Pew Research Center байгууллагын сүүлд хийсэн судалгаагаар Америкийн өсвөр үеийнхэн олноор Фэйсбүүк сүлжээг орхиж, оронд нь Snapchat, Instagram зэрэг сошиал сүлжээ рүү шилжиж байгаа нь харагджээ.
Судалгаанд оролцсон 13-17 насны залуусын дөнгөж 51 хувь нь Фэйсбүүк сүлжээг ашигладаг гэж хариулсан байна.
Pew Research 2015 онд ийм судалгаа хийхэд энэ насныхны 71 хувь нь Фэйсбүүкийг ашигладаг байсан юм. Харин саяын судалгаагаар өсвөр үеийнхний 85 хувь нь YouTube, 72 хувь нь Instagram, 69 хувь нь Snapchat сүлжээг ашигладаг гэж хариулжээ.
2015 онд тэдний 52 хувь Instagram, 41 хувь Snapchat ашигладаг байсан байна. Тухайн үед YouTube-ийг судалгаанд оруулж байгаагүй гэнэ.
Өөр нэг сонирхолтой баримт нь бага орлоготой өрхүүдийн өсвөр насныхан Фэйсбүүкийг илүү өргөн ашиглаж байгаа нь сүүлийн судалгаагаар илэрсэн байна. Тухайлбал жилийн орлого нь $30,000 хүрдэггүй айлуудын хүүхдүүдийн 70 хувь энэ сүлжээг ашигласан хэвээр байгаа бол жилийн $75,000-аас дээш орлоготой өрхүүдийн хүүхдүүдийн 36 хувь ашиглаж байгаа нь харагджээ.
Аль сошиал сүлжээг хамгийн их ашигладаг болохыг асуухад өсвөр насны интернэт хэрэглэгчдийн дөнгөж 10 хувь нь Фэйсбүүк гэсэн бол 35 хувь нь Snapchat, 32 хувь нь YouTube, 15 хувь нь Instagram гэж хариулсан байна. Фэйсбүүк компанийн эзэмшдэг Instagram энэ удаа бас хамгийн муу үзүүлэлттэй байжээ.
Хүйсээр нь харьцуулбал охидын 42 хувь Snapchat-ийг (хөвгүүдийн 29 хувь) гол хэрэглээгээ гэж үзсэн бол хөвгүүдийн 39 хувь нь YouTube (охидын 25 хувь) гэж хариулсан байна.
Арьс өнгөөр нь харвал хар арьст хүүхдүүдийн хамгийн гол хэрэглээ Фэйсбүүк (26 хувь) бол цагаан арьстнууд Snapchat-ийг (41 хувь) гол сошиал хэрэглээгээ гэж хариулжээ.
Харин Snapchat хар арьстнуудаас 29 хувь, латин гаралтнуудаас 23 хувийн санал авсан байна.
Мөн өсвөр үеийнхний 73 хувь 2015 онд ухаалаг гар утастай байсан бол өнөөдөр 95 хувь нь хэрэглэдэг болсныг Pew Research-ийн судалгаа харуулжээ. Бас 2015 онд тэдний 24 хувь нь интернэтийг тогтмол ашигладаг гэж хариулсан бол өнөөдөр энэ хувь 45 болж, бараг хоёр дахин өссөн байна.
Хэдийгээр өсвөр үеийнхний дунд хандлага ийм байгаа ч Фэйсбүүк өнөөдөр дэлхий даяар 2.2 тэрбум хэрэглэгчтэй, хамгийн том сошиал сүлжээ хэвээр байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!