Хайнань арлыг Азийн Хавай болгох зорилтын хүрээнд Хятадын засгийн газар дэлхийн 59 орны иргэдэд визгүй зорчих эрх олгох болсноо өчигдөр зарлалаа.
Тавдугаар сарын 1-нээс эхлээд АНУ, Их Британи, Канад болон Ази, Европын олон орны иргэд зөвхөн Хайнань аралд 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болж байна.
Уг жагсаалтад ороогүй улсууд нь Африк тив бүхэлдээ, Энэтхэг, Ойрх Дорнодын орнууд, Бразил, Аргентин, Чилиэс бусад Өмнөд Америкийн орнууд, АСЕАН-ий орнуудаас Вьетнам, Лаос, Камбож улсууд байна.
Үүнээс өмнө 2000 оноос эхлэн 21 орны бүлэг жуулчдад 14 хоног визгүй зорчих эрх олгодог болсон юм. Тэгвэл шинэ журам ганцаар аялж байгаа жуулчдад илүү урт хугацааны виз олгодог болж байгаа ажээ.
Өмнөд Хятадын тэнгисийн баруун хойд хэсэгт орших 35,000 км.кв газар нутагтай Хайнань арлыг Хятадын эрх баригчид олон улсын аялал жуулчлалын чухал төв болгох гэж удаан хугацаанд хичээж байгаа.
Өнгөрсөн онд тус аралд ирсэн гадны иргэдийн тоо анх удаа нэг саяын босгыг давсан байна. Энэ нь 2017 онд Хайнаньд ирсэн Хятадын дотоодын 60 сая жуулчны 1.6 хувь л болж байгаа юм.
Гэтэл Хайнаний газар нутгийн зургааны нэгтэй тэнцүү Бали аралд өнгөрсөн онд 5 сая гадаадын жуулчин ирсэн байна.
Саяхан Ши Жиньпин Хайнанийг олон улсын аялал жуулчлалын төв, чөлөөт худалдааны боомт болгохоо зарласан. Тэр өмнөх удирдагч нарын алдааг давталгүй, энэ удаа Хайнанийг жинхэнээсээ “Азийн Хавай” болгох зорилт тавьжээ.
2017 онд Хайнаний дотоодын нийт бүтээгдэхүүн 446.3 тэрбум юань ($70.9 тэрбум) хүрснийг засгийн газрын тоо баримтад мэдээлж байв.
Үүнээс гадаад, дотоодын аялал жуулчлалын орлого нь 81.2 тэрбум юань байжээ.
Гэвч 2017 он хүртэл сүүлийн таван жилд тус арал $10 тэрбумын гадаадын хөрөнгө оруулалт татсан нь нийт Хятадын хэмжээнд 1.5 хувийг эзэлж байгаа нь чамлалтай үр дүнд тооцогдож байна.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!