Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж НИЙСЛЭЛИЙН ҮНЭТ ХӨРӨНГӨ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Арга ядсан иргэд хөхөө өвлийн хүйтэнд утаатай тэмцэхийн тулд PM 2.5 гэх шүүлтүүртэй амны хаалт зүүн, жагсаал цуглаан хийн бухидаж байсан үе ард хоцорч урин дулаантай золгон Улаанбаатар хот амс хийж байна. Цээж тэнэгэр  амьсгалах боломж олгодог энэ л улиралд үеэр залуус их хотынхоо гудамжаар үр хүүхдээ салхилуулан, хос хосоороо зугаалахыг хүсдэг. Тэгвэл хотын ногоон байжууламжийн хүрэлцээ хангалттай байж чадаж байна уу. Энэ талаар бид сурвалжиллаа.

 Ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Улаанбаатар хотод нийт 22 том цэцэрлэгт хүрээлэн байдаг аж. Олон улсад нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг 20-оос доошгүй метр квадрат гэж тооцдог. Манайд энэ үзүүлэлт нэг хүнд ногдох талбай нь ердөө 2.4 ам метр байна. 

Мөн дэлхийн аль ч улсад ногоон байгууламжид шаардагдах стандарт гэж бий. Одоогийн байдлаар Монголд 18 стандарт мөрдөгдөж байгаа аж. Үүнээс 16 стандарт нь  2011 онд батлагдсан ч таван жилийн хугацаа нь өнгөрчихсөн байна. Өөрөөр хэлбэл стандарт таван жил тутам шинэчлэгдэж байх ёстой. Хэрэв тэр стандарт шинэчлэгдэхгүй бол автоматаар  таван жилээр  сунгагддаг ажээ. 

Энэ тухай  Ногоон Байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат  "Зөвхөн энэ 18 стандартаар хотын ногоон байгууламжийг бүхэлд нь сайжруулахад хүндрэлтэй. Цаана нь нарийн судалгаа шаардагддаг учраас нэг талаасаа салбарын хувьд  боловсон хүчин  цөөн, нөгөө талаас хөрөнгө мөнгө нь  хангалттай хэмжээнд тавигдаж өгдөггүй, мастер төлөвлөгөө нь байхгүй, хууль байхгүй нь гол асуудал болдог. Энэхүү тулгамдаад байгаа асуудлуудынхаа хүрээнд стандартуудыг шинэчлэхээр одоо салбарын нийт долоон эрдэмтэн, манай Захирагчийн Ажлын Албанаас холбогдох хүмүүс багтсан 15 хүний бүхэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Бидэнд  яг ямар стандарт хэрэгтэй байна вэ гэдгийг ярилцаад энэ жилдээ багтаан шинээр таван стандарт гаргахаар төлөвлөж байна” хэмээв. 

Ногоон байгууламжийг нийтэд нь нэмэгдүүлэхийн тулд хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулж, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө гардаг байна. Манай нийслэл хот энэ жилээс л мастер төлөвлөгөөтэй болжээ. Өөрөөр хэлбэл хотын ногоон байгууламж, цэцэрлэгжсэн талбайн хэмжээг олон улсын жишигт хүргэхийн тулд яг ямар байршилд ямар ажил хийх талаар зураг төлөвлөгөө нь гарсан гэсэн үг.  

Улаанбатар хотын нийтийн эзэмшлийн талбайн 27 хувь нь ногоон байгууламжтай аж. Энэхүү 27 хувь гэж үзэж байгаа нийтийн эзэмшлийн 98 га талбайд зориулан жил болгон 5.8 тэрбум төгрөг төсөвлөгддөг ч энэ нь зөвхөн арчилгааныхаа ажилд зарцуулагддаг байна.

Жил бүр ногоон байгууламж нэмэгдүүлж байгаа учир төсвөө ч нэмэх шаардлагатай болж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байгаа юм.  

Энэ тухай “Хүмүүсийн амьдрах орчныг сайжруулах, тохижуулах ажил 2016 хойш жил бүр тогтмол хийгдэж байгаа. Жишээ нь, 2017 онд нийт зургаан бичил цэцэрлэг хийгдсэн бол энэ жил 12 бичил цэцэрлэг хийгээд байна.

Томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэн гэвэл үүнд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Харин бид тодорхой хэмжээгээр ногоон байгууламжийн арчилгааны зардлынхаа хүрээнд хуучин байсан бичил төглүүдээ янзалж, шинээр бичил ойн төгөл үүсгэх зорилгоор 12 байршилд төгөл байгуулсан.  Моднуудаа тарьж дуусаад байна. 

