Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Avicii богино наслахдаа асар их хэмжээний орлого олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дэнс хөгжмийн анхдагч гэгддэг Тим Бэрглинг буюу Avicii өнгөрсөн Баасан гарагт 28 насандаа таалал төгссөн билээ.

Түүний богино хугацаанд алдаршсан нь дэлхий нийтээр EDM (Electronic Dance Music) төрлийн хөгжимд татагдах болсон, бас цомогоос илүүтэйгээр онлайн стриминг, амьд тоглолтууд хөгжмийн салбарын голлох орлогын эх үүсвэр болж эхэлсэнтэй холбоотой.

Avicii-гийн 2011 оны хит “Levels” нь залуу одыг дэлхийн тавцанд гаргасан бол 2013 оны “Wake Me Up” дуу нь Spotify стриминг сүлжээний түүхэнд хамгийн их сонсогдсон бүтээл болж байв.

Олон Улсын Хөгжмийн Чуулган байгууллагын гаргасан тоо баримтаар бол EDM хөгжмийн салбарын орлого 2014 онд 40 хувиар өссөн байна. Тэр цагаас хойш өсөлт нь удааширсан ч хамгийн сүүлийн байдлаар $7.4 тэрбумын орлоготой салбар болоод байгаа юм.

Алдар хүндийн оргил үедээ буюу 2014 онд Avicii $28 саяыг олсныг Форбс сэтгүүл мэдээлж, тухайн жилдээ дэлхийн топ DJ нараас Кэлвин Харрис, Дэвит Гетта нарын дараа орлогоороо гуравт бичигдэж байгааг харуулж байв.

Тухайн үед топ DJ нар томоохон клуб, наадмууд дээр бүтээлээ зургаан оронтой тоогоор үнэлж тоглодог байжээ. 2012-2016 онд буюу хамгийн идэвхтэй ажиллаж байх үедээ Avicii нийтдээ $90 сая орчмыг олсон байдаг. 

Гэвч эрүүл мэндийн доройтол, согтууруулах ундааны хэт хэрэглээнээс шалтгаалан тэр 2016 оноос эхлэн амьд тоглолт хийхээ больсон юм.

Тухайн үед Avicii “Би өөрийгөө дэлхийг тойрон аялж, уран бүтээлээ толилуулах заяатай хүн гэдгээ мэднэ. Гэвч уран бүтээлчээс гадна хувь хүний минь амьдралд хэт бага орон зай үлдээд байна” гэж фэнүүддээ хандан бичиж байжээ.

Ийнхүү амьд тоглолтын тайзнаас бууснаар түүний нэр Форбсийн жагсаалтаас ч буусан юм.

Аялан тоглолтоо зогсоосныхоо дараахан Биллбоард сэтгүүлд ярихдаа Avicii “Өнгөрсөн амьдралаа эргээд харахад: Хөөх, би энэ бүгдийг хийсэн гэж үү? гэж хэлмээр санагддаг. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан мэдрэмж байсан. Гэхдээ маш их стресс, сэтгэлийн зовлонгийн үнээр олдсон зүйл” хэмээн хэлж байжээ.

 

Эх сурвалж: Quartz

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.