Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шуурхай хэрэгжүүлэхээр тохирлоо"

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-26 өдрүүдэд Энэтхэг Улсын Гадаад Хэргийн сайд Сүшма Свараж манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь хатагтай Сүшма Сваражийн Монгол Улсад хийж буй анхны айлчлал, төдийгүй Энэтхэг Улсын Гадаад Хэргийн Сайдын сүүлийн 42 жилд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатарын хамт Энэтхэг-Монголын хамтарсан Зөвлөлдөх Хорооны хурлыг даргалж ажиллалаа. Уг хорооны хурал нь өндөр түвшний хоёр талт зөвлөлдөх механизм болон хоёр улсын хамтын ажиллагааны өргөн хүрээ бүхий асуудлуудыг хэлэлцдэг аж. Энэхүү хурлыг хамгийн сүүлд 2016 онд Энэтхэг улсын Шинэ Дэли хотноо зохион байгуулж байжээ.

Энэ удаагийн хурлаар хоёр орны гадаад харилцааны сайд нар улс төр, стратеги, худалдаа эдийн засаг, соёл урлаг ба боловсролын салбаруудад хамтран ажиллах талаар хэлэлцэж 2015 оны 5 сард Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд зарлагдсан хэд хэдэн төслүүдийн явцтай танилцлаа.

Хоёр тал цаашид дараах эрчим хүч, худалдаа эдийн засаг, цахим аюулгүй байдал, хүчин чадал нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжил, үйлчилгээ, эм зүй, мэдээллийн технологи, боловсрол ба бусад салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. 

Хурлын дараа хоёр улсын Гадаад хэргийн сайд хуралдааны протоколд гарын үсэг зурж, мэдээлэл хийлээ.

"Жил бүр Монголын 10 сэтгүүлчийг Энэтхэг улстай танилцуулах хөтөлбөр зохион байгуулна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар "Энэтхэг Улс манай улсын чухал гуравдагч хөрш. Бид стратегийн түнш улсуудын хувьд хоёр талын харилцааг хөгжүүлэхийн сацуу олон улс, бүс нутгийн талбарт бие биеэ дэмжсэн нягт хамтын ажиллагаагаа цаашид улам бэхжүүлэхээр боллоо.

Монгол-Энэтхэгийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа манай стратегийн түншлэлийн хэсгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бид Монгол-Энэтхэгийн нүүдэлчин зан хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлж, Энэтхэгийн тал энхийг дэмжих ажиллагааны "Хааны эрэлд" олон улсын сургуулилтад үргэлжлүүлэн оролцохоор ярилцлаа. Хил хамгаалахын чиглэлд манай холбогдох байгууллагууд үр дүнтэй хамтран ажиллаж байгааг сайшааж, цаашид энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо. 

Монгол-Энэтхэгийн стратегийн түншлэлийн эдийн засгийн салбарт өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцлоо. Худалдааг тэлэх, нэн ялангуяа манай экспортыг өсгөх шаардлага байгааг тэмдэглэж, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг хоёр талаас дэмжиж, худалдааны яармаг, бизнес форумуудыг ойр ойрхон зохион байгуулахаар ярилцлаа. 

Энэтхэг улсын нэг тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шуурхай чанартай хэрэгжүүлж, энэ хүрээнд ойрын үед нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хийхээр тохирлоо.

Монгол-Энэтхэгийн холбогдох байгууллага яамдын хамтын ажиллагаа, ажил хэргийн хэлхээ холбоог өргөжүүлэхээр ярилцаж байна. Тухайлбал, Гадаад яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах, уул уурхайн салбарын экспертүүдийн төвшний хэлхээ холбоог идэвхжүүлэхээр тохирлоо. 

Энэтхэгийн Засгийн газар Монгол оюутан залуус, төрийн албан хаагчдад тэтгэлэг олгох зэргээр хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд үр дүнтэй хувь нэмэр оруулж байгаа. Монголын залуу дипломатуудыг олон улсын эрх зүйн чиглэлээр сургах тал дээр Энэтхэгийн тал дэмжлэг үзүүлэхээр ярьж байна. 

Мэдээлэл-технологийн салбарт хоёр тал хамтран ажиллах замын зураг гаргахаар тохиролцлоо. Түүнчлэн, эрхэмсэг хатагтай сайд Монголын сэтгүүлчдийг сургах тал дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Жил бүр Монголын 10 сэтгүүлчийг Энэтхэг улстай танилцуулах хөтөлбөр зохион байгуулахын сацуу хэвлэл мэдээлэл хоорондын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийллээ. Мөн кино урлаг, телевизийн чиглэлээр хамтран ажиллахаа санал солилцлоо. Талууд эрүүл мэндийн салбарт, тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр ярилцлаа. 

Эдгээр болон хамтарсан хорооны үеэр ярьж тохирсон ажлуудыг эрхэмсэг Гадаад хэргийн сайд Сүшма Сваражтай цаашид ч хамтран хэрэгжүүлэхдээ бид баяртай байх болно. Энэ дашрамд хэлэхэд, Монгол-Энэтхэгийн хоорондын стратегийн түншлэл нь гүн утга агуулгатай, он удаан жилээр тогтсон харилцаа юм" гэв.

"Бид хамтын ажиллагаагаа цаашид олон чиглэлээр өргөжүүлэн, хөгжүүлэх бололцоотой"
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэтхэг Улсын Гадаад Хэргийн сайд Сүшма Свараж “Энэ бол танай гайхамшигт оронд хийж буй миний анхны айлчлал юм. Мөн Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар биднийг хүлээж авч байгаад талархал илэрхийлье. 

Энэ удаагийн айлчлал бол 42 жилийн дараа Монгол Улсад хийгдэж буй гэдгээрээ онцлог. Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, албан ёсны айлчлал, гэрээ хэлэлцээрийг ойр ойрхон хийнэ гэдэгт итгэж байна. 

Монгол Улс нь Энэтхэг Улсын хувьд стратегийн түнш бөгөөд оюун санааны томоохон хөрш орон гэж бид боддог. Бидний хамт өнгөрүүлсэн олон жилүүдийн түүхийг харахад ийм байдаг. Тухайлбал, Энэтхэгчүүд Монголчуудыг эр зоригтой хаад ноёд, мөн буддын шашны хүчирхэг өв уламжлалаар нь төсөөлдөг. 

Өнөөдөр Д.Цогтбаатар сайд бид хоёр цаашдын хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцэж ярилцлаа. Бид хамтын ажиллагаагаа цаашид олон чиглэлээр өргөжүүлэн, хөгжүүлэх бололцоо ирсэн гэж үзэж байна” хэмээн ярилаа.