асуудлыг дагаад нийгэмд зохиомол үнэ өсдөг. Мөн цалин нэмэгдээгүй байхад зохиомол үнээр иргэдийг улам туйлдуулдаг үзэгдэл сүүлийн 27 жил амь бөхтэй оршиж байна. МҮЭХ өнөөдрөөс эхлэн зохиомол үнийн эсрэг хугацаагүй ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч зохион байгуулна.

Өөрөөр хэлбэл, нэмэгдээгүй байгаа цалин болон цалин нэмэгдсэний дараах цалин авагчдын бодит худалдан авах чадварыг хамгаалахад зохиомол үнийн мөлжлөгийг зогсоох нь шууд утгаараа нөлөөлнө. Иймд цалингийнхаа худалдан авах чадварыг давхар хамгаалах үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байна.

Мөн МҮЭХ-ноос цалин нэмэгдүүлэхэд явуулж буй тэмцлийн үйл ажиллагаа  4 жилийн хугацаанд үргэлжилж байгаа гэдгийг би онцолмоор байна.

Энэ бол МҮЭХ-ны нийт гишүүн байгууллагуудын хамтын шийдвэрээр эхлүүлж одоо үргэлжлээд явж байна. Цалин нэмэгдүүлэх үүргээ Засгийн Газар биелүүлтэл энэ тэмцэл үргэлжлэх болно гэдгийг албан ёсоор мэдэгдье” хэмээв.