Германы баруун хэсэгт орсон ширүүн борооны дараа үерт автсан амьтны хүрээлэнгээс хоёр бар, хоёр арслан, нэг ирвэс, нийтдээ таван аварга биет муурын төрлийн араатан Баасан гарагт торноосоо зугтжээ. Хэдэн цагийн дараа тэднийг барьж, торонд нь буцаан оруулж чадсан байна.
Люксембургийн хилийн ойролцоох Люнебах хотын иргэдийг өчигдөр гэрээсээ гарахгүй, хаалга, цонхоо хаалттай байлгахыг анхааруулж байв.
Тус хүрээлэнгээс оргосон бас нэг аварга биетэн болох баавгайг орон нутгийн эрх баригчид буудаж хөнөөжээ.
Шөнөжин орсон ширүүн бороо голын сав дагуу байрладаг Эйфел нэртэй хувийн амьтны хүрээлэнг үерт автуулсан юм байна.
Гэхдээ торноосоо суллагдсан амьтад тус хүрээлэнгийн 30 га газраас холдоогүй болохыг дроноор эрэн сурвалжилж тогтоожээ.
Онцгой байдлын албаныхан, гал сөнөөгчид араатнуудыг авлах ажилд оролцсон байна. Уолпоттын гэр бүлийнхний эзэмшдэг Эйфел амьтны хүрээлэн нийт 400 орчим амьтантай. Тэдгээрийн дотор Сибирийн ховор бар багтдаг байна.
Хоёр жилийн өмнө зүүн Германы Лэйпциг хотын амьтны хүрээлэнгээс хоёр арслан тороо эвдэн зугтаж байжээ. Тэдний нэгийг буудан хөнөөж, нөгөөг нь буцаан торонд нь оруулж чадсан байна.
2015 онд Дуйсбург хотын хүрээлэнгээс зугтсан нэг орангутанг мичийг, 2017 онд Оснабрук хотын хүрээлнгээс оргосон нэг баавгайг тус тус буудан хөнөөж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!