Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Д.Гантулга өөрөө ухамсарлаад асуудалд ингэж хандаж байгаа нь зөв байх"

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл өнөөдөр хийлээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол "Эмэгтэй гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчид хандан 2018 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн шийдвэрт хориг тавьж өгөөч ээ гэсэн саналыг хүргүүлсэн байгаа.

Дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа гэдгийг хэвлэлийнхнээс сонслоо. Өнөөдөр үдээс хойших хуралдаан дээр энэ асуудлаа ярих байх гэж бодож байна. 

Бидний барьж буй гол зарчим бол хүчирхийллийн хэрэгт холбогдсон хүнийг УИХ дэмжсэн шийдвэр гаргаж байгаа нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг гэж үзсэн. Тийм учраас цаашдаа шударга ёсны төлөө тэмцэж ажиллана.

Монгол Улсын Ерөнхий прокурорт энэ асуудал тогтоогдчихоод байна. Тийм учраас үүнийгээ шалгуул гээд байхад эсрэгцэн зогсож бидэнд сүр хүч харуулж байгаа нь бүдүүлэг үйлдэл болсон. Цаашдаа бид хүчирхийллийн гэмт хэрэг, хууль бус зүйлтэй хатуу тэмцэнэ. 

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "УИХ-ын 76 гишүүний 13 нь буюу 17.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа ч үнэхээр чухал асуудал, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг ярьсан боловч бид хэтэрхий цөөхөн байна гэдгээ мэдэрсэн" гэв.

Эмэгтэй гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүдийн бараг тал нь Ерөнхий прокурорын өгч байгаа мэдээлэлд итгэхгүй байгаагаа илэрхийлж, Д.Гантулга, Д.Мурат нар үнэхээр буруугүй бол өөрсдийгөө цагаатгах, нэр төрөө сэргээх боломжийг олгоогүйд харамсаж байгаагаа илэрхийлж байсан юм.

"Хоёр гишүүн өнгөрсөн долоо хоногийн чуулганы үеэр өргөдлөө өгөөд шалгуулчих ёстой байсан юм"
 
Гэрэл зургийг mpa.mn

Дээрх мэдээллийг хийсний дараа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Д.Гантулга гишүүнд та бүхэн ямар шаардлага тавьсан бэ?

- Ерөнхий прокурорын өгч байгаа мэдээллээр бол эрүүгийн хавтаст хэрэгт авагдах материал бүрэн авагдсан. Тийм учраас шүүх дээр энэ асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй байна гэсэн. 

Бидний зүгээс Д.Гантулгыг өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих, чи залуу байна. Тэр нь нэрэнд чинь цэвэр. Үнэхээр ёс бус асуудал байгаа бол тэрийгээ шүүхээр тогтоолго. Үнэхээр буруутай бол битгий Монголын төрийг бузарлаад бай л гэсэн. Өөрөө ухамсарлаад асуудалд ингэж хандаж байгаа нь зөв байх гэж бодож байна.

- Д.Мурат гишүүний асуудлаар байр сууриа илэрхийлээч?

- УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал хүүхдийн тоглоом шиг өнөөдөр нэг шийдвэр гаргаад, маргааш нь түүнийгээ болиод л байж болохгүй. Ер нь бол энэ хоёр гишүүн өнгөрсөн долоо хоногийн чуулганы үеэр өргөдлөө өгөөд шалгуулчих ёстой байсан юм. Заавал асуудлыг хурцатгах шаардлагагүй байсан. 

- Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхий прокурорт Улс төр, авлига, хээл хахуулийн асар их хэрэг байхад ийм жижиг асуудлыг УИХ-д оруулж ирлээ" гэж байсан. Охид эмэгтэйчүүдийн асуудал авлига, хээл хахуулийн хажууд жижиг асуудал гэх хандлага байна. Энэ тухайд?

- Сүр дуулиантай байгуулагдсан Офшорын эсрэг бүлгийг ажлаа эрчимжүүлээсэй гэж хүсэж байна. 

Хүчингийн хэрэгт холбогдсон хүнийг нутаг нуга минь, залуу хүн байгаа юм, алдаж онож болно гэж Монгол төрийг доромжилж байгаа бол ёстой уучлаарай. Монголын ард түмэн үүнд чинь сануулга өгөх байх гэж бодож байна.