Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсыг хөгжил дэвшил рүү хамгийн хурдтай хөтлөх хүч нь ХУВИЙН СЕКТОР"

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон Улсын Санхүүгийн Корпораци, Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын хөгжлийн төв/КЗХТ/ хамтран "Компанийн засаглал-10" форумыг өнөөдөр зохион байгуулж байна.

Форум “Тогтвортой компаниудыг бий болгоход хөрөнгө оруулагчид болон зохицуулагч байгуулагуудад тулгарч буй сорилт” сэдвийн дор үргэлжилж байна.
"Хувийн секторын үнэ цэнэтэй мөнгөний цаана хүчтэй удирдагч, чадварлаг ажилчид, туршлага гэх давуу талууд нь шингэсэн байдаг" 
 
Гэрэл зургийг mpa.mn

Тус форумыг нээж Олон Улсын Санхүүгийн Корпорацийн суурин төлөөлөгч Туен Д.Нгуен "Монгол Улс хөгжиж байгаа улс гэдэг утгаараа маш олон төрлийн санхүүжилт хэрэгтэй байгаа. Олон төрлийн санхүүжилтийн эх үүсвэрүүд дундаас Монгол Улсыг хөгжил дэвшил рүү хамгийн хурдтай хөтлөх хүч нь хувийн сектор юм. 

Төр засгийн, олон улсын байгууллагуудын санхүүжилт хэрэгтэй ч гэсэн хувийн секторын хөрөнгө оруулалт хамгийн чухал. Дэлхий дахинд төр засгаас гарсан нэг долларыг хувийн хэвшлээс гарсан нэг доллартай харьцуулашгүй гэж үздэг. Хувийн секторын үнэ цэнэтэй мөнгөний цаана хүчтэй удирдагч, чадварлаг ажилчид, туршлага, технологи гээд бүх давуу талууд нь шингэсэн байдаг" гэдгийг онцлон хэлж байлаа.

"Компани, хөрөнгө оруулагч, зохицуулагч гурвын хооронд итгэлцэл байх нь хамгийн чухал"
 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн Компанийн засаглалын хөгжлийн төвийн Удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал хэлсэн үгэндээ "Компани, хөрөнгө оруулагч, зохицуулагч гурвын хооронд итгэлцэл байх нь хамгийн чухал. Компани тайлангаа ил тод гаргаж өгөөд хөрөнгө оруулагчид мөнгөө алдахгүй байх итгэлийг төрүүлэх хэрэгтэй. Зохицуулагч нар ч гэсэн шударга ёсны зарчим дээр үндэслэж компани хөрөнгө оруулагч хоёрыг холбох ёстой" гэв.

"Компанийн засаглал-10" форумд амжилттай ажиллаж байгаа олон арван компанийн төлөөлөл 150 гаруй хүн оролцож, мэргэжлийн хүмүүсийн илтгэлийг сонсон,

  • Хууль эрх зүйн орчинд гарсан сүүлийн үеийн өөрчлөлтүүд
  • Компанийн засаглалын глобал хандлагууд, тэдгээрийг Монгол Улсад хэрхэн хэрэгжүүлэх талаар
  • Ил тод байдал, тайлагналын ач холбогдол гэх мэт сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
 "Компаниудын тогтвортой хөгжил компанийн засаглалаас хамаарна"

Энэ үеэр Нийгэмд компанийн засаглал гэж юу болох талаар анхан шатны мэдээлэл бий болчихсон учраас дараагийн шатанд шилжиж дэлхийн хэмжээнд баялаг бүтээх үйл ажиллагаанд Монголын компаниуд ямар үүрэгтэй оролцох юм бэ гэдгийг тодотгох шаардлагатай байгааг КЗХТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Цэнд-Аюуш хэлж байлаа.

Мөн тэрбээр "Аливаа зүйл хурдан өөрчлөгддөг болсон өнөөгийн дэлхий дахинд тогтвортой байгаа зүйл үнэ цэнэтэй болон хувирч байна. Компаниудын тогтвортой хөгжил компанийн засаглалаас хамаарна. Тэр дундаа чадварлаг мэргэжлийн ТУЗ-тэй болох асуудал зайлшгүй тавигдаж байна" хэмээн ярилаа.