"Үйлдвэрлэлтэй хамтарсан математик семинар" буюу бизнесийн байгууллагуудад тулгарч буй асуудлыг математик загварчлалын аргаар шийдвэрлэх гарц, боломжийг санал болгох семинар өнөөдөр үр дүнгээ танилцууллаа. Уг семинарт Ай Ти Зон ХХК, Голомт банк, МонДелкреда ХХК, Тайшир-Өргөө ХХК, Багануур ХК гэсэн таван аж ахуйн нэгж оролцож асуудлаа шийдвэрлүүлжээ. Тус компаниудын асуудлыг МУИС, Санхүү эдийн засгийн их сургуулийн багш нар таван баг болж хуваагдан тус тусдаа судалж тооцоолол гаргажээ.
МУИС-ийн ХШУИС-ийн хэрэглээний математикийн тэнхмийн багш, дэд профессор А.Энхбаяр “Аж үйлдвэрүүдтэй хамтарсан математикийн семинар 4 өдрийн турш болж өнөөдөр дуусаж байна. Эхний өдөр таван компани өөртөө тулгараад байгаа асуудлыг бидэнтэй хамтарч шийдэх санал тавьсан. Харин өнөөдөр математикийн үндсээр ямар загвар гаргаж, эцсийн байдлаар тайлбарлаж томьёолсон үр дүнгүүдээ гаргаж танилцуулж байна. Эндээс гарсан үр дүнг оролцсон компаниуд маань өөрсдөө тухайн асуудлаа хэрхэн шийдэж, цааш гүнзгийрүүлж судлахдаа энд оролцсон эрдэмтэдтэй хамтарч ажилах эсэх асуудал үлдэж байна. Бидний хувьд энэ 5 хоногийн хугацаанд амжиж боломжтой бүх л шийдэл, тооцоонуудыг гаргаж өглөө” гэв.
МУИС-ийн ХШУИС-ийн хэрэглээний математикийн тэнхмийн эрхлэгч профессор Б.Барсболд “Бид “Багануур ХК” дээр шатахууны нормыг шинэчлэн тогтоох сайжруулах гэсэн судалгаа хийсэн. Үүнд шатахууны нормыг шинэчлэж нарийвчлан тогтоовол жилдээ 1 тэрбумаас 1.4 тэрбум төгрөгний хэмнэлт гарч болох юм байна гэсэн урьдчилсан тооцоо гарлаа. Үүнийг мэдээж газар дээр нь туршилтаар нягталж батлах ёстой. Энэ хэмнэлтийн нөөц бололцоо хаанаас гарсан гэвэл одоо Багануур ХК-д мөрдөж байгаа шатахууны нормын тооцоо нь үндсэндээ ээлжийн тайлан, шатахуун түгээгүүрийн тайлан гэх мэт материалуудыг хүмүүс нь гараар бүрдүүлдэг. Харин яг дижитал тоног төхөөрөмжийн хэмжилтийн үр дүн нь бага тусгагдсантай холбоотой байсан.
Жишээ нь 10, 20 жилийн өмнө шатахууны хулгайн асуудал нилээн яригддаг байсан. Багануур ХК нүүрс тээврийн хүнд механизмийн машинууд дээрээ шатахууны түвшинг хэмжих төхөөрөмж суурилуулсан байдаг. Гэхдээ энэ практик үзүүлэлт, мэдээллийг зөвхөн шатахууны огцом уналт байна уу үгүй юу гэдэг дээр судалсан. Үндсэндээ энэ төхөөрөмжөө хулгайн эсрэг болгож ашиглахаас гадна шатахууны зарцуулалтыг гаргахад ашиглах ёстой гэдэг дүгнэлтийг бид гаргачихаад байна.
Мөн шатахуун түгээхтэй холбоотойгоор шинэ технологи ашиглах тухай санал гаргаж тавьсан. Үүнд түгээгүүрийн ёмкость дээр мэдрэгч байршуулах хэрэгтэй. Тийм мэдрэгч байх юм бол илүү сайн мэдээлэлийг өгөхөөс гадна найдвартай мэдээлэл болох болно гэсэн үр дүнд хүрээд байна” гэлээ.
