Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн мянган жилийн настай аварга модод гэнэт үхэх болсныг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн арван жилийн хугацаанд Африкийн хамгийн хөгшин, аварга баобаб модод гэнэт үхэцгээх болсныг судлаачид олж тогтоожээ.

1,100-2,500 жилийн настай эдгээр моддын үхлийн шалтгааныг цаг уурын өөрчлөлт гэж таамглаж байна. “Бидний олж тогтоосноор хамгийн өндөр настай 13 модны ес нь бүрэн болон хэсэгчлэн үхсэн нь урьд өмнө тохиолдож байгаагүй үзэгдэл юм” гэж судалсан эрдэмтэд нь “Nature Pants” сэтгүүлд бичжээ.

Тэдний нэг Румыний судлаач Адриан Патрут “Мянган жилийн настай ийм олон модод үхэхийг энэ насандаа харна гэдэг цочирдмоор, бас аймаар хэрэг” гэж ярьсан байна.

Румынь, Өмнөд Африк, АНУ-ын судлаачдын баг моддын үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор цааш ажиллах гэнэ.

2005-2017 оны хооронд тэд Африкийн хамгийн өндөр настай 60 гаруй модыг олж судалсан юм. Тэд бүгд Зимбабве, Намиби, Өмнөд Африк, Ботсвана, Замби улсуудын газар нутагт байжээ.

Баобаб бол дэлхий дээр ургадаг моднуудаас хамгийн том, хамгийн урт настай төрөл. Африкийн саваннад зэрлэгээр ургадаг уг модыг бусад бүс нутагт тарьж ургуулсан байдаг.

Баобаб нь 3,000 хүртэл жил ургадаг бөгөөд асар их ус нөөцөлж, их хэмжээний жимс ургуулдаг тул хүн, амьтны чухал тэжээгч болдог. Навчыг нь буцалгаж бууцайтай адил хүнсэнд хэрэглэхээс гадна уламжлалт эмийн түүхий эд болдог.

Мөн холтосоор нь олс, сагс, хувцас хийж хэрэглэдэг байна. Судалгааны анхны зорилго нь баобаб мод хэрхэн ийм аварга том болдог бүтцийг судлах байжээ. Гэвч судалгааны явцад тэд олноор үхэж байгаа нь олж мэдсэн байна.

Судлаачдын тогтоосон хамгийн өндөр настай мод нь Зимбабвед ургадаг 2,500 жилийн настай, Панке нэртэй баобаб байжээ. Харин хамгийн том нь Намибийн Холбүм гэж нэрлэдэг баобаб 30 метр өндөр, 35 метр тойрогтой байсан гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian