Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Тэгшбаяр: Наршсан хүүхдийг хүйтэн усанд оруулах нь буруу

Б.Үлэмжсаран, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 31
Үндэсний шуудан
Зураг зураг

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах төлөвтэй байгаа.

Тиймээс наршилтаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Гамшиг онцгой байдлын үеийн болон түргэн тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш. Тэгшбаяраас тодрууллаа.

-Баярын өдрүүдэд хүмүүст эрүүл мэндийн ямар хүндрэлүүд тулгардаг вэ?

-Хүүхдийн баярын өдөр хэт халах цаг агаарын урьдчилсан мэдээ ирсэн байна. Энэ үеэр эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай болон бусад дүүргүүдэд болж буй арга хэмжээнүүдэд оролцдог.

Хэт халснаар нарших, даралт ихсэх, зүрх судасны өвчлөл ихэсдэг. Наршихаас сэргийлэх зөвлөмж Нийгмийн эрүүл мэндийн газраас гаргасан. Эцэг эх, асран хамгаалагчид нь бага насны хүүхдээ машинд унтуулж орхидог Машинд нарны тусгал шууд тусахгүй ч гэсэн дулааны цохилт өгдөг учир нарших нөхцөл болдог.

-Наршихаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Нэн тэргүүнд нарны малгай өмсгөх, малгайг нь үргэлж чийглэж байлгах, нарны шил зүүх, шүхэр хэрэглэх зэрэг аргуудыг хэрэглэхээс гадна цэвэр ус, хярам, хар цай зэргийг бага багаар ойр ойрхон уулгах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүддээ шингэн зүйл уулгахаараа газтай, чихэртэй ундаанууд өгдөг.

Эдгээр нь заримдаа шингэн алдалтыг үүсгэдэг сөрөг нөлөөтэй. Мөн цайвар өнгөтэй, бие бариагүй, сул чөлөөтэй хувцас өмсөх, хурц наранд явахаас зайлсхийж сүүдэрт байх, өөрсдөө хүйтэн ус, шүршүүрт орох, хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг арга хэмжээ авч чадвал наршихаас хамгаалж чадна.

-Наршсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Энэ үед зүрх дэлсэх, амьсгаадах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, бие сулрах, царай цонхийж, арьс хүйтэн чийглэг болох, хүүхэд уурлаж, уцаарлаж тайван бус болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

-Наршсан үед ямар арга хэмжээ авах вэ?

-Хамгийн түрүүнд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Эцэг эхийн зүгээс авч байх арга хэмжээ нь аль болох сэрүүн, салхитай өрөөнд байлгах, нойтон алчуур толгойд нь тавих, хувцсыг нь тайлаад суга, цавь, шанаа, дагз зэрэг том судаснууд байрладаг хэсгүүдэд хүйтэн жин тавих, түүнийгээ ойр ойрхон солих, шингэн зүйл уулгах зэрэг арга хэмжээ авна. Наршсан хүнийг хүйтэн усанд оруулдаг явдал бий. Харин ч эсрэгээрээ хүйтэн усанд оруулж болохгүй. Энэ нь маш буруу ойлголт юм.

Зураг