МУИС-ийн ХШУИИС-ийн хэрэглээний математикийн тэнхмийн багш профессор Н.Пүрэвцогт “Манай баг Малын байрны агаарын урсгал ба дулааны солилцоог тодорхойлох гэсэн асуудлыг авч үзсэн. Ерөнхийдөө байгалийн агааржуулалтаа малын байр зоорь гэсэн байгууламжийг бид нарын зүгээс математик загварчлалын аргаар тухайн процесс яаж явагдаж байгаа талаас судлах боломжтой гэсэн үг. Цаашдаа Монгол орны байгаль орчинд тохирсон малын байрны хувьд зохистой шийдлүүдийг гаргасан. Жишээ нь нэгэнт баригдсан байрны хувьд хаана нь нүх гаргавал зохимжтой вэ, хаана сэнс байрлуулж, хаана дулаан тавихад тохиромжтой вэ гэдгийг олж цанталт үүсгэхгүй байх шийдлүүдийг эцсийн үр дүнгээрээ гаргасан.
Мөн иймэрхүү малын байрнаас гадна ижил төрлийн хүнсний зоорь, хүлэмж, бүр цаашилбал агаарын бохирдол нь бидний авч үзсэн загвар физик хуулинд захирагддаг. Энэ бүхнийг илүү нарийн үндэслэлээр хийж чадвал бид нар энэ төрлийн ижил төстэй асуудлуудыг бүгдийг нь шийдэх боломжтой.
Хувь хүмүүст хандаж хэлэхэд ямар нэгэн барилга байгууламж барьж байгаа бол өмнө нь шинжлэх ухааны үндсэн дээр ийм тооцоо судалгаа хийх хэрэгтэй юм гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрээд байна” гэв.
Санхүү эдийн засгийн их сургуулийн хэрэглээний математик статистикийн тэнхмийн багш Б.Оргил “Манайд оноогдсон бодлого нь МонДелкреда ХХК-иас тавигдсан. Өөрөөр хэлбэл тэднийхаас ямар нэгэн санхүүгийн болон бусад мэдээллийг зээлийн түүх нь өгөгдсөн байхад хэр хэмжээний зээл даах чадвартай, хэдэн төгрөгний зээл олгох боломжтой тухай хэмжээг тогтоолгохыг хүссэн. Манайх үүнд хоёр төрлөөр судалгаа хийлээ. Эхнийх нь олон улсад хэрэглэгддэг уламжлалт арга аргачлалаас судлаж Монголын нөхцөлд аль нь илүү тохиромжтой байна вэ гэдгийг судалсан бол нөгөө хэсэг нь шинээр төрдөг загварыг яаж боловсруулах ёстой вэ гэдэг чиглэлээр хуваагдаж ажилласан.
Уламжлалт загварын Таффлер нь 67 хувийг илэрхийлж зөв үнэлгээ өгсөн бол өөрсдөө загварыг боловсруулсан хэсгийн хувьд 95-100 хувийн хооронд үр дүнгээ өгсөн. Яагаад өөрөө боловсруулсан нь 95-100 хувийн хооронд болоод байгаа вэ гэвэл бидэнд мэдээлэл нь маш бага ирсэн. 217 компанийн 460 мэдээлэл дээр л ажилласан гэсэн үг. Тиймээс магадгүй дараагийн удаа энэ мэдээллийг хангалттай их хэмжээгээр тавьж өгвөл бид илүү сайн тэгшитгэлийг гаргах авах бүрэн боломжтой гэдэг шийдэлд хүрлээ” гэсэн мэдээлэл өглөө.
Уг семинарт МУБИС, МУИС, ШУТИС, Герман Монголын техноллогийн их сургууль, ХААИС, Үндэсний статистикийн газрын нийт 70 гаруй багш судлаач эрдэмтэд болон оюунтан оролцож 4 өдрийн турш таван бодлого дээр судалгааны баг болж хуваагдан ажиллажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!