Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Кирсан Илюмжинов шатрын үүслийн тухай “шинэ онол” дэвшүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Шатрын Холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын Халимагийн БНУ-ын ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов энэ долоо хоногт Узбекистан улсад зочлохдоо шатрын үүсэл гарлын тухай маргаантай мэдэгдэл хийсэн байна.

Өнгөрсөн Даваа гарагт Узбекистаны Олимпийн Хорооны төлөөлөгчидтэй Ташкент хотод уулзахдаа Илюмжинов шатрыг анх үүсгэсэн газар нь Узбекистан улс гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр Олон Улсын Олимпийн Хороонд албан ёсоор хандаж байгаа гэж ярьжээ.

Энэ тухай тус улсын олимпийн хорооны сайтад мэдээлсэн байна. Гэхдээ тэр ингэж ярихдаа тодорхой баримт нотолгоо үзүүлээгүй гэнэ.

Илюмжинов өмнө нь 2013 онд шатрыг Энэтхэгт бий болсон гэж мэдэгдэж байжээ.

Энэхүү зөрчилтэй мэдэгдлүүдийг нь зарим ажиглагчид 1995 оноос хойш Дэлхийн Шатрын Холбооны (FIDE гэгддэг) ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Илюмжиновын суудал сүүлийн үед ганхах болсонтой холбон тайлбарлаж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард FIDE-гийн дэд ерөнхийлөгч Георгиос Макропулос удирдах зөвлөлдөө хандан тус холбооны үйл ажиллагаа “маш увайгүй, хэт хувийн” шинжтэй болж байгааг гомдолложээ. Ингэхдээ тэр Илюмжинов болон бусад дөрвөн хүнийг худал мэдээлэл тарааж, бусдын нэр хүндийг гутаасан асуудлаар ёс зүйн хороонд мэдээлсэн байна.

Макропулос бас ирэх аравдугаар сард болох FIDE-гийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн юм.

Харин Ташкентад айлчлахдаа Илюмжинов дахин сонгогдохын тулд Узбекийн шатрын холбооны дэмжлэгийг авахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тиймээс шатар Узбекистанд бий болсон гэх түүний мэдэгдэл дахин сонгогдох санал авахын тулд зохиосон үлгэр байх магадлалтай юм.

Тэр 2010 онд Нью Йорк Таймс сонинд ярихдаа шатрын хэлбэртэй дүрснүүдийг археологичид Болгар, Монгол, Латин Америкаас олж байсан тул энэхүү тоглоомыг харь гарагийнхан дэлхийд авчирсан байх магадлалтай гэж ярьж байжээ. Үүнээс гадна Илюмжинов хэд хэдэн удаа өөрийгөө харь гарагийнханд баригдаж, тэдний хөлөгт нэвтэрч үзсэн гэж ярьсан байдаг.

2014 онд дэлхийн шатрын аварга асан, Кремлийг шүүмжлэгч Гарри Каспаров түүнийг ерөнхийлөгчийн суудлаас буулгах гэж оролдоод бүтэлгүйтэж байв.

Тухайн үед Оросын засгийн газар өөрийн элчин сайдын яамдаар дамжуулан улс улсын шатрын холбоодод лобби хийснээр Илюмжиновыг суудалд нь үлдээсэн гэдэг.

Өнгөрсөн онд FIDE Илюмжиновыг огцорч байгаа тухай мэдээлсэн ч удалгүй тэр энэ мэдээллийг үгүйсгэж, өөрийг нь зайлуулах хүсэлтэй хүмүүсийн бусармаг ажиллагаа гэж тайлбарлаж байв.

Илюмжинов нь Сирийн засгийн газартай газрын тосны наймаа хийсэн хэргээр АНУ-ын зарласан хар жагсаалтад ороод байгаа. Түүнээс болоод FIDE-гийн Швейцарь дахь данснууд хаагдсан болохыг тус байгууллага хоёрдугаар сард мэдээлж байжээ.

Энэ үед Макропулос болон бусад FIDE-гийн удирдлагууд Илюмжиновыг огцрохыг шаардсан мэдэгдэл гаргаж байв.

Ийнхүү албан тушаалаа алдахад ойрхон байгаа Кирсан Илюмжинов “шатрын эх орон”-ы алдар нэрийг наймаалцаж яваа бололтой.  

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty