Хүүхэд бүрийн хувьд дэлгүүр, супермаркетуудад ороод гарахад хамгийн сэтгэл сэргээсэн хэсэг нь кассанд дугаарлаж, төлбөр тооцоо хийх үе байдаг.
Энэ хэсэгт өнгө өнгийн чихэр, шоколад тавиур дээр алаглаж байдаг ба эцэг эхийгээ тооцоо хийхээр мунгинаж байх хооронд дуртай амттанаа шүүрч, тооцоонд нэмүүлэх боломж гардаг байна.
Их Британид дэлгүүрийн энэ хэсгийг “guilt lane” хэмээн нэрлэдэг гэнэ. Тэгвэл тус улсын эрх баригчид дэлгүүр, супермаркетуудад ингэж чихэр, амттанаар хүүхдүүдийг уруу татах явдлыг хориглох тухай ярьж эхэлснийг Telegraph сонин мэдээлжээ.
Британий эрүүл мэндийн сайд Жереми Хант тус улсын хүүхдүүдийн таргалалтыг бууруулах, өвчлөлтэй тэмцэх олон арга хэмжээ төлөвлөж байгаагийн нэг нь энэ болж байгаа гэнэ.
Үүнээс гадна 2020 оноос эхлэн Британид оройн 9:00 цагаас өмнө телевизийн сувгуудаар чихэрлэг, давслаг хүнсний сурталчилгаа явуулахыг хориглохоор болсон юм.
Засгийн газрын тоо баримтад өгүүлснээр Британий 10-11 насны таван хүүхэд тутмын нэг нь таргалалттай гэсэн тоо бий. Зөвхөн Британид биш, бүр 1980 оноос хойш Канадын Квебек муж 13 хүртэл насны хүүхдэд түргэн хоолыг хэвлэмэл болон цахим хэлбэрээр сурталчлахыг хориглосон юм.
Үүний үр дүнд Квебекийн айл өрхүүдийн түргэн хоол худалдаж авах хэмжээ 13 хувиар буурсныг 2011 оны судалгаа баталж байжээ.
Мөн Чили, Исланд, Ирланд, Мексик зэрэг дэлхийн олон улс түргэн хоолыг хүүхдэд сурталчлахыг хориглоод байгааг 2017 оны судалгааны тайланд дурдсан байна.
Эх сурвалж: Quartz
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!