Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанд сураггүй болсон Зөвлөлтийн нисгэгч 30 жилийн дараа олджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 30 гаруй жилийн өмнө Афганистанд Зөвлөлт Холбоот Улсын явуулж байсан байлдааны ажиллагааны үеэр онгоц нь буудуулж унаад сураггүй болсон орос нисгэгч амьд байгааг саяхан илрүүлжээ.

Оросын Ахмад дайчдын холбооны тэргүүн Валерий Востротин “Тэр амьд байна. Тун гайхмаар хэрэг. Одоо тэр тусламж хүсэж байна” гэж Баасан гарагт РИА Новости агентлагт ярьсан байна.

Тэр дайны үеийн олзлогдогсод, сураггүй болсон цэргүүдийн хувь заяаг тодруулах зорилготой ОХУ-АНУ-ын хамтарсан зөвлөлийн Оросын талыг тэргүүлж байгаа юм.

Аюулгүй байдлын үүднээс нисгэгчийн нэрийг нууцалж байгаагаа Востротин тайлбарлажээ. 1987 онд буудуулж сүйрсэн онгоцны нисгэгч одоо 60 гаруй настай хүн Пакистан дахь Афган дүрвэгчдийн хуаранд байгаа гэнэ.

Тэр одоо эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлж байгааг Востротин ярьж байна. РИА Новостигийн мэдээлснээр 1979-1989 оны хооронд болсон дайнд Афганистанд Зөвлөлтийн 125 онгоц буудуулж унасан ажээ.

1989 онд ЗХУ Афганаас цэргээ гаргахад 300 орчим цэрэг сураггүй алга болсонд тооцогдож байсан гэнэ.

Тэр цагаас хойш 30 цэрэг олдож, ихэнх нь эх орондоо эргэж иржээ.

Сураггүй болсон нисгэгчдээс одоогоор мэдэгдэж байгаа нь 1987 онд онгоцтойгоо сүйрсэн Сергей Пантелюк юм. Оросын өмнөд хэсгийн Ростов нутгаас гаралтай Пантелюк одоо Афганистанд амьдарч байгаа ба түүний эх, эгч нар, бас сураггүй болохоос нь хэдхэн сарын өмнө мэндэлсэн охин нь 31 настай эсэн мэнд байгааг хэвлэлүүд тодруулж байжээ.

Афганд үлдсэн ахмад дайчид орос хэлээ мартан, нэрээ сольж, нутаг орондоо дассаны улмаас эргэж харих боломжгүй болсон байдаг гэнэ.

Тэдгээрийн нэг Бахретдин Хакимовтой 2015 онд AFP агентлаг ярилцлага хийж байжээ. Тулаанд хүнд шархдсан түүнийг нутгийн иргэд асарч сувилан хөл дээр нь босгосон тул Исламын шашинд орж, Афганд амьдрахаар шийдсэн байна. Хакимов “Афганчууд маш сайхан сэтгэлтэй, зочломтгой хүмүүс тул бид энд үлдэхээр шийдсэн юм” гэж ярьж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian