Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудыг хэлсэндээ хүрдэг болохыг л хүсэв

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Завиер Форнерис, МЭЗЧ-2018
“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл улиралд нэг удаа хуралдаж асуудлаа шийдвэрлээд явдаг байх ёстой. Тэгвэл бизнес эрхлэгчид Засгийн газрыг арбитрт дуудах биш өмнө нь шийдээд явах боломж бүрдэнэ” гэж Завиер Форнерис “МЭЗЧ-2018”-ын үеэр хэлсэн нь хэрэгжүүлж болохуйц санаачлага байлаа. 

Тэрбээр Дэлхийн Банкны Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хөрөнгө оруулалтын бодлогын асуудлыг хариуцсан тэргүүн бөгөөд “МЭЗЧ-2018”-ын “Төр, хувийн хэвшлийн диалоги ба Хамтын ажиллагаа” нээлттэй хэлэлцүүлэгт оролцох үеэрээ дээрх саналыг хэлсэн юм.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Монгол дахь Америкийн худалдааны танхимын /АмЧам/  ТУЗ-ийн дарга Стив Поттерийн хувьд “Монгол Улс хэдийгээр хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлнэ гэж тунхагласан хэдий ч бодит үр дүн алга байна. Шинээр хөрөнгө оруулалт татахын хажуугаар нэгэнт ороод ирсэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг цаашид яаж хамгаалах вэ гэдэг нь өөрөө асуултын тэмдэг болоод байна. Тиймээс механизмтай холбоотой бодит чармайлт хэрэгтэй” гэв. 

Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэхүү хэлэлцүүлэгт оролцох үеэрээ төр, хувийн хэвшлийн зөвшилцлийн механизм бий болсон нь харилцан үл ойлголцлын асуудлыг шийдвэрлэх гол арга зам гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. 

Мөн энэ үеэр "Оюу толгой" компанийн амжилт бол Монгол хүний амжилт. Энэхүү амжилтыг Монголчууд хамтдаа бүтээсэн гэдгийг Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес онцолж байсныг дурдах хэрэгтэй. 

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл 125 гаруй  гадаад, дотоодын байгууллага, хөрөнгө оруулагчдаас /үүний 52 нь гадны хөрөнгө оруулагчид/ ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. 

 
“Төр, хувийн хэвшлийн диалоги ба Хамтын ажиллагаа” нээлттэй хэлэлцүүлэг, МЭЗЧ-2018

Судлаач, эдийн засагч Б.Мөнхсоёл “МЭЗЧ-2018”-ын “Төр, хувийн хэвшлийн диалоги ба Хамтын ажиллагаа” нээлттэй хэлэлцүүлгийн модератор хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн дараа  тоймлон хэлэхдээ “Нэгэнт бий болсон Төр, хувийн хэвшлийн зөвлөл, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл гээд үүссэн механизмаа яаж байнгын, ил тод, үр дүнтэй ажилладаг бүтэц болгох вэ, итгэлцлийг хэрхэн бий болгох вэ, хэрхэн үр өгөөжтэйгээр, улс төрөөс ангид байдлаар хамтран ажиллах вэ гэх зэрэг асуудлууд хөндөгдлөө. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, УИХ-ын гишүүн Л.Болд нарын хувьд Монголын улс төр, бизнес хоёр холилдсон, ямар нэгэн шийдвэрт улс төрийн оролцоо явж байх жишээтэй гэдгийг онцолж,  өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хоригдож буй асуудал хэрхэн шийдэгдэх вэ, хөрөнгө оруулагчдыг татах, эс бөгөөс үргээхэд нөлөө байна уу гэдэг асуултыг тавьсан ч  хараахан хариулт ирсэнгүй. 

Харин ноён Завиер Форнерис нэгэнт дутмаг байгаа итгэлцлийг бий болгох, нэмэгдүүлэхийн тулд ердөө л үр дүн гаргах ёстой гэдгийг санууллаа” гэж байлаа. 

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид төдийгүй эдийн засгийн чуулганд оролцогч гадны зочид төлөөлөгчид Монголчуудыг хэлсэндээ хүрдэг болоосой гэсэн мессежийг удаа дараа өглөө.