Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мэддэг мөртлөө мэддэггүй МАНЛАЙЛАЛ

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын эдийн засгийн чуулганы хамгийн их анхаарал татсан  салбар хуралдаан Глобал шэйпэрс байгууллагаас зохион байгуулсан “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” байсан юм.

Нэг цаг гаруй үргэлжилсэн уг салбар хуралдааны үеэр танхимд сууж байгаа зочдоос гар утасны аппликейшнээр асуулт авахад нийтлэг асуулт нь үнэнийг хэлэхэд үндсэн сэдвийг ойлгохгүй байна гэсэн байв. Эндээс ажиглахад манлайлал гэх энэ үг бидэнд хэдий танил, мэддэг юм шиг мөртлөө бидний мэддэггүй сэдэв бололтой. 

Зочин илтгэгчид манлайллын талаар ийнхүү ярьж байна. 

-Та бүхэн цагийн турш хариуцлагтай манлайллын талаар ярилцлаа. Таныхаар манлайлагч гэж хэн бэ?

"Хариуцлагатай, идэвх оролцоотой, зөв хүн байх нь манлайлалд чухал"

-Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч Ш.Алтанбагана: 

 
Гэрэл зургийг mpa.mn

Бид өнөөдрийн салбар хуралдаанаар манлайлал гэж юу вэ гэдгийг тодорхойлж ярилцлаа. Ялангуяа манлайллын шинж чанарууд гэхээр л өндөр албан тушаалтай, нийгэмд нөлөөтэй, уран илтгэдэг, төрөлхийн мундаг гэдэг ч юм уу иймэрхүү хандлагууд, өрөөсгөл ойлголтууд хүмүүсийн дунд их байна.  Миний бодлоор манлайллын гурван үндсэн чанар л байна.

  • Нэгдүгээрт, манлайлагч хүн хариуцлагаа мэдэрсэн хүн байх ёстой. Ялангуяа нийгмийн өмнө, хүмүүсийн өмнөхариуцлага хүлээж чаддаг байх ёстой.
  • Хоёрдугаарт, манлайлагч хүн өөрөө их зөв хүн байх ёстой. Зөв үнэт зүйлстэй, зөв хандлагатай байх ёстой. Өөрөө зөв байхгүйгээр бусдыг манлайлах боломжгүй.
  • Гуравдугаарт, тодорхой оролцоо юм уу үйлдэл хийх ёстой. Сошиал медиад шүүмжилдэг гэхдээ өөрөө огт үйлдэл хийдэггүй, оролцдоггүй хандлага их ажиглагддаг. Нийгэмдээ бага ч гэсэн дусал хувь нэмрээ оруулах нь чухал. Хүн болгон манлайлагч болж чадна. Манлайлагч гэдэг нь өндөр түвшний цөөхөн хүнд хамаатай ойлголт биш. Хүн болгонд, нас насныханд, аль ч мэргэжилд, ниймийн аль ч бүлэгт хүн манлайлагч болж чадна.

Хамгийн гол нь тэр дундаас асуудлаа олж харж, зөвхөн өөрийнхөө санааг хэлэх биш шийдлээ санал болгодог, багыг ч гэсэн өөрөө үр дүн гаргаж өөрчилдөг хүн бол манлайлагч мөн. 

"Хэлсэндээ хүрдэг байх нь хариуцлагын нэг хэлбэр"
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн А.Ундраа: 

Манлайлал нь тодорхой хувь хүний хувьд зөв гэж бодож байгаа зүйлийн араас тууштай зүтгэж,  зоригтойгоор үнэт зүйлээ мэдэж, зорьж ажиллах явдал юм. Хэрэв олон нийтийн эрх ашгийн төлөө манлайлж байвал нийтийн эрх ашгийг өөрийнхөөсөө тэргүүнд тавьж чаддаг байх нь чухал. Өөрөөр хэлбэл, хувиа хичээх үзлийн эсрэг нийтийн төлөө явж чаддаг, өөрөөсөө давж өрөөлийн тусын тулд явах чадварыг, өгөөмөр байхыг би хувьдаа манлайлал гэж харж байна.  

Хэлсэндээ хүрдэг байх нь хариуцлагын нэг хэлбэр байх ёстой. Аливаа ажлыг хийнэ гэж амалж, ямар зүйлийг хариуцна гэж үүрэг хүлээсэн л бол тэрэндээ эзэн болоод, өөрийнхөө төлөө шаардагдах бүх зүйлийг хийх нь хариуцлага мөн. Хариуцлагатай байж манлайлагч болж чадна. 

"Их гоё ярьдаг, эсвэл дарга хүн манлайлагч биш"
 
Гэрэл зургийг mpa.mn

"Эм-Си-Эс холдинг" компанийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр: 

Манлайлагч гэхээр заавал удирдлага, дарга хүн байх албагүй. Манайлагч хүнд нэгдүгээрт аливааг өөрчлөх, сайжруулах, илүү сайн болгох боломж бололцоог олж хардаг чадвар чухал.

Нүдээ нээхээс өгсүүлээд эргэн тойронд юуг өөрчилж, сайжруулж болох, хийж байгаа ажлын хүрээнд яаж сайн үр дүн гаргах, сурч байгаа бол яаж одоо байгаагаасаа илүү сурч болох гэдгээр ойлгож болно. Дараа нь тодорхой төсөөлсөн зүйлээ бодит ажил болгохын тулд санаагаа бусаддаа ойлгуулж, тэдний дэмжлэгийг авах чадвар буюу бусдыг татан оролцуулах чадвар чухал.

