Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тайланд улс аялал жуулчлалын чиглэлээр хуримтлуулсан туршлагаа Монголд нэвтрүүлэхээр боллоо

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TICA), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ.

2.5 жилийн хугацаатай хэрэгжих уг төсөл 450,000-500,000 еврогийн санхүүжилттэй. Үүний 200,000 мянган еврог Германы Засгийн газар, 200,000 еврог Тайландын Засгийн газар, 50,000 еврог Монгол Улсын Засгийн газраас гаргаж, санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
 
Гэрэл зургийг mpa.mn

Төслийн үндсэн хэрэгжүүлэгч Үндэсний хөгжлийн газрын Бүс нутаг, хот байгуулалтын асуудал хариуцсан зөвлөх С.Намжилмаа “Аялал жуулчлалаар бүс нутагтаа төдийгүүй дэлхийд тэргүүлж буй Тайланд улстай хамтарч ажиллах нь бидэнд маш том боломж гэж харж байна. 

“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төсөл нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжинэ. 

Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал гэдэг нь уламжлалт, аж ахуйгаа эрхлэн аж төрж буй иргэд түүнийгээ жуулчдад үзүүлж, орлогоо нэмэгдүүлэх юм. Энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлснээр мартагдаж байсан уламжлалт соёл, ахуй сэргэдэг гэдгийг олон улсын туршлагаас харж болохоор байгаа юм” хэмээн ярилаа.

Энэхүү төслийг Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх юм байна.  Дээрх гурван аймагт хэрэгжүүлсэн төслийг бусад аймгуудад загвар болгон хэрэгжүүлэх боломжтой аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал “Манай аймгийн хувьд аялал жуулчлалын салбар төдийлөн хөгжөөгүй.  Тиймээс уг төслийг маш том боломж гэж харж байгаа. 

Баянхонгор аймгийн хэмжээнд хоёрхон жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж, жилд 200-300 жуулчин хүлээж авч байгаа.

Харин манай аймагт хүний үүсэлтэй холбоотой түүхэн дурсгалууд, байгалийн өвөрмөц тогтоц, эмчилгээний аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой рашаанууд, уламжлалт ахуйгаараа аж төрж буй малчин иргэд гээд аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломж бий” гэв.

Тайланд Улс өмнө нь өөрийн хөрш Вьетнам, Камбож, Лаос, Мьянмар, Тимор-Лесте орнуудтай хамтран гурван талт хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж байжээ.  Энэ удаа Монгол Улсыг сонгон хэрэгжүүлж байгаа нь тус хөтөлбөрийн хувьд эх газар байршилтай улстай хамтран хэрэгжүүлж байгаа анхны тохиолдол юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар TICA-ийн Дэд захирал Банчон АморнчевинТайландын аялал жуулчлалын чиглэлээр хуримтлуулсан туршлага, олот амжилт, давуу талыг Монгол Улстай хуваалцах болсондоо баяртай байна.

Өнгөрсөн жил Тайланд улс 35 сая жуулчин хүлээн авсан. Жуулчдын хамгийн их сонирхол татсан газраар Бангкок тодроод байгаа. Олон улсын  жуулчдыг татах чадвараараа Бангкок дэлхийд тэргүүлж байгаа бол Лондон удаалж байна. 

Бид энэ амжилтад хэрхэн хүрсэн талаар туршлага төдийгүй, алдаа нь юу байсан гээд бүгдийг хуваалцах болно” хэмээн ярилаа.

Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TICA) нь төслийн арга зүй, менежмент, чадавх бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна.

Харин GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр GIZ ба TICA болон Тайландын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд төслийн өдөр тутмын үйл ажиллагааг Монгол Улсад бүрэн хариуцах аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тус төслийн хүрээнд: 

  • Аялал жуулчлалын байгальд ээлтэй бүтээгдэхүүн болон үнэ цэнийн сүлжээг Монгол Улсын 3 аймагт бий болгох, 
  • Аялал жуулчлалтай холбоотой үйлчилгээг хөгжүүлэх, маркетинг хөгжүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, 
  • Орон нутгийн болон аймгийн засаг захиргааны аялал жуулчлалын төлөвлөлт, аялал жуучлалын чиглэлийн менежментийг сайжруулахад дэмжпэг үзүүлэх,
  • Аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээг үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.