Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Парисын “хүн аалз” дөрвөн давхрын тагтнаас дүүжлэгдсэн хүүг аварчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Уг явдал Бямба гарагийн оройн 8:00 цагийн үед Парисын 18 дугаар дүүрэгт болжээ.

Орон сууцны дөрвөн давхрын тагтнаас дөрвөн настай хүү дүүжлэгдсэн байхыг хүмүүс харж, гал сөнөөгчдийг дуудаад байв. Энэ үед хөрш айлын тагтнаас нэгэн хүн хүүгийн гараас зуурч, тогтоож байжээ. Гэтэл Мамуду Гассама гэгч эр хүмүүсийн дундаас гэнэт гарч ирээд байрны нэг давхраас эхлэн хэдхэн секундын дотор авирч хүүд хүрээд аварсан байна.

Түүний энэхүү баатарлаг үйлсийн дүрс бичлэгийг хүмүүс сошиал сүлжээнд олон сая удаа үзэж, ардын баатарт өргөмжлөөд байгаа юм.

Хүүг аварсан хойно гал сөнөөгчдийн баг иржээ. 22 настай Гассама нь Африкийн Мали улсаас ирсэн цагаач юм байна

Тэрээр хүүг авраад гэрт нь орж ирсэн хойноо бүх бие нь салгалж, хөл дээрээ тогтож чадахгүй байснаа хэвлэлд ярьсан байна.

 

Парис хотын дарга Анна Идальго “хүн аалз”-ын баатарлаг үйлсийг магтаж, хувиасаа талархал илэрхийлж байгаагаа твиттер хуудсанд бичжээ. “Тэр Малигаас хэдхэн сарын өмнө ирээд энд шинэ амьдралаа эхлэх гэж байгааг надад хэлсэн. Баатарлаг үйлсийг нь харж, бахархсан Парисын иргэд Францад суурьшихад нь туслана гэдэгт итгэж байгаагаа би түүнд хэлсэн” гэж тэр ярьсан байна.

Өнөөдөр буюу Даваа гарагт Гассамаг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Элиссейн ордонд хүлээж авч уулзахаар болжээ.

Тухайн үед бяцхан хүүгийн эцэг эх гэртээ байгаагүйг цагдаа нар тогтоосон байна. Хүүгийн эцэг хүүхдээ хяналт, хамгаалалтгүй орхиж явсан хэрэгт буруутгагдан шийтгүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: The Guardian