Тэгэхээр зарим хүмүүс надад гоё санаа байсан, даанч хэн  тоогоогүй гэж хэлдэг. Энэ хүнд бусдыг татан оруулах чадвар байхгүй байна гэсэн үг. Мөн санаагаа бусаддаа ойлгуулж, дэмжлэг авлаа гэж бодоход тэрийгээ бодит ажил хэрэг болгоход хамт бүтээчих юмсан гэсэн хүсэл тэмүүлэл, урам зоригийг бусдад өгч чаддаг байх чадвар чухал.  Дээрээс нь зорилгынхоо төлөө зүтгэж явахад янз бүрийн саад бэрхшээлтэй тулгарах учраас түүнийг даван туулах, шийдвэрлэх чадвар дөрөв дэх чадвар болно.

Их гоё ярьдаг, эсвэл дарга хүн манлайлагч биш. 

Гоё боломжийг олж харж, бусдыг татан оролцуулж, дэмжлэг авч, бүгдээрээ хамтдаа бүтээчих юмсан гэсэн хүсэл тэмүүлэл, урам зоригийг бий болгож, саад бэрхшээлийг давж, бодит үр дүн гаргаж байгаа бол үүнийг үр дүнд хүрэх чадвар гэж нэрлэнэ. Эдгээр нь нэгдмэл цогц байж манлагчийг бүрдүүлж байна гэсэн үг. Тэгэхгүй бол их гоё ярьдаг, эсвэл дарга хүн манлайлагч биш юм. Хүн болгон манлайлагч болж чадна. Хүн болгонд амжилтанд хүрэх боломж байгаа шүү гэж хэлмээр байна. Тиймээс өөрөөсөө эхэл, эргэн тойрноо нүдээ нээж хар, мөн ямар боломж байна түүнийг олж хар.

"Эргэх холбоотой манлайлал - өөрчлөгдөж буй соёл дунд тэсч үлдэх манлайллын урлаг"
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Манлайлал маш энгийн зүйлээс эхлэнэ. Хүн төрөхөөс эхлээд манлайлалд суралцсан. Гэр бүлийн орчноос манлайлал эхлэнэ. Аавын харцнаас, ээжийн тэврэлтээс, анги хамт олон, их сургуулийн найз нөхөд, ажлын хамт олноос манлайлал эхлэнэ. Хүн бие хүн болж төлөвшихдөө тодорхой хэмжээний манлайллын ойлголттой болдог.

Монгол Улсын Үндсэн хуулинд байдаг “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм” гэх заалт маань эдийн засгийн хэллэг рүү оруулвал Монголын нийт хүн амын 70-аас дээш хувь нь хангалуун амьдарч, дундаж давхарга руу орох явдал гэж боддог. Манлайлал гэдэг бол миний хувьд боловсрол, өөрийгөө цагийг төлөвлөх ухаанаас эхлэх болов уу гэж бодож байна. 

Энэ жилийн эдийн засгийн  форум дээр хариуцлагын манлайлал тэр дундаа эргэх холбоо гэдэг энэ ойлголтыг оруулж ирж байгаад баяртай байна. Миний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эргэх холбоо гэх нэршлийг гаргаж ирэхийг хичээсэн. Аливаа хурал боллоо гэхэд зөвхөн юу хийх тухай ярих биш яаж хийх аргачлалаа ярьдаг, зөвхөн өнөөдрийг харах биш өчигдрийг бас дүгнэдэг энэ бүх зүйлийн соёлын өөрчлөлт бидэнд хэрэг болж байна. Нөгөө талаараа эргэх холбоотой манлайлал гэдэг бол өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй шинэ урсгал, соёл дунд хэрхэн  бид нар тэсч үлдэх вэ гэсэн бас нэгэн манлайллын урлаг болов уу гэж бодож байна. 

"БУСДЫГ ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
 
Гэрэл зургийг mpa.mn

Зориг сангийн гүйцэтгэх захирал Б.Цолмон:

Манлайллыг би эерэг өөрчлөлт гэж боддог. Манлайлагч хүн хариуцлагатай, бусдыг гэсэн чин сэтгэлтэй байх ёстой гэж бодож байна.

Хичээл сургууль, ажлынхаа хажуугаар нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрахын тулд өөрсдийн цаг зав, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зарцуулж, мөн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд сайн дураараа хүмүүнлэгийн ажилд оролцож байгаа залуусыг би хувьдаа манлайлагчид гэж боддог.


Дашрамд дурдахад, Өнгөрөгч 2017 онд Швейцарын Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулган “Responsive and Responsible Leadership” буюу "Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал"-ыг гол сэдвээ болгосон юм. Дэлхийн эдийн засаг төдийгүй нийгмийн амьдралд тодорхой бус байдал газар авч, шийдэл гарц шаардлагатай байгааг өнгөрсөн хугацаанд өрнөсөн олон гэнэтийн үйл явдлууд харуулсан.

Тухайлбал, Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсон, Их Британи улс Европын холбооноос гарсан явдлыг дурдаж болох юм. Харин энэ шилжилтийн гэж болох цаг үед манлайлагчийн үүрэг оролцоо чухал, ялангуяа хариуцлагатай, үүргээ ухамсарласан манлайлал нэн чухал болохыг 2017 оны чуулганаар онцолж байв. Мөн дэлхий тэр чигээрээ манлайлагчдын хомсдолд орж, манлайлал гэх нэр томьёог дахин эргэн харах хэрэгтэй юм байна гэсэн нэг санал дээр дэлхийн удирдагчид нэгджээ. 

Дэлхий ертөнц хариуцлагатай манлайлагчдын эрэлд гарчээ.