Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гватемалд галт уул дэлбэрсний улмаас амиа алдагсдын тоо 62 хүрээд байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Төв Америкийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг болох Фуэго уул Гватемалд дэлбэрч, ойр орчмын тосгодыг үнс нурам, халуун хайлмагаар дараад байна.

Сүүлийн хэдэн жилийн турш энэ ууланд бага хэмжээний дэлбэрэлтүүд бүртгэгдэж байсан ч өнөөдрийнх шиг гамшгийн хэмжээнд хүрч байгаагүй юм. Нүүлгэх боломж олгоогүй, маш хурдтай өрнөсөн дэлбэрэлтийн улмаас одоогоор 62 хүн амиа алдсан нь тодорхой болоод байна. Энэ тоо цаашид өсөхөөр байгаа юм. Үнсэнд дарагдсан байшингуудаас хүмүүсийг эрж хайх ажиллагаа үргэлжилж байна.

62 хүний цогцосноос дөнгөж 13-ыг нь хэн болохыг таньж чаджээ. Учир нь тэдгээр цогцоснууд зузаан үнсэнд булагдаж, хөшөө шиг болсон байгаа тул танихад хүндрэл гарч байна. Тэдний ихэнхийн хурууны хээ, нүүр царай зэрэг нь бүрмөсөн арилсан байгаа ажээ. Тиймээс танихын тулд ДНХ шинжилгээ хийхээс өөр аргагүй болоод байгааг мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

 

Дэлбэрэлтийн дараа маш богино хугацаанд Цельсийн 700 градусын халуун хайлмаг урсан ирж тосгодын гудамж замуудыг дүүргэсэн тул иргэд зугтах боломжгүй болжээ.

Үүний дараа үнс нурам, хад чулуу устай холилдон тосгодын дээрээс буусан байна. Галт уулын тогооноос 12 км радиус дотор байрладаг Лос Лотес, Эл Родео зэрэг тосгонууд хамгийн их хохирчээ. 

Өчигдөр Гватемал улсын ерөнхийлөгч Жимми Моралез гамшигт өртсөн газруудтай биечлэн танилцсан байна. Нисдэг тэргээр хашигдсан тосгодоос 10 орчим хүнийг аварч чадсан гэнэ. Нийтдээ 3,265 хүнийг галт уулын бүсээс нүүлгэн шилжүүлжээ.

 

Эх сурвалж: Associated Press