Мөн 2018 онд төсвийг 1.5 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдүүлж 7.5 болгож өсгөсөн. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, зардлыг төсвөөр нь тооцвол нийтийн эзэмшлийн 98 га талбайд 20 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тоо гардаг. Гэвч энэ нь зөвхөн одоо байгаа ногоон байгууламжийнхаа хэмжээнд л яригдаж байгаа юм. Илүү их ногоон байгууламж, том том цэцэрлэгт хүрээлэнтэй болно гэвэл мэдээж үүнээс их хэмжээний л мөнгө  хэрэг болно. Гадаад улс орнууд ногоон байгууламж нь нийт төсвийнхөө хэдэн хувь гэдгээр явдаг. Гэтэл манайд ногоон байгууламжийн төсөв нь нийслэлийн хэмжээний нийт төсвийн 0.1 хувьд ч хүрдэггүй. Ядаж нийслэлийн төсвийн нэг хувийг  иргэдийнхээ амьдрах орчныг тохижуулахад зарцуулъя гэвэл хотын ногоон байгууламж эрс сайжирна. Өнөөдрийн төсөв нь одоо байгаа ногоон байгууламжаа торгоогоод арчлахад л зарцуулагдаж байна” гэж байлаа.

Гадны улс орнуудын хувьд хонгилын системээр инженерийн шугам сүлжээгээ шийддэг. Ямар нэгэн байдлаар ногоон байгууламж руу халддаггүй. Уг нь нийтийн эзэмшилд байрлах ногоон байгууламжууд  нь олон жил болохын хэрээр хотын үл хөдлөх хөрөнгө, нэг том капитал нь болдог ажээ. Харин Улаанбаатар хотын хувьд нэг шинэ юм  хийх гэж олон жил ургасан ногоон байгууламжаа бусниулдаг дүр зураг нийтлэг харагддаг. Энэ нь нийтийн эзэмшлийн гудамж талбай ногоон байгууламжийн дийлэнх нь инженерийн шугам сүлжээний дээр байрладагтай холбоотой.

Энэ тухай Д.Сүхбат  “Олон улсын жишгээр бодсон ч тэр ногоон байгууламжийг анхаарч нэмэгдүүлэх шаардлагатай. Ногоон байгууламжийг хариуцсан хүмүүс өөрсдөө буулгаад, эргүүлж тарьж байгаа мэт буруу ойлголттой байдаг. Бид тарьж ургуулах, ногоон байгууламж ногоон цэцэрлэгийг олшруулахын төлөө л ажилладаг. Гэвч автозам, инженерийн шугам сүлжээтэй холбоотойгоор ногоон байгууламжийг нураахад хүрдэг. Энэ нь салбар хоорондын уялдааг сайжруулах шаардлага байгааг харуулж байгаа юм. Түүнээс биш ногоон байгууламжуудыг сайжруулах нь мөнгө үрж ядсандаа нураагаад дахин тариад байгаа хэрэг бус.

Нөгөө талаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн тухай хууль одоохондоо гараагүй байгаатай холбоотой. Олон жил яригдсан энэ хууль одоо гараад ирэхээр инженерийн шугам сүлжээг засахдаа ногоон байгууламжийг сүйтгэсэн ч эргээд нөхөн сэргээх зардлыг хангалттай суулгадаг байх зэргээр аль, аль талаасаа уялдаа холбоогоо сайжруулах тухай тусгагдсан. Мөн том бүтээн байгуулалтын ажлыг хийе гэвэл  нийт төсвийнхөө ядаж нэг хувийг ногоон байгууламжид зарцуулдаг байх зарчмыг хуульд тусгасан байгаа. Энэ бүхэн одоо хуулийнхаа хүрээнд зохицуулагдаад явах байх л гэж бодож байна” гэж байлаа. 

Төрийн байгууллагуудын уялдаагүй байдлаас хотод байгаа жаахан ногоон байгууламжаа сүйдэж байгаа нь харамсалтай. Иймд улсын нийт хүн амын 40 орчим хувь нь аж төрөн суудаг Нийслэл хотод хүүхдээ салхилууж, гэр бүлээрээ алхаж, зугаалах  гудамж талбай дутмагхан байгаад гайхах зүйл алга. Нийслэлийн үл хөдлөх үнэт хөрөнгө болсон энэ ногоон байгууламжуудад илүү анхаарлаа хандуулж, нэн тэргүүнд тавьдаг болох нь одоо хүртэл асуудал болсоор байна.