Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ УЛСЫН БРЭНДИНГ: Бид гадаад ертөнцөд юугаараа ижилсэж харагддаг вэ?

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Монголын эдийн засгийн чуулган-2018"-ын үеэр "Монгол Улсын брэндинг" салбар хуралдаан боллоо.

Тус хуралдааны модератороор "Бат Солюшн Партнерс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү ажилласан юм.

Уг салбар хуралдааны үеэр онцлон яригдсан асуудлуудыг хүргэж байна. 

Модератор: Монгол Улсын брэндингийг хийхэд юуг анхаарах вэ?

 
Гэрэл зургийг mpa.mn

Панелист Д.Бум-Эрдэнэ /“MMCG” Компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал/ Брэнд бүтээнэ гэдэг бол тогтсон стандарт бүхий зүйл. Үүнийг хийдэг мэргэшсэн агентлагууд байдаг. Тухайн улс юугаа брэнд болгох гэж байгаа, хаашаа чиглэх ёстой гээд бүх зүйл тодорхой байх ёстой.

Бид машиныг Германаас, дарсаа Францаас авч ууя гэж боддог. "Өвлийн хайрын дуу" гэдэг кино гарсны дараа Солонгосын кимчиний экспорт 27 хувиар өссөн гэх статистик байдаг. 

Харин бид юугаа брэнд болгож, юу зарах вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Олон улсын форматыг харж байж зорилго, зорилтоо бий болгох ёстой. Үндэсний брэндингийг бий болгоход засаглал хэр нээлттэй байгаа нь чухал нөлөөтэй. Мөн амьдрахад таатай орчинтой эсэх, аялал жуулчлалаар хэр их хүнийг татаж байна, ард түмэн нь хэр найрсаг вэ гэх зэрэг нь тухайн улс үндэсний брэндингээ хэрхэн хийж чадсаныг илтгэх гол үзүүлэлтүүд юм.

Панелист Б.Батгэрэл /Монголын үндэсний брэндийн зөвлөлийн Ажлын хэсгийн дарга/ "Үндэсний брэндийн зөвлөл 2017 онд байгуулагдсан. Дэлхий дахинд брэндийн дайн эхлээд байна. Брэнд гэдэг бол 202 улс дотроос хэрхэн ялгарахыг тодотгож өгдөг.

Дэлхий дахинд брэндийн дайн эхлээд байна.

Бид өөрсдийгөө Чингисийн Монгол, нүүдэлчин ард түмэн гэж ярьдаг. Үнэнийг хэлэхэд Чингисийн Монгол, нүүдэлчин Монгол гэдэг бол сөрөг имиж.  Дэлхийн хүн амын 80 хувь Монгол гэдэг улс байдгийг огт мэдэхгүй. Монгол гэж улс байдгийг мэддэг 20 хувийнх нь гуравны хоёр нь Өвөр Монголыг мэддэг бөгөөд үлдсэн гуравны нэг нь л Монгол Улсыг мэднэ. 

Дээрх судалгааг өнгөрсөн онд хийгээд дууссан. Тиймээс бид өөрсдийн язгуур мөн чанарыг илэрхийлэх хэрэгтэй байна. 

Мөн тэрбээр иргэдээс авсан судалгааны талаар өнгөрсөн жил Монгол Улсын гадаад болон дотоод үнэлэмж буюу бидний итгэл үнэмшил юу вэ, бид өөрсдийгөө хэрхэн үнэлдэг юм бэ гэдгийг судалсан. Нийт 380 мянган хүнийг суурь судалгаанд хамруулсан. Брэндинг бол мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил юм байна лээ. Брэндинг хийх ажил ганцхан жил биш, 3, 5, 10 жилийн дараа үр дүнгээ өгдөг.

Модератор: Монгол орон олон улсын зах зээл дээр юу гаргах вэ?

Панелист Ц.Эрдэнэбилэг /АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал/ Сүүлийн 15 жилийн хугацаанд яаж олон улсын зах зээл дээр гарах вэ, юу гаргах вэ хэмээн олон ажил хийж, томоохон хотуудад салбараа байгуулсан. Оносон ч зүйл бий, алдаа ч бас их гарсан.

Ямар ч харилцагч урт хугацааны хамтын ажиллагааг хүсдэг. Ингээд бүтээгдэхүүнээ танилцуулах гэхээр өмнө нь улсаа таниулах хэрэгтэй болдог. Яриа хэлэлцээний үеэр хөндөгдөж буй сэдвийн 80 орчим хувь нь Монголын талаар байдаг. Тиймээс Монголын талаар харьцангуй мэддэг зах зээл рүү эхэлж гаръя гэхээр Сибир, Өвөр Монголын зах зээл рүү чиглэж байна. 

Тийм учраас  эхлээд Монгол Улсыг, монгол хүнийг брэнд болгоход төвлөрч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Модератор:  Зөөлөн хүчний бодлогын талаар мэдээлэл өгөөч?

 
Гэрэл зургийг mpa.mn

Панелист Б.Батцэцэг /Гадаад харилцааны дэд сайд/ Монгол Улсад зөөлөн хүчний бодлого эрт дээр үеэс байж ирсэн. 1990-ээд оныг хүртэл зөөлөн хүчний бодлого амжилттай хэрэгжиж ирсэн гэж үздэг. Тухайн үед урлаг, соёл, спортын чиглэлээр боловсон хүчнийг гадаад орнуудад амжилттай бэлтгэж байсан. 

2016 онд Монгол Улсыг гадаадад сурталчлах үндэсний хөтөлбөрийг баталсан. Гэсэн хэдий ч санхүү, хөрөнгийн асуудлаас болоод төдийлэн үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй байна. 

Модератор: Үндэсний брэндинг сэдэвтэй хамт яригддаг нэг асуудал бол үндэсний ижилсэл. Бид гадаад ертөнцөд юугаараа ижилсэж харагддаг юм бэ?

Панелист Д.Бум-Эрдэнэ /“MMCG” Компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал/ "Эхний ээлжинд брэндинг хийхэд ямар зардал гардгийг судалсан. Топ брэндүүд хамгийн багадаа 450 сая ам.долларыг зарцуулсан байдаг юм билээ. Ийм хэмжээний зардал гаргаж, Монгол Улсын брэндингийг бий болгон хөгжүүлэх боломж бий билүү. Хэн энэ зардлыг гаргах вэ?

Бид хүссэн хүсээгүй уул уурхайгаар л мөнгө олно. Лангуун дээр шууд тавиад зарах боломжтой ганц зүйл бол ашигт малтмал. Тиймээс уул уурхайн имижээ зөв бүрдүүлээд түүнээсээ олсон мөнгөөрөө эдийн засгийн бусад салбараа солонгоруулах ёстой.

Панелист Ш.Алтанбагана /Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч/ "Одоогийн нөхцөлд онцлог болон давуу талаа тодорхойлж, дэлхий ертөнцөд юу хэрэгтэй байна гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Бид брэндингийн маш бодитой зорилготой байх ёстой. Эхний ээлжинд аялал жуулчлалын талаар гадаадад харагдах байдлаа өөрчлөх шаардлагатай.

 
Гэрэл зургийг mpa.mn
"Дэлхийд бид юу хийж өгч чадах вэ гэдгээ тодотгох л хэрэгтэй байна"

Модератор: Монгол Улсын брэндингийг хийхэд нийгмийн оролцоо юу байх вэ?

Ц.Эрдэнэбилэг: Нэг үеэ бодоход бараа бүтээгдэхүүний брэндингийг аж ахуйн нэгжүүд хийж, бий болгож байгаа. Харин монгол хүн ямар байхыг тодотгох хэрэгтэй байна. Хүний үнэ цэнийн асуудал хэтэрхий дор орсон.

Б.Батцэцэг: Зөөлөн хүчний бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг судлах хэрэгтэй байна. Үүнд улсаас тодорхой хэмжээний зардал гаргах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж, тодорхой бодлогыг бий болгох шаардлагатай.

Ш.Алтанбагана: Бодлого, бүтэц тодорхой байх хэрэгтэй байна. Гадаад ертөнц биднийг хэрхэн харж байгааг тодорхойлсон мэргэжлийн түвшний дүгнэлт хэрэгтэй. Ганц нэг сурталчилгаа, лого хийхээс огт өөр ажил яригдаж байна.

Н.Дэмбэрэл: Бид өнөөдөр хаана байгаагаа харах ёстой. Маргааш, нөгөөдөр хаана байхаа тодорхойлоод хүчээ нэгтгээд ажилах хэрэгтэй.

Б.Батгэрэл: Тууштай, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ төлөвлөгөөг Засгийн газар, төр хэрэгжүүлэхгүй. Харин иргэд хэрэгжүүлнэ. Юм оёдог 10 хүн байлаа гэж бодъё. Та нар 10-уулаа битгий эсгий углааш оёоч ээ. Өөр өөрийн хамгийн сайн чадах зүйлийг хийгээч ээ. Гаднын жуулчин Монголд буугаад хамгийн түрүүнд таарсан хүнээр л дүгнэлт хийнэ шүү дээ.

Д.Бум-Эрдэнэ: Манай дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Европ, Америк руу зарах гээд явж явж, сүүлдээ хоёр хөршдөө бүтээгдэхүүнээ зарах болж байх шиг байна. Улс гэдэг бол хүн. Дэлхийд бид юу хийж өгч чадах вэ гэдгээ тодотгох л хэрэгтэй